Ж.Энхбаяр: Хүн бүрт тэгш боломж олгох дөрвөн жил өмнө минь байна
2012.06.11

Ж.Энхбаяр: Хүн бүрт тэгш боломж олгох дөрвөн жил өмнө минь байна

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Та Монгол Ардын Намаас намын нэрээр УИХ-д нэр дэвшиж байгаа 28 хүний нэг. Таны хувьд сонгуульд чухам ямар үүрэг хүлээж оролцож байна вэ?

-Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор явагдаж байгаагаараа онцлог. Нэг хэсэг нь тойргоос нэр дэвшиж, нөгөө хэсэг нь улс орон даяар намын авсан саналын хувиар сонгогдох ийм өвөрмөц тогтолцоогоор сонгууль болох гэж байна. Миний хувьд намын чансаагаар эрэмбэлэгдэж, жагсаалтын эхний есдүгээрт орсон нь их том үүрэг юм. Ялангуяа 220 мянган гишүүнтэй энэ том нам над шиг залуу хүнд итгэл хүлээлгэж, эхний 10-т бичнэ гэдэг бол нэр төрийн хэрэг. Энэ утгаараа өөртөө нэлээд үүрэг, хариуцлага ногдуулж ажиллаж байна. Ялангуяа Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гол цөм ачааг залуучууддаа өгсөн. Тиймээс хоёр нэр дэвшигч тутмын нэг нь залуучууд, шинэ хүмүүс. Аль болох залуучууддаа тойрогт  нь очиж дэмжлэг үзүүлэх, Монгол Ардын Намын бодлогын томоохон шинэчлэл, өөрчлөлт, улс орны алс хэтийг харсан хөгжлийн хөтөлбөр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ойлгуулах, түгээх, ухуулан таниулах зэрэгт үүрэг хүлээж оролцох ёстой гэсэн бодлоор ажиллаж байна.

-Тойрогт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эрчимтэй хийж байна. Намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа Таны хувьд сонгуулийн сурталчилгаа хийх үү?

-Миний сурталчилгаа бол Монгол Ардын Нам. Би намынхаа бодлого, үйл ажиллагааг явуулж, намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг олон түмэнд таниулах нь миний сурталчилгаа. Манай нам юугаараа давуу талтай, сонгуулийн мөрийн хөтөлбөрт маань ямар онцлог заалтууд орсон, манай нэр дэвшигчид юугаараа илүү вэ гэдгийг ойлгуулахын тулд олон түмэнтэйгээ уулзаж байна. Энэ уулзалт болгон, сонинд өгч байгаа ярилцлага бүхэн манай намын болоод миний сурталчилгаа болж байгаа юм.

-Энэ удаагийн сонгуульд оролцож буй Монгол Ардын Намын хувьд багцлаад хэлбэл ямар давуу талууд   байна вэ?

-Хамгийн түрүүнд хэлэхэд манай нам мөрийн хөтөлбөрөөрөө хол давуу. Мөрийн, хөтөлбөрөө шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэн боловсруулсан гэдэг утгаараа хэрэгжих бүрэн бололцоотой, бодитой. Зорилт болгоны хэрэгжих үндэс, эх үүсвэрүүдийг тусгаж өгсөн. Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа "Ард түмнээ сонсъё" аян өрнүүлж, Монголынхоо нэг сая гаруй иргэдтэй уулзсан. Тэдний санаа бодол, хүсэлтийг энэхүү мөрийн хөтөлбөртөө оруулж өгсөн. Мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй анги нийгмийн давхарга, салбар гэж байхгүй. Нялхсаас авахуулаад өтгөс буурлуудад хүртэл зориулсан зорилт  бий.  Сонгуулийн  мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шинэ сэтгэлгээ, мэдлэг, арга барил шаардлагатай гэж үзсэн. Иймээс улстөрийн шинэ давалгаа оруулж ирэхээр залуучуудаа дэмжин олноор нэр дэвшүүлж байгаа. Үүгээрээ бид давуу талтай. Яахын аргагүй энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг харахад манай нам залуучуудаа дэмжиж, улстөрд цус сэлбэлт хийж чадахуйц байгаагаараа бусад өрсөлдөгчдөөсөө давуу юм.

-Сонгуулийн өнгө ямархуу болох шинжтэй байна вэ?

