Хөвсгөлийг Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холболоо
Мөрөн-Уньт чиглэлийн замыг өчигдөр нээснээр Хөвсгөл аймгийн төв Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдлоо.
Мөрөн, Улаанбаатарын хооронд нийтийн тээврийн автобус 20 цаг явдаг байсан бол одооноос энэ хугацаа хоёр дахин богиносож байна. Мөрөн-Уньт чиглэлийн 253.3 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулахад нийт 115.5 тэрбум төгрөг зарцуулсны 66.5 тэрбумыг нь “Чингис” бондоос санхүүжүүлжээ. Энэ ажилд 700 гаруй инженер, техникийн ажилтан, туслах ажилчин 270 орчим машин механизм, тоног төхөөрөмжтэйгээр зүтгэсэн байна.
Зам тавьсан компаниуд уг замын засвар, арчилгааг эхний 1-3 жилд орон нутгийн АЗЗА компанитай хамт хариуцаж ажиллах учиртай. Энэ үүргээ хариуцлагатай гүйцэтгэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг нээлтийн үеэр үүрэг болголоо. Тэрбээр “Зам дагаж хөгжил ирдэг.
Гадаад, дотоодын аялал жуулчлалын тулгуур болсон Хөвсгөл аймагт, хөвсгөлчүүд та бүхэнд энэ зам үр ашгаа өгч, хөгжил дэвшилд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гээд бүтээн байгуулалтын ажилд нэгдэн оролцсон компаниудын ажилтан, албан хаагчдад талархлаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм. Шинэ замын хөдөлгөөнийг нээх ёслолд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Оюунгэрэл, Л.Энх-Амгалан, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Х.Ержан, Кувейтийн Элчин сайд болон нутгийн иргэд оролцлоо.
Засгийн газар 2012-2016 онд бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьсан. Энэ хүрээнд 2013 онд Баянхонгор, Дундговь, Дорноговь, энэ онд Сүхбаатар, Өмнөговь аймгийн иргэд нийслэл рүү авто замаар ирж, буцдаг болоод байна.