Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр тохиолоо
Дэлхий дахинаа "Тогтвортой хөгжил - Технологийн оролцоо" уриан дор тэмдэглэж байгаа "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр" тохиож байна.
Энэхүү өдөртэй холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Хэвлэлийн бага хурал зарлаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, тэдний нийгмийн хамгаалал, төрөөс баримталж буй бодлого хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Тус хуралд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, СЗХЕТ-ийн захирал Б.Нарантуяа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, хамтран ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Монгол улсад 2013 оны байдлаар 96325 буюу нийт хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн тоон үзүүлэлт байна.
Үүнээс төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй 34239, олдмол хөгжлийн бэрхшээлтэй 62086 хүмүүс байна. Харааны бэрхшээлтэй 9559, сонсголын бэрхшээлтэй 8055, хөдөлгөөний бэрхшээлтэй 18351, сэтгэцийн бэрхшээлтэй 16549, хөгжлийн бэрхшээлтэй 10869 хүүхдүүд байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг төрийн бодлогын гадна орхигдуулдаг нэг ч улс орон байхгүй. Энэ ч утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын төвд байх ёстой юм.
Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцийг хэрэгжүүлэх "Арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай" 281 дгээр тогтоолыг батлан хэрэгжүүлж байна.
Мөн "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай" хуулийн төслийг боловсруулан 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцүүлэн дэмжигдсэн.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Ази, Номхон далайн бүс нутгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн "Эрхийг бодит болгоё" Инчеоны стратегийг хүлээн авч, хэрэгжүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байгаа тухай мэдээлсэн.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн амьдралд оролцох оролцоог хангах талаар төр, засгаас гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаагаа ч салбарын сайд онцлон хэлсэн.