-Сонгуульд Монгол Ардын Нам ялна гэдэгт итгэлтэй байна. Манай нам ард түмний хүсэл, бодлыг шингээсэн мөрийн хөтөлбөртэй. Манай намын мөрийн хөтөлбөр хэрэгжсэнээр ард түмэн нь ирээдүйдээ итгэлтэй, хийж бүтээх урам зоригтой болж, улс орон үсрэнгүй хөгжлийн замдаа шудран  орно. Ард  түмний эрэлт хэрэгцээ, захиалгыг харгалзсан залуу хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Тиймээс манай нам ялна. Ялна гэдэгт эргэлзэхгүй байна. Сонгуулийн орчныг анзаарахад хийсэн бүтээснээрээ, ирээдүйд хийж бүтээх зүйлээрээ өрсөлдсөн сонгууль болох болов уу. Ийм байгаасай гэж Ардын нам хүс ч байгаа. Ардын нам бусдыг шүүмжлэхгүй, шүүмжлэлийг хүлээж авч байгаа. Бусдын шүүмжлэлд хүлээцтэй хандаж, дүгнэлт хийж алдаагаа засах гэж хичээн асуудалд хандаж байгаа. Манайх ажил хийж ирсэн нам л даа. Айлын том хүү шиг ачаа үүрээд, улс орон өрх гэрээ авч яваа нам. Монголын хамгийн хүнд сорилт, тулгарсан үед Ардын нам гол ачааг үүрч, улс орны эрх ашгийн төлөө зүтгэж ирсэн ийм л упстөрийн хүчин. Энэ удаад ч "Ард түмнээ сонсъё" аяныг зохион байгуулж, сая гаруй иргэдтэйгээ уулзаж, ард иргэдийн санал шүүмжлэлийг шингээж, өөрийгөө үүрэгжүүлж, "Ард түмний хөгжлийн хөтөлбөр"-өө гаргасан. Бид ард түмнээсээ ялах эрх нэхээгүй, харин ард түмэндээ ялах үүрэг хүлээж энэ сонгуульд оролцож байна. Бид ард түмнийхээ хүсэл, сэтгэлийг мөрийн хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөртөө тусгасан учраас тэдний хүсэлт, саналыг биелүүлэх үүргийг Монгол Ардын Нам хүлээж байгаа юм.

-Монгол Ардын Намын сонгуульд оролцож гол уриа юу вэ?

-Манай намаас дэвшүүлсэн уриануудыг базаад хэлбэл "Эх орондоо сайхан амьдарцгаая" гэсэн утгатай юм. Хүн болгонд хувь хүртэх, сурч боловсрох, хөдөлмөрлөх тэгш боломжийг олгохыг уриалж байна. Нийгэмд шударга ёсыг тогтооё гэж байгаа. Ингэж байж эх орондоо сайхан амьдарч болно. Иргэн баян бол улс баян. Монголчууд бүгд баяжигтун гэж уриалж ч болох юм. Манай нам 400 мянга хүрэхтэй үгүйтэй хүн амтай байсан Монгол Улсыг орчин үеийн, аж үйлдвэржсэн улс болгож, шавьж судлалаас сансар судлал хүртэл шинжлэх ухааныг хөгжүүлж чадсан, бүх хүн амыг бичиг үсэгтэй, эрүүл боловсролтой болгож чадсан. XX зуунд улс орнуудын түүхэнд үсрэнгүй хөгжил гэдэг зүйлийг харуулж чадсан. XXI зуунд дахин дараагийн өндөрлөгт хүргэхээр, хөгжингүй Монгол орныг босгохын төлөө Монгол Ардын Нам ажиллаж байна. Манай намд хийсэн, бүтээсэн ажил их байна. Цаашид хийж бүтээх зүйл бүр ч их. Тиймээс бид "Бүтээснээсээ илүүг бүтээнэ" гэсэн уриатай ажиллаж байна.

-Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр хэрэгжвэл дөрвөн жилийн дараа улс орны хөгжлийг хэрхэн төсөөлж болох вэ?

-Би "Ард түмний хөгжлийн хөтөлбөр"-ийн боловсруулах ажлын хэсэгт орж ажилласны хувьд маш товч хариулъя. Ирэх дөрвөн жилд Монгол Улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үндэс суурийг хангах жилүүд байх болно. Бид боловсруулах аж үйлдвэрүүдийн суурийг бүрэн тавина. Бүс нутгийн эдийн засагт нөлөө үзүүлэх томоохон уул уурхайн төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, ашиглалтад оруулан үр өгөөжийг нь амсаж эхлэх болно.

Томоохон ордуудыг дагасан дэд бүтэц, зам харилцааг барьж дуусгах дөрвөн жил байх болно.

Үндсэндээ монголчуудыг ажлын байраар бүрэн хангана. Хийж, бүтээх, суралцах хүсэлтэй хүн бүрт тэгш боломж олгосон ийм дөрвөн жил өмнө минь байна. Хамгийн. том зорилт, зорилго бол Монгол Улс дундаас дээш хөгжилтэй улс орны тоонд багтах болно. Өнөөдрийн Европын дундаж хөгжилтэй орнуудаас дээш гарч, Чили, Польш, Туркийн хөгжилтэй зэрэгцэж очсон байх болно.

Танд баярлалаа. Амжилт хүсье.

Нийтлэлч
Б.Бат эрдэнэ
Эх сурвалж
Монголын үнэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.