Ц.Батхүү: Баянзүрх дүүргийг 3-4 дүүрэгтэй нийслэлийн дагуул хот болон хөгжөөсэй гэж хүсдэг
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батхүүтэй ярилцлаа.
-2012 оны дүүргийн сонгуулиас хойшхи хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар хоёулаа ярилцлагаа эхлэе
Нутгийн удирдлага сэтгүүлээр дамжуулан Монгол орны өнцөг булан бүрт байгаа элэг нэгт Монгол ахан дүүстээ удахгүй болох шинэ оны мэндийг хүргье. Өнгөрсөн 2012 оны сонгуулийн үр дүнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал АН-ын 32, МАН-ын 7, МАХН-ын 2 төлөөлөл буюу улс төрийн 3 хүчний 41 төлөөлөгчөөс бүрдэж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд дүүргийн төсвийг батлах, Засаг даргын ажилд үнэлэлт, дүгнэлт өгч хамтран ажиллахаас гадна иргэддээ чиглэсэн олон ажлыг бодлогоор дэмжин ажиллалаа. Эдгээр ажлуудаас онцолж дурдахад дүүргийн харьяанд Дүүрэг хөгжлийн төв, Нийтлэг үйлчилгээний газрыг 4 хэлтэстэйгээр байгуулахаас гадна дүүргийн ахмадууддаа зориулж шинээр “Баянзүрх-Шижир” амралтын газрыг байгуулсан нь иргэдийн талархлыг хүлээсэн ажил боллоо.
Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 4, 7, 21, 28 дугаар хороодод 4 цэцэрлэг шинээр барих шийдвэрийг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан нь биелэлээ олж хүүхэд багачууд маань цэцэрлэгтээ явж эхэлсэн. Үүнээс гадна 11, 21 дүгээр хороонд Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар цэцэрлэг барьж байна. Ингэснээр дүүргийн 1000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж тэдний боловсролд томоохон хөрөнгө оруулалт боллоо.
-Дүүргийн төлөөлөгчдийн иргэдийн төлөө сэдэж хийж байгаа ажлаасаа дурьдахгүй юу?
Бид өнгөрсөн 8 дугаар хуралдаанаараа урамшууллаасаа татгалзах тухай асуудлыг хэлэлцэж, урамшууллын мөнгийг дүүргийн нийт 28 хороонд Иргэний танхим шинээр байгуулж, иж бүрэн тохижуулах, засварлах ажилд зарцуулахаар шийдвэрлэсэн нь иргэдэд зориулсан томоохон, шинэлэг бүтээн байгуулалт болсон.
Мөн Төлөөлөгчид өөрсдийн хариуцан ажилладаг хурлын хороодоороо дүүргийн харьяа төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлсноор, цаашид хэрэгжүүлэх ажлаа Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж байна.
-Баянзүрх дүүргийн хурал Иргэдийн нийтийн хуралтай хэрхэн хамтарч ажилладаг вэ? ИНХ-аараа дамжуулан хэрэгжүүлсэн бүтээлч ажлаасаа дурьдахгүй юу?
ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийг би маш их бэлтгэгдсэн, иргэдийн амьдралд хамгийн ойр хүмүүс байгаасай гэж хүсдэг. Манай 28 ИНХ-ын дарга нар ч өөрсдийн хороо, иргэдийнхээ төлөө сэтгэлтэй хүмүүс байдагт баярладаг.
