2014.12.22

Ч.Сайханбилэг: Бодит байдлаа тусгах дараагийн том өөрчлөлт бол орлого, зарлагаа зөв тооцох асуудал

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Харин энэ удаагийн хямралын үр үндсийг бид нэлээд хэдэн жилийн хугацаанд өөрсдөө бий болголоо. Дан ганц том төслийн хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнийн өсөлтөөс орж ирсэн орлогыг бэлнээр нь тараагаад, дутууг нь арилжааны зээлээр гүйцээх нь эдийн засгийн битгий хэл  улс төрийн хүссэн үр дүн авчирдаггүйг өнгөрсөн сонгуулиуд харуулсан. Бонд зээл хичнээн босгосон ч, байдгаараа эдийн засгаа тэлэх гэж оролдсон ч, нөгөө гараа тайрвал, бодлогоо зөв гаргаж, үр өгөөжөө зөв төлөвлөхгүй бол эдийн засаг хүссэнээр өсөхгүй байгааг бид харлаа.

Өнөөдөр Монгол гэдэг энэ айлын маань халаас, түрүүвч нь хэр зузаан байна вэ?
  • ДНБ оны үнээрээ 2014 оны 11 дүгээр сарын байдлаар 16,5 их наяд төгрөг байна.
  • Уул уурхайн болон хөдөө аж ахуйн салбарт 16 орчим хувийн өсөлт гарч, 2014 онд эдийн засгийн өсөлт 7 орчим хувьд хүрэхээр байгаа боловч, худалдаа болон барилгын салбар 5-10 хувиар унахаар байна.
  • 2014 оны эхний 10 сарын байдлаар алдагдал 880 сая ам.долларт хүрч, гадаад валютын нөөц эрс буурлаа. Энэ нь төгрөгийн ханшийг огцом сулруулж, одоогоор нэг ам.доллар 1900 орчим төгрөг байна.
  • энэ оны 11 дүгээр сарын байдлаар инфляцийн түвшин 11.5 хувь байна. 
  • Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээ оны сүүлээр 11.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 53 хувь байх төлөвтэй байна. Үүнд, гадаадын хөнгөлөлттэй зээл 4 их наяд байгаа бол дотоод, гадаад бонд, баталгаа тус бүр 2.5-2.7 орчим их наяд төгрөгийн дүнтэй байна.
  • 2013 онд банкны нийт системийн зээл олголт 54 хувиар өссөн байна. Энэ дүн 2014 онд 20 хувиас бага байх төлөвтэй байна. Өнгөрсөн жилд 30 орчим хувиар өсч байсан мөнгөний нийлүүлэлт энэ онд 9 хувьтай байхаар байна.

Одоо гишүүд ээ, зовлонтой ч гэсэн заавал шийдвэрүүдээ гаргах цаг нэгэнт болжээ.

