А.Бакей: Боловсролын санхүүжилтийг бууруулахгүй
УИХ-ын гишүүн А.Бакей
2014.12.19

А.Бакей: Боловсролын санхүүжилтийг бууруулахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс  боловсролын салбарт баримтлах бодлогын талаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлж байгаа юм.

 УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Боловсролын бодлого нь хэрхэн явагдах вэ? ЕБС, цэцэрлэг дээр нийгмийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ямар асуудал тусч байна вэ? Хүүхдүүдийг насаар нь ялгаад нэг хэсэг нь хувьсах зардал өгч, нөгөө хэсэгт нь өгөхийг зогсоож байгаа.

Үүнийг хэрхэх вэ? Боловсролтой холбоотой зардлыг аймаг, орон нутагт шилжүүлнэ гэсэн. Энэ нь боловсролын салбар нэгдсэн бодлогогүй боллоо гэсэн үг. Хөдөө орон нутагт 6 настай хүүхдийг сургуульд явуулах нь асуудал үүсгэж байна.

Энэ нь бодлогод яаж тусч байна вэ? Их, дээд сургуультай холбоотойгоор эдийн засгийн сургуулийн асуудал хөндөгдөж байна. Манайх эдийн засгийн сургуулиа бизнесийн сургууль болгосон. Үүнд төрийн бодлого хэрхэн тус байгаа юм. Хөдөө орон нутагт хүүхдийн хоолны асуудал тулгамдаж байна. Дүрэмт хувцас нь ч таарах таарахгүй гээд асуудал үүсгэж байгаа шүү.

 УИХ-ын гишүүн А.Бакей "Боловсролын салбарыг төрөөс баримтлах бодлого үргэлжилнэ. 1,2 их наяд төгрөгийг төрөөс боловсролын салбарт зарцуулж байна. Энэ нь ДНБ-ний 5,1 хувийг эзэлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд буурах хандлага ажиглагдаж байгаа.

Сургуулийн өмнөх болох ЕБС-ийн зардлыг төрөөс санхүүжүүлж, дотуур байр, хоолны мөнгийг эцэг эх, асран хамгаалагчидтай хуваалцана гэсэн заалт орж байгаа. Гэхдээ төрөөс баримтлах бодлогод санхүүжилтийг бууруулахгүй, ДНБ-ний 5-аас доошгүй хувийг боловсролын салбарт зарцуулна гэсэн заалт оруулж байгаа гэсэн юм.

Мөн  хөдөө орон нутагт зургаан настай хүүхдүүдийг сургуульд хамруулахад авах арга хэмжээний талаар тогтоол гаргаж байгааг С.Одонтуяа гишүүн хэлж байв. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойш чуулганы хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ.