О.Баасанхүү: Ерөнхий сайд өөрөөсөө эхэлж хангамжаасаа татгалзах ёстой
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү
2015.01.07

О.Баасанхүү: Ерөнхий сайд өөрөөсөө эхэлж хангамжаасаа татгалзах ёстой

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаармэдээлэл хийлээ. Энэ үеэр О.Баасанхүү гишүүнээс 2015 оны төсвийн тодотгол болон эмнэлгийн барилгын талаар зарим зүйлийг тодрууллаа.

- Энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх гэж байна. Таны хувьд ямархуу төсвийн тодотгол орж ирсэн гэж бодож байна вэ?

- Өнөөдөр төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Уг тодотголоор 905 тэрбумын алдагдлыг нөхөхын тулд ард түмэн бүсээ чангалах хэрэгтэй болоод байна. Оюутнууд тэтгэлэг, ахмадууд тэтгэвэр, хүүхдүүд халамж, ээжүүд одонгийнхоо мөнгөөс татгалзах юм болоод байна. Энэ бол том төрөөс тэнэг төр рүү шилжих алхам гэж үзэж байна.

Учир нь манай улс 1.5 тэрбумын бонд авсан. Тэр бондын зарцуулалт хамгийн багаар бодоход200 сая доллар буюу 400-500 тэрбум төгрөгийг маш хариуцлагагүй зарцуулсанбайна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хүртэл энэ асуудлыг ярьсан.

Тухайн үедээ бондын зарцуулалтын талаар шалгалт хийнэ гэж ярьчихаад одоо болтол таг чимээгүй байна. Тэгэхээр үүнийг бид гаргаж ирж, төсийн алдагдлын 905 тэрбумыг нөхөж, одонтой ээжүүд, хүүхдүүдийнхээ мөнгийг өгөх хэрэгтэй. Гавьяа байгуулсан хүнд одон өгдөг. Энэ бол гавьяаных нь шагнал. Гавьяанд нь зориулсан шагналаасаа татгалзаж байгаа бол одонг нь хураах хэрэгтэй. Мөн оюутны тэтгэмжийг онц сурсан хүмүүст нь өгнө гэж ярьж байна.

2015 онд 68 тэрбум төгрөгийг оюутны тэтгэлэгт зориулан тусгасан байсан. Жилд 100 гаруй тэрбумыг олгодог байсныг хэмнээд 68 болгосон. Энэ тодотголоор онц сурсан оюутанд өгье гээд 34 тэрбум төгрөг оруулж ирж байна. Баталгаатай хэлэхэд оюутнуудад нэг ч төгрөг өгөхгүй. Яагаад гэвэл Засгийн газар багш биш. Төсөв батлагдлаа, дүнг нь харахын тулд улирлын шалгалтыг нь хүлээнэ. Дүнг нь хараад шилжүүлэх үү, яах уу гэсээр байтал хавар болоод оюутнууд амраад авчихна. Намар сонгуулийн уур амьсгал орно. Тэр үед ерөөсөө мөнгөө өгье гэж шоу хийнэ. Шоу хийх зорилгоор ийм ажил хийж байгаагаас биш, оюутнуудаа бодож байгаа юм огт байхгүй.

Хэрвээ үнэхээр өгөх гэж байгаа юм бол 68 тэрбум төгрөгийг оюутнуудын сургалтын төлбөрөөс хасаач гэсэн саналт тавьж байгаа юм. Хамгийн багадаа сард 70 мянган төгрөг гэж бодвол сурч байгаа найман сарын нэг сая таван зуун мянган төгрөг болгооч.

- Эдийн засаг хүнд байгаа энэ үед олон татвар авахаар төсөвт орж ирж байна. Цомохтгол хийгээд, дээр нь татвар нэмээд байна. Энэ хямралаас гарах алхам мөн үү?

- Төсвийн алдагдлыг нөхөх олон арга бий. Ядарсан эмзэг бүлгийхнийгээ дээрэлхэх заамаар явж болохгүй. Төр хямралаас гарахын тулд мөнгө олох хэрэгтэй. Мөнгө олохын тулд гурван арга бий. Нэгдүгээрт зээл, хоёрдугаарт гадны хөрөнгө оруулалт, гуравдугаарт татвар. 

Хамгийн муу төр хамгийн хатуу татвар тавьдаг. Сайн төр зээл юм уу, гадны хөрөнгө оруулалтаар хямралаас гардаг. Зээл аваад өрөнд орно гэсэн үг биш. Төсөл хэрэгжүүлээд зээлсэн мөнгөө хурдан эргүүлж төлөх хэрэгтэй. Харамсалтай нь бид яг эсрэгээрээ яваад байна. Хэрвээ хэмнэлт хийх гэж байгаа бол Ерөнхий сайд өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Хангамжаасаа татгалзах ёстой. Түүнээс биш та нар хэмнэ би баян амьдаръя гэж хэлж болохгүй шүү дээ.

-  Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн доод талыг эрүүлжүүлэх байр болгосон. Энэ оны төсөвт буцааж эмнэлэг болгох хөрөнгө нь тусгагдсан уу?

- Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий олон улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй байхаар төлөвлөсөн.Үүний дагуу бүх ажил явагдаж байсан ч Засгийн газрын шийдвэрийн улмаас зориулалтыг нь өөрчилсөн.

Гэхдээ тус барилгыг зориулалтын дагуу ашиглахаар болоод байгаа. Улсын Их Хурлаар энэ оны төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ үед тус барилгыг эмнэлгийн зориулалтаар тохижуулж, ашиглалтад оруулахад шаардагдах зардал төсвийг Монгол Улсын 2015 оны төсөвт оруулах асуудлыг Засгийн газраас өргөн барих ёстой боловч энэ төсвийн тодотголд орж ирээгүй. Тиймээс би энэ шаардлагыг өнөөдөр Ерөнхий сайдад өргөн барина.

- Тус эмнэлгийг ашиглалтад оруулахад хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа вэ?

- Эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглалтад оруулвал 3, 4 шатлалын эмчилгээ,үйлчилгээ үзүүлэх 250 ортой эмнэлэгтэй болох боломж бий. Түүнчлэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий оношлогооны төвтэй болж, жилд 2000-3000 хүнд тус эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, найман өрөө бүхий мэс заслын төв нь 1000-2500 хүндүйлчилж, 100.000-200.000 хүнд ниймгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болно гэдэг тооцоог мэргэжлийн хүмүүс гаргаж өгсөн.