Ж.Энхбаяр: АТГ-ын дотоодын болон мэдээллийн сан руу халдсан халдлага удаа дараа гарсан
Хууль зүйн салбарт өрнөөд байгаа зарим асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Сөрөг тагнуулын газрын дарга асан хурандаа Ч.Санжаасүрэн талийгаач Д.Энхбат агсны амь нас хохирсон хэрэгт холбогдуулан УИХ дахь Хүний эрхийн дэд хороонд өргөдөл гаргасан.Энэ дагуу Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг гарч ажиллаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө.Та уг ажлын хэсгийн гишүүний хувьд энэ талаар мэдээлэл өