БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн хариулт
1. 2014 онд Үндэсний тэтгэлэг буюу оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг хэдэн оюутан авсан бэ? Хэчнээн төгрөгийн төсөв улсаас гаргав?
2014 оны 3 сарын 7 ны өдрийн Засгийн газрын 71 дүгээр тогтоолоор баталсан дараах шаардлагын дагуу 2014-2015 хичээлийн жилээс эхлэн үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгож байна.
Үүнд: Сургалтын байгууллагад:
• Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар аттестатчилагдсан байх
• Нийт төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг төгссөнөөс хойш хагас жил, жилээр гаргаж хэвшсэн байх
• Төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байх
• Оюутны үйлчилгээ, төгсөгчидтэй ажиллах бүтэцтэй байх
• Удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх
• Сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх.
Суралцагчид: улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж 2.0-оос дээш голч дүнтэй суралцсан байх.
2014 оны эхний хагас жилд үйлчилж байсан журмын дагуу оюутан бүрт үндэсний тэтгэлэг олгосон. Засгийн газрын 71 дүгээр тогтоолоор баталсан дээрх шаардлагыг хангасан суралцагчдад 2014 оны сүүлийн хагас жилд үндэсний тэтгэлэг олгож байна. Тэтгэлэг олгосон тоон үзүүлэлтийг дараах хүснэгтээр харуулж байна.
2. Ирэх онд хэдэн оюутанд нийт хэчнээн төгрөгийн тэтгэлэг өгөхөөр 2015 оны төсвийн тодотголд төлөвлөж байгаа вэ? Үндэсний тэтгэлэг авах босго голч оноо 2.0 байлгана гэсэн нь ямар үндэслэлээр гаргаж ирсэн тоо вэ?
Дээд боловсрол эзэмшиж буй оюутан суралцагчдын нийгмийн баталгааг хангах замаар боловсролын чанарын түвшинг нэмэгдүүлэх, суралцагчдын суралцах идэвхийг эдийн засгийн хөшүүрэгтэй зөв уялдуулж дэмжих зорилгоор 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурал “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-ийг баталсан.
Үндэсний тэтгэлэг авах босго голч оноог 2.0 тогтоосон нь Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн үндсэн зорилго болон нийт суралцагчдын улсын дундаж сурлагийн голч оноо 2.5-2.7 байгаатай уялдуулан тогтоосон болно. Цаашид жил бүр голч оноог үе шаттай нэмэгдүүлэх зарчим баримталж байна.
2015 оны төсөвт үндэсний тэтгэлэг олгох оюутны тоо 101 мянга 981, нийт санхүүжилт 71 тэрбум 590 сая төгрөг төсөвлөгдсөн болно.
3. Монголын үндэсний түүхийн музейн шинэ жилийн баярын үеэр зургаан сар ажилласан шинэхэн ажилчдыг СТА цол тэмдгээр шагнасан гэх мэдээлэл байна. Үндэсний түүхийн музейд 30 жил ажилласан ахмад ажилчид авч чадаагүй цол тэмдгийг ямар хүмүүс авсан талаар танд мэдээлэл байна уу?
Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн дагуу ССАЖЯамны өмч хөрөнгийг албан ёсоор Төрийн өмчийн хороо хүлээн авч, хүлээлгэн өгөх үйл ажиллагаа хийгдээгүй байгаа тул БСШУЯамнаас СТА цол тэмдэг нэг ч хүнд олгоогүй болно.
4. Манай улс боловсролын системийн чанараараа 122 орноос 115 дугаар байранд оржээ. Боловсролын салбар доройтсон байгааг та хүлээн зөвшөөрөх үү? Цаашид салбараа өөд нь татахаар ямар алхам хийхээр төлөвлөж байгаа вэ?
