Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний чуулганд оролцлоо
Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний III чуулган өнөөдөр болж байна. Уг чуулганд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар оролцож үг хэллээ.
Д.Оюунхорол сайдын хэлснээр, газар нутгийг тусгай хамгаалалтад авах нь байгаль орчноо хамгаалах сонгодог загвар аж. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ нь өнөөдөр дэлхий дахинд экологийн тэнцлийг хангах, биологийн төрөл зүйлийн хомсдолыг хязгаарлан зогсоох, байгалийн жамаар нөхөн сэргэх нөхцлийг бүрдүүлэх, байгалийн баялгийн ашиглалтыг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг, даяршсан шинж чанартай томоохон салбар болж, улам бүр өргөжин тэлсээр байгаа ажээ.
Манай улс ч хөгжлийн энэхүү хандлагыг дагаж, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, хамгаалалтын менежментийг дэлхийн жишигт хүргэх нь төрөөс экологийн талаар баримтлах бодлогын нэг чухал зорилт юм байна.
Өнөөдөр улсын хэмжээнд 19 аймаг, нийслэлийн 166 сумын нутгийг хамарсан 27.2 сая га талбай бүхий 99 хэсэг газрыг улсын тусгай хамгаалалттай газарт хамруулаад байгаа нь улсын нийт газар нутгийн 17.4 хувь ажээ.
Мөн Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан 65 газар нутгийн хамгаалалтын менежментийг хуулийн дагуу 30 хамгаалалтын захиргаа хариуцан ажиллаж байгаа юм байна. Хустайн нурууны байгалийн цогцолборт газар, Их Нартын байгалийн нөөц газар, Хар ямаатын байгалийн нөөц газруудын хамгаалалтын захиргааны үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн жишээ ажээ.
Чуулганы үеэр мэргэжилтнүүд тусгай хамгаалалтын бүс нутгийн орчны эдийн засгийн асуудлыг хөндсөн юм. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутгийнхны амьжиргааг тэтгэх замаар байгаль хамгаалалд оролцуулж, эргээд байгалиа тогтвортой хамгаалалтад байлгах менежмэнтийг хэрэгжүүлэх ёстой ажээ. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол мөн хэлсэн үгэндээ “Байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгосноор дараагийн хэдэн арван жил эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж чадна” гэж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Мөн байгаль орчин нь нийгмийн бүх гишүүдийн ашиг сонирхол гэдгийг мартаж болохгүй гэлээ. “Энэ удаагийн чуулганаар тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдлыг тодорхойлон гаргаж, түүний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн арга замыг хэлэлцэх нь зүйтэй байна.
Газар нутгийг тусгай хамгаалалтад авснаар ямар ач холбогдолтойг, ямар үнэ цэнэтэй зүйлсийг бий болгож байгааг нийт олон түмний нүдэнд харагдахуйц бодитойгоор ойлгуулах, мэдрүүлэх шаардлагатай” гэж сайд тэмдэглэн хэллээ. Түүнчлэн өндөр ач холбогдолтой чуулган зохион байгуулж буй тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийнхөндөө талархал илэрхийлсэн юм.