МоАХ-ны удирдах зөвлөлийн төлөөлөл Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай уулзана
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2014.12.04

МоАХ-ны удирдах зөвлөлийн төлөөлөл Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай уулзана

МоАХ-ны Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдаан болж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ.

Хурлыг МоАХ-ны дэд дарга бөгөөд Гүйцэтгэх захирал УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг удирдан явуулсан байна. Энэ долоо хоногийн сүүлчээр албан ёсоор эхлэх Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг хэрхэн тэмдэглэх, МоАХ үүнд хэрхэн оролцох талаар болон бусад асуудлыг хэлэлцжээ. Удирдах зөвлөлийн гишүүд өөрсдийн төлөөлдөг салбар зөвлөл нь Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар мэдээлэл өгсөн аж.

Хурлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт, Д.Ганбат, Б.Наранхүү нарын өргөн барьсан Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нийгмийн хамгааллын арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг ирэх оны эхэнд хэлэлцүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн байна. МоАХ- ны дүрмийг өөрчлөх болоод санхүүжилтийг тодорхой болгох асуудлаар ажлын хэсэг байгуулахаар болж.

2015 оны нэгдүгээр улирлаас эхлэн МоАХ-ны ажлын төлөвлөгөөг сараар гаргаж, хэрэгжүүлэн, орон нутгийн ажлуудаа идэвхжүүлэхээр санал нэгдсэн аж. Түүнчлэн Удирдах зөвлөлийг чадавхижуулан, нэр бүхий гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нартай ойрын үед уулзалт хийхээр тогтож хуралдаан өндөрлөжээ.