Бодит байдлаа тусгах дараагийн том өөрчлөлт бол орлого, зарлагаа зөв тооцох асуудал.
  • Шинэ барилгын тухай огт ярилгүй нэгхэн жил тэсье. Эхлүүлсэн барилгуудаа дуусгах боломжтойг нь энэ жил шийдье. Дуусах боломжгүй, эсхүл дууссан ч хэргээ гаргахгүй, хувийнхан аваад явчих боломжтойг нь дуудъя, худалдъя, менежмэнтээр шилжүүлье.
  • Өнөөдөр бизнес хийж яваа захирлын хүүхэд, хоногийн хоолоо залгуулах гэж зүтгэж яваа аавын хүүхэд аль аль нь хүүхдийн 20 000 төгрөгийг бэлнээр авч байна. Сарын нийт орлого нь сая хэдэн зуугаас давсан өрхийн хүүхдийн 20 000-г түр орхиж, хэрэгтэй хүүхдүүдэд, хэрэгтэй өрх гэрүүдэд нь хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн олгоё.
  • Өнөөдөр арван жилээ төгссөн сурагчид бараг толгой дараалан оюутан болж байгаа. Унтах цагаа хугаслан мэргэжил мэдлэгийн төлөө зүтгэж яваа оюутан, урд шөнөжингөө баардаж бүжиглэсэн ангийн андтайгаа адилхан 70 000 төгрөгөө аваад л явж байна. Одоо ядаж сайн онц сурч байгаад нь цалин урамшууллыг нь өгье.
  • Нийгмийн шилжилтийн эхэн үед Төрийн албанд ажиллах хүний нөөц хомс үед мэргэжилтэй боловсон хүчнээ төрд ажиллуулахын тулд олон хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшууллын тогтолцоог тухайн үедээ бий болгосон. Одоо боломжтой заримыг нь өнөөдрийн бодит байдалтайгаа уялдуулах шаардлагатай байна. Жишээлбэл, ТАХ-н тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжинд салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог асуудлыг нэг мөр цэгцлэн салбар үл харгалзан 12 сараар тогтоох шаардлагатай байна. 
  • Бид үл хөдлөх, хөдлөх бүх хөрөнгө дээр татвараа тавьж, бодлогоо явуулдаг хэрнээ малчиддаа таалагдах уралдааны дүнд малаасаа татвар хэзээ ч авдаггүй, харин ч эсрэгээрээ ноосны, ноолуурны, арьс ширний, махны баахан татаас төсвөөс нэмж өгдөг болсоор бүхэл бүтэн нэг тогтолцоог бий болголоо.  60 сая толгой мал тоолуулсан атлаа,  махаа ахиухан экспортолъё гэхэд бидэнд үүнийг хүсэх малчин нь, бас мах нь ч алга.
  • Цагдаа, гааль, цэрэг, онцгойгийнхон  дүрэмт хувцас өмсөн төрийн нэрийн өмнөөс түүний үүргийг гүйцэтгэх нь хаана ч байдаг зүйл. Харин мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, татварын байцаагч нар, улсын бүртгэл, халамжийн ажилтан төрөөр, төсвөөр дүрэмт хувцас нэртэйгээр өмсөж зүүхээ бэлдүүлэн жил тутам шинэчилж төсөвлөж байх нь дэндүү цамаан гэхээс өөр тайлбар алга. Үүнийг одоо шууд зогсооё.
  • Бид дандаа яам агентлаг гээд дээгүүр нь хэрүүлээ хийгээд байдаг ч Төрийн өмчит, төрийн өмчийн үйлдвэрийн, төсвийн, төсөвт үйлдвэрийн, аж ахуйн тооцоот гээд л иргэд байтугай дотор нь ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө толгой нь эргэм олон, төсвөөс цалинждаг, төсвөөс үйл ажиллагаа нь санхүүждэг, тогтмол зардлаа даалгадаг байгууллагуудыг бий болгожээ.Хөдөлмөрийн төв бирж, хөдөлмөрийн судалгааны институт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв зэрэг байгууллагууд Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний төвд нэгдэж болно. Үйл ажиллагаа нь ойролцоо ийм байгууллагуудын олон жишээг дурдаж болно. Одоо салбаржаад байлгүй зоригтой өөрчилж нэгтгэх цаг нь нэгэнт болжээ. Байнгын орон тоотой, ажлын албадыг татан буулгах, орлогоороо өөрийгөө санхүүжүүлээд явах бололцоотой төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцоонд шилжүүлж төсвөөс гаргах саналыг Засгийн газар оруулах болно.
  • Тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэн зохион байгуулах, тэдгээрийг их сургуулиудтай холбох, харъяалалд нь шилжүүлэх ажлыг хийнэ. Тухайлбал, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Нэхмэлийн хүрээлэн, Дулааны техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, Ой модны сургалт судалгааны хүрээлэн зэрэг байгууллагыг төсвөөс гаргаж ШУТИС-ийн харьяалалд нь шилжүүлнэ. Ийм олон хүрээлэн төсвөөс санхүүжиж байдгийг байтугай, ийм нэртэй байгууллагууд байдгийг энд олон хүн мэдэхгүй гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна.
  • Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр одоогийн хэмжээнд нь үргэлжлүүлж олгоё. Гэхдээ үр хүүхдийнхээ хоолны чанарыг сайжруулахын тулд эцэг эхчүүд тал мөнгийг нь бас дээрээс нь нэмэрлэдэг болъё.

  • Төрүүлсэн хүүхдүүд нь өөрсдөө ээж эмээ, аав өвөө болсон ч “Алдарт эх”-ийн одонгийн мөнгөө үргэлжлүүлж авсаар байдаг одоогийн хавтгайруулсан тогтолцоогоо өөрчилж үр хүүхдүүд нь 0-18 настай алдарт эхчүүддээ л мөнгийг нь өгдөг зөв зарчимтай тогтолцоонд шилжье.

Бид зөв менежмент хийвэл бололцоо нөхцөл байнга байдаг гэдгийг харуулахын тулд манай Засгийн газар 3 шийдвэр гаргалаа.
  1. Хүүхдийн эмнэлгийн ор хүрэлцэхгүй, хүүхэд эх, сахиурууд хонгилд гудсан дээр унтаж, эмчлүүлж байгаа учраас хуучин ССАЖЯ, Цөмийн энергийн газрын суларсан байр руу ЗТЯ-ыг нүүлгэж, Энх тайвны гүүрний доорхи гаднаа зогсоолтой том байрыг богино шахуу хугацаанд хүүхдийн шинэ эмнэлэг болгохоор шийдвэрлэлээ.
  2. Мөн оффисийн зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн Ордны ар дахь шинэ барилгын зориулалтыг өөрчилж шинэ эмнэлэг байгуулах ажлыг судлан хэрэгжүүлэхийг ХЗ-н сайдад үүрэг болголоо.
  3. Яармагийн дэнжид сүүлийн хэдэн жил дараалан эзэнгүй, балгасболон хувирсан, төсвөөс дахин арав хорин тэрбум төгрөг нэхэж байгаа эмнэлгийн дуусаагүй барилгыг хувийн компаниар концессоор дуусган цаашид хувийн менежментээр, зориулалтаар нь эх нялхсын болон нэгдсэн шинэ эмнэлгийг байгуулах зохих шийдвэрүүд гаргахаар ажиллаж байна.

Үргэжлэлийг бичлэгээс үзнэ үү.