Зам тээврийн осолд хүүхдийг өртүүлэхгүй байх зорилт тавилаа
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдаж, 2014 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажил болон замын ачааллыг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлд 2014 онд нийт 441836 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн гэсэн судалгаа байгаа бөгөөд энэ нь сүүлийн долоон жилд тав дахин өссөн үзүүлэлт юм байна. Тиймээс манай улсад зам тээврийн осол нас баралтын голлох шалтгаануудын нэг байсаар байгаа гэдгийг холбогдох албаныхан тодотгон хэллээ.
Өнгөрсөн онд нийслэлийн Замын цагдаагийн газарт зам тээврийн ослын 92680 дуудлага ирж, зам тээврийн 23425 осол бүртгэгджээ. Үүнээс 156 хүн нас барж, 5287 хүн гэмтсэн байна.
Мөн зам тээврийн осолд хүүхдүүд ихээр өртөж байгаа бөгөөд 0-17 насны хүүхдүүд 15 хувийг эзэлж байна гэсэн судалгаа байна. Ослын шалтгааныг судалж үзэхэд 93.2 хувь нь жолоочийн буруугаас болсон байдаг аж. Тийм ч учраас жолоочдыг хариуцлагатай байж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох зайлшгүй шаардлагатайг санууллаа.
Манай улсад зам тээврийн осол нас баралтын голлох шалтгаануудын нэг байсаар байгаа.
Нийслэлийн Замын цагдаагийн газраас зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хууль эрх зүй, гудамж замын хяналт шалгалт, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр томоохон багц ажлуудыг хийж иргэдэд хүргэжээ.
Тухайлбал,
Замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлага байрлуулж, хурд сааруулагчийг 42 байршилд хийж, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж
Хууль дүрмийг таниулах зорилгоор 24 төрлийн 7000 зурагт хуудсыг хэвлүүлж олон нийтэд тараасан
Орон нутгаас хотод суралцаж байгаа нэгдүгээр курсийн 3046 оюутанд “Хотын соёл” сэдвээр сургалт явуулж, Замын хөдөлгөөний цагаан толгой зэрэг замын ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулжээ.
Мөн замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд МИУС, “Нарантуул” худалдааны төв, Баруун дөрвөн замын уулзварт нэмэлт эгнээ хийж, 5 газарт 2000 метр хайс байрлуулж, 6 автобусны буудлыг шилжүүлэн байрлуулж, зах, томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, явган хүний 7 гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах 3 гэрлэн дохиог шинээр суурилуулсан байна.
Тэрчлэн 10 аж ахуйн нэгжийн 79 тээврийн хэрэгсэл, зургаан аж ахуйн нэгжийн 375 дугуй түгжигчийг хэрэглэж, Улаанбаатар нэгтгэлээр нийслэлийн гудамж, замд үүссэн 242 эвдрэлийг зассан гэдгийг нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан хэллээ.
Хурлын үеэр нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд:
-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төр захиргааны байгууллага, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах
-Явган зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгаарлах гүүрэн болон нүхэн гарц болон хайс хашлагыг нэмэгдүүлэх
-Байгууллагын ажилчдын болон сургуулийн хүүхдийг нэгдсэн журмаар тээвэрлэх үйл ажиллагааг сайжруулах
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны тоог нэмэгдүүлэх
-Ухаалаг удирдлагын системийг нэвтрүүлэх, өөрөөр хэлбэл иргэдэд гар утсаар нь дамжуулж минут тутамд замын ачааллын талаархи мэдээлийг хүргэдэг болгох, жолооны курсыг чанаржуулах зэрэг саналыг хэлж байв.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга “2015 гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зам тээврийн осолд хүүхдийг өртүүлэхгүй байх зорилт тавьж, зам тээврийн ослыг бодитоор бууруулахад онцгой анхаарч,зам тээврийн осолд хүүхдүүд ихэвчлэн юунаас болж өртөж байна вэ гэдгийг нарийн тооцоолж, энэ тал дээр дорвитой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна.
Та бүхний хэлсэн саналыг холбогдох хүмүүстэй зөшилцөж, хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэлээ.
Тэрбээр нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн байгууллагуудад 2015 онд хийх ажлын төлөвлөгөөгөө энэ сарын 20-ны дотор өгөхийг үүрэг болгожээ.