Энэ асуултанд дурдаж буй зэрэглэл ямар аргачлал, мэдээнд тулгуурласан болохыг тодруулж байж хариулах нь зүйтэй гэж үзэж байна. Судалгааны боловсролын чанарыг илэрхийлж буй мэдээг тухайн орны иргэдийн дунд явуулсан санал асуулгын түүвэр судалгаанд үндэслэн гаргадаг ба тухайн орны иргэдийн боловсролын чанарын талаарх сэтгэл ханамжийн илэрхийлэл юм.
Иймд энэ мэдээг суралцагчдаас авсан шалгалтын үнэлгээтэй адилтгах боломжгүй.
Улс орнуудын өрсөлдөх чадварыг харьцуулан үнэлсэн судалгааг 2004 оноос хийж эхэлсэн байна. Судалгаанд хамрагдах орнуудын тоо жил жилд харилцан адилгүй буюу 2008-2009 оны судалгаанд 134 орон, 2014-2015 оны судалгаанд 144 орон хамрагдсан байна. Монгол Улсын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ бусад 133 оронтой харьцуулахад 2008 онд 100 дугаар байранд байсан бол 2014-2015 онд үнэлсэн 144 орноос 98-д эрэмбэлэгджээ. Судалгаанд шинээр хамрагдсан, эсвэл оролцоогүй улс орон өрсөлдөх чадвараар ямар байсан нь тайланд жагсаасан улс орнуудын байрыг урагшлах, хойшлоход нөлөөлнө гэдгийг тооцож үзэх хэрэгтэй.
Дэлхийн эдийн засгийн форум байгууллагын жил дутам нийтэлдэг тайланд манай улсын өрсөлдөх чадварт хийсэн үнэлгээний дээрх асуултад хамаарах үзүүлэлт сүүлийн жилүүдэд ямар байгааг доорх хүснэгтэд үзүүллээ.
Энэ мэдээг манай иргэд дараах холбоосоор үзэж болно: http://reports.weforum.org/global-competitiveness-report-2014-2015/economies/#indexId=GCI&economy=MNG
Мөн энэ судалгаанд хэрэглэж буй 100 гаруй үзүүлэлт тус бүрээр 1-7 гэсэн оноо өгч үнэлдэг, 7 нь хамгийн өндөр оноо болно. Иймд тухайн орны эзэлж буй байр бусад оронтой харьцуулсан байдал, харин оноо нь тус үзүүлэлтээр амжилттай байгаа эсэхийг үнэлэх мэдээлэл болно.
Боловсролын чанарын шинэчлэлийг хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилготойгоор хэрэгжүүлэн, цаашид төлөвлөж байгаа зорилтдоо хүрэх үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлсэнээр 2021 оны олон улсын чанарын үнэлгээнд хамрагдаж, Монгол хүүхэд бүрийн эзэмшсэн боловсрол нь насан туршийн амьдралын чанарын баталгаа болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
5. Саяхан Богд гэгээн Занабазарын урласан Ногоон дарь эхийн хүрэл цутгамал гадаадад дуудлага худалдаанд орж зарагдлаа. Энэхүү ховор бүтээлийг буцааж авчрах талаар ажил хэрэг өрнөж байна уу?
Франц улсын нийслэл Парис хотноо Сотбис компаниас 2014 оны 12 сарын 12-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаагаар “Ногоон дарь эх” бурханы баримлыг худалдагдсантай холбогдуулан тус бурханы гарал үүслийг тогтоох, хэрхэн хилээр гарсан болон хуулийн дагуу буцаах асуудлыг судлан, мэргэжлийн дүгнэлт санал боловсруулах зорилго бүхий ажлын хэсгийг БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн 2014 оны 12 сарын 15 ны өдрийн А\475 тоот тушаалаар томилсон болно. Тус ажлын хэсгийг БСШУ яамны Соёл урлагийн газрын Соёлын өвийн хэлтсийн дарга С.Урантөгс ахлан, мэргэжлийн болон төрийн захиргааны байгууллагын төлөөлөл нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.