Б.Одгэрэл: Дархан 131 сорт ганд хамгийн тэсвэртэй
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хурээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б. Одгэрэл
2014.12.12

Б.Одгэрэл: Дархан 131 сорт ганд хамгийн тэсвэртэй

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хурээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б. Одгэрэл буудайн ган тэсвэрлэх чадварыг генуудийн экспрессээр тодорхойлох судалгаа хийсэн байна.

Ганд тэсвэртэй сортыг бий болгосноор ургацын хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

-Буудай бол манай орны стратегийн хүнс. Та буудайн ган тэсвэрлэх чадварыг судалсан нь сонирхол татлаа. Яагаад үүнийг судлах болсон бэ?

-Сүүлийн 70 жилд манай орны агаарын дундаж температур 2.1 градусаар дулаарсан. Энэ нь дэлхийн дундаж температураас 2-3 дахин нэмэгдсэн гэсэн үг. Манайд буудайн ургацыг хязгаарладаг гол хүчин зүйл нь ган. Тиймээс ганд тэсвэртэй буудайн генийн судалгааг хийж, селекцийн эх материалыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь миний судалгааны ажлын зорилго.

Би ХААИС, БНСУ-ын “Кореа” их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2010 оноос БНСУ-д докторантурт сурч байна. Багш маань дипломынхоо ажлаа Монголд хэрэгтэй сэдвээр хамгаалахыг зөвлөсөн. Иймээс дипломын сэдвээ “Ган, хүйтэн, давсанд тэсвэртэй буудайн генийн судалгаа” гэж сонгосон юм. “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хуралд дипломын ажлынхаа нэг бүлгээрээ оролцсон. Он гараад доктороо хамгаална.

Буудай бол Монгол Улсын стратегийн гол нэрийн таримал. Манайд ган болон хавар, намрын хүйтрэл нь буудайн ургацад хамгийн их нөлөөлдөг. Зарим гантай жил буудайн ургацаа юу ч үгүй алдах тохиолдол ч байдаг юм билээ. Харин далай тэнгистэй оронд хөрсний давсжилт нь буудайн ургацад хамгийн их нөлөөлдөг. ^

-Хэдэн сортод судалгаа хийв. Ямар үр дүн гарсан бэ?

-Монгол оронд нутагшсан, хамгийн их тариалдаг, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс талбайн туршилтаар ганд тэсвэртэй нь тодорхойлогдсон зургаан сортод буудайн

ганг тэсвэрлэдэг 10 генийг туршсан. Ингэхэд Дархан 131 сорт ганд хамгийн тэсвэртэй нь тогтоогддоо. Энэ сорт талбайн туршилтаар эртийн болцтой, ган, өвчинд тэсвэртэй гэж тодорхойлогдсон байсан. Генийн түвшинд ганд тэсвэртэй нь давхар нотлогддоо. Лабораторид ургуулж, зохиомлоор ган үүсгэхэд мөн энэ сорт шалгарсан.

Манайд сортуудыг генийн түвшинд судалж байгаагүй. Миний судалгааны ажлын шинэлэг тал нь сортуудын ган тэсвэрлэх чадварыг генийн молекул биологийн түвшинд судалсан явдал юм. Уламжлалт селекцийн аргаар нэг сорт бий болгоход 12-15 жил шаарддагатай. Харин молекулын түвшинд генийг нь судалснаар энэ хугацааг 3-5 жил богиносгоно.

-Цаашид судалгаандаа тулгуурлан хийхээр төлөвлөсөн зүйл бий юү?

-Дархан 131 элит сортын үр үржүүлгийн ажлыг хийхээр төлөвлөж байна.