Энэ онд манай ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын алба хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХБНГУ-ын Конрад Аденауэрын сангийн дэмжлэгтэйгээр “Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд дүүргийнхээ 12 дугаар хорооны иргэдээр Хорооны дүрэм, Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах журам, Нийтийн зар мэдээний журам, Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны журам, Орон нутгийн хөгжлийн сангийн журам гэсэн 5 журмын төслийг иргэдээр хэлэлцүүлж баталлаа. Үүний зэрэгцээ манай дүүргийн 17 дугаар хорооноос сонгогдсон төлөөлөгч Д.Нэргүй өөрийн санаачлагаар хорооныхоо иргэдийн дунд “Зар мэдээг хэрхэн хүргэх вэ” гэсэн тэтгэлэгт хөтөлбөрийг 8 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Олон үе шаттай явагдах энэ ажил 12 дугаар сард дүнгээ гаргах бөгөөд бид ИТХ-ын үйл ажиллагаа, шийдвэр гаргахад иргэдийн шууд оролцоог бий болгох, иргэдийн оролцоог дэмжих замаар сонгуульт Төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хийсэн ажлаа иргэдийн өмнө хариуцан тайлагнах арга замыг бий болгох, хурлын үйл ажиллагааг иргэдэд ил тод болгоход энэ ажил ихээхэн үр дүн өгнө гэж найдаж байгаа.
Одоо чинь ардчилал, тэр дундаа Шууд ардчиллын эрин үе эхэлж байна. Ийм үед манай ИНХ-ынхан л иргэдийнхээ саналыг хамгийн их сонсдог, төрдөө хүргэж чадах чадамжтай байх ёстой гэж үздэг учраас тэдэнд зориулсан сургалт, хэлэлцүүлгийг байнга зохион байгуулахаар төлөвлөж, Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн ИНХ-ын байгууллагатай харилцан туршлага солилцон ажиллаж байна.
- Баянзүрх дүүргийн Иргэний танхим их онцлогтой, үлгэр жишээ гэж сонссон юм байна. Олон ч дүүрэг, аймаг танай Иргэний танхимаас ирж туршлага судалдаг гэсэн байхаа?
Тийм шүү. Бид анхнаасаа Иргэний танхимыг дүүргийн ИТХ, ЗДТГ-аас хараат бус байж, зөвхөн иргэний эрх ашигт үйлчилдэг байлгахыг зорьж дүүргээс тусад нь байгуулж, тохижуулсан юм. Иргэний танхим байгуулагдсан цагаас хойш иргэддээ чиглэсэн олон чухал ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, дүүргийн удирдлагууд иргэдийнхээ үгийг сонсож, хийсэн ажлаа тайлагнадаг түшиц газар болсон юм.
Тиймээс ч өнгөрсөн хугацаанд иргэн нь оролцдог байж, төрийн ажил урагшилдаг юм байна гэдэг нь харагдсан учраас бид хороо бүртээ Иргэний танхим шинээр байгуулж байна. Гэхдээ зүгээр нэг хэдэн сандал, ширээ тавьчихаад тэрийгээ Иргэний танхим гэж нэрлэх биш, иргэд санал, хүсэлт, үгээ хэлээд гарахдаа тав тухтай, дулаахан, найрсаг орчинд үйлчлүүлээсэй гэсэн үүднээс иж бүрэн тохижуулж байна.
-Дүүргүүдийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл ИТХ-ын дэргэд үйл ажиллагаа явуулдаг. Энэ зөвлөлийг мэдээж та удирдаж байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ГХУСАЗСЗ-өөс ямар ажлыг дүүрэгтээ хийв?
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/ нь 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөт болон цаг үеийн ажлуудыг төр захиргааны болон хууль хяналтын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, иргэдтэй хамтран үр дүнтэй зохион байгуулж байна.
Манай зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд нийт 35 ажлыг санаачлан хийсэн. Эдгээрээс онцолвол дүүргийнхээ 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын Баянцээл орчим буюу хамгийн их баар, цэнгээний газар, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг, оюутан, залуучуудын хөдөлгөөн ихтэй гудамжинд хамгийн сүүлийн үеийн 360 градус эргэдэг 4 ширхэг “PTZ Аналог камер”-ыг байрлуулж, цагдаагийн постыг сэргээн засварлаж байнгын ажиллагаатай болгон, Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өглөө.
Мөн ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид эсгий урлалын “Бүтээлч бүсгүйчүүд” зорилтот сургалтыг зохион байгуулж, хорих ангиас суллагдах, мөн хоригдож байгаа эмэгтэйчүүдийг хамруулсан юм. Сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүд ширмэл эсгий олбог, хүүхдийн болон том хүний гэрийн шаахай, гутал, цүнх, машины суудлын бүрээс гэх мэт бүтээгдэхүүн хийснийг үзэсгэлэн худалдаа зохион байгуулж борлуулан, орлогыг тэдгээрт хүлээлгэж өгсөн. Энэ ажил үр дүнгээ өгч хорихоос суллагдсан эмэгтэйчүүд маань өөрсдийн гэсэн цехтэй, бизнестэй болсон байгаа.
Саяхан бид дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт шашны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, зөвлөн туслах ажлыг хийлээ. Энэ ажилд ГХУСАЗСЗ-д багтдаг Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Шүүх, Прокурор, Татварын хэлтэс гэх мэт чиглэл бүрийн байгууллагаас бүрэлдэхүүн гарч ажилласан.
Цаашид дүүргийнхээ 13 хорооны нутагт камерын систем нэвтрүүлэхээр 148 цэгийг тогтоож, 255 камер байршуулах судалгааг гарган шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэдэг дан ганц хууль, хяналтын байгууллагын ажил биш гэдгийг иргэдэд ойлгуулж, цаашид иргэдийн идэвхийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
- Ажлын алба ИТХ-ын ачааны хүндийг үүрэлцдэг хүмүүс шүү дээ. Та дүүргийнхээ ажлын албаны зорилго, үйл ажиллагааг хэрхэн дүгнэдэг вэ?
Тийм ээ. Манай хурлын Ажлын алба энэ оноос эхлэн хэлтсийн зохион байгуулалтанд орж ажиллаж байна. Бид дүүргийнхээ иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, дүүргийн иргэдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхитэй оролцоог эрхэмлэн дэмжиж сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн хүндэтгэж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ажилладаг. Ажлын алба нь Төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаанд үүргээ биелүүлэхэд бүх талын туслалцааг үзүүлж чаддаг чадварлаг хамт олон байх ёстой гэж боддог.
- Энэ онд Нутгийн удирдлагын холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Та цаашид нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хөгжүүлэхэд ямар саналтай явдаг вэ?
Нутгийн өөрөө удирдах байгууллага хөгжихийн тулд орон нутаг өөрийн гэсэн эрх мэдэлтэй байх хэрэгтэй байна. Иргэдийн оролцоон дээр тулгуурлаж иргэдийн төлөөлөгчдийн хурал бэхжинэ. Тиймээс иргэдийн санал, хүсэлтийг шийдвэр гаргах төвшинд сонсож эхэлж байгаа энэ үед иргэдийн идэвх, оролцоо улам нэмэгдээсэй гэж хүсэж байна. Төвлөрлийг сааруулж орон нутагт эрх мэдэл олгож байгаа нэг том ажил Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн саналыг авдаг болсонд оршиж байна.
- Бүрэн эрхийн хугацааны дараах Баянзүрх дүүргийн талаар та ямар төсөөлөлтэй байна вэ?
Манай Баянзүрх дүүрэг 304 мянган хүн амтай, 28 хороотой. Нэг хороо дунджаар 10 мянга, зарим нь бүр 20 гаруй мянган иргэнд төрийн үйлчилгээг хүргэж байна. Жишээ нь Говьсүмбэр аймаг 15 мянган хүн амтай. 15 мянган иргэнд аймгийн хэмжээний статусаар төрийн албан хаагчид үйлчилж байна. Манай дүүргийн 5 дугаар хороо л гэхэд 17 мянга гаруй хүн амтай. Тэдэнд хорооны 10 хүрэхгүй ажилтнууд л үйлчилж байна. Тиймээс би цаашдаа Баянзүрх дүүргийг 3-4 дүүрэгтэй Хот болон хөгжөөсэй гэж хүсдэг.