Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төслийг дэмжлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудыг энэ өдрийнхуралдаанаар хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин танилцуулав.
Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.
Өнгөрсөн хугацаанд тус хуулийг мөрдөн ажиллах явцад зарим заалт нь хэрэгжих боломжгүй, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох шаардлагатай болсон нөхцөл байдал үүссэн учраас хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн ажлын хэсэгт ажилласан Эрүүл мэндийн яамны болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн төлөөллийн саналаар эрүүл мэндийн салбарт хэрэглэж буй өвчний нэршлийн дагуу шинэчилсэн найруулгын төслийн нэрийг “Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай” гэж нэрлэсэн байна.
Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцид “...шүүхийн шийдвэрээр ногдуулсан шийтгэлийн үр дүнд аливаа этгээдээр гүйцэтгүүлэх ажил буюу үйлчилгээ”-г конвенцийн “албадан буюу заавал хийлгэх хөдөлмөр” гэдэг нэр томьёонд оруулахгүй байхаар зааж, “Энэхүү конвенцийг соёрхон баталсан Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн бүр албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн бүх хэлбэрийг аль болох богино хугацаанд арилгах үүрэг хүлээнэ” гэжээ.
Мөн Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцид албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн аливаа хэлбэрийг хориглож, “...хүмүүжлийн арга хэрэгсэл болгох...” зэрэг зорилгоор ашиглахыг таслан зогсоохоор заасан аж.
Иймд согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх нь шийтгэл ногдуулж байгаа биш учраас энэ хуулиас албадан хөдөлмөр хийлгэхтэй холбогдсон зохицуулалтыг хассан байна.
Одоогийн мөрдөж байгаа хуульд Албадан эмчлэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяалалд байх бөгөөд түүний албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлнэ гэж заасан боловч мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эмчлэх мэргэжлийн удирдлага, боловсон хүчнээр хангах, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүрэг байдаггүй тул энэ чиглэлээр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэх ажлыг хуулийн төсөлд тусгажээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, согтуурч, мансуурах донтох эмгэгийн улмаас эмчлүүлэгчийн тоо хэд болоод байгааг тодруулсан. Мөн тэрбээр донтох өвчтэйгөө ойлгоод эмчлүүлэхээр шийдсэн хүнийг эмчлэх асуудлыг хэрхэн зохицуулах вэ хэмээгээд эмчлэх хугацаа, гарах зардлын талаар лавлаж байлаа.
Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар 2005 онд хийсэн судалгаагаар манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 51 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэгч байгаа бөгөөд үүний 8 хувь нь эмэгтэйчүүд болох нь тогтоогдсон байна.
Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар 2005 онд хийсэн судалгаагаар манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 51 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэгч байгаа бөгөөд үүний 8 хувь нь эмэгтэйчүүд болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн 1984 онд улсын хэмжээнд архинд донтох эмгэгийн тархалтыг судлахад 0.15 хувь байсан бол 20 жилийн дараа буюу 2014 онд хийсэн судалгаагаар энэ үзүүлэлт 6.2 хувь болж, даруй 40 дахин нэмэгдсэн ажээ.
Архинд донтох эмгэгтэй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд эмчлүүлэхээр шийдсэн тохиолдолд Наркологийн эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Наркологийн тасаг иргэдэд үйлчилж байгаа аж. Түүнчлэн иргэд хувийн эмнэлгүүдээс гадна АА гэх мэт эрүүл идэвхтэй амьдрах клубт хандах боломж ч бий аж. Харин энэ хуулийн төсөлд донтох эмгэгтэй ч өөрөө эмчлүүлэхийг хүсэхгүй байгаа хүнийг албадан эмчлэх талаар тусгасан юм байна. Хуулийн төсөлд албадан эмчлэх хугацааг сараас дээш гэж тусгасан байна. Гадны орнуудад эмчлэх хугацааг 6 сар хэмээн тусгасан байдаг ч манай орны хувьд эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй байгаа учир ийнхүү хугацаа тогтоохоос өөр аргагүй байгаа гэж ажлын хэсгийн гишүүд тайлбарлаж байлаа.
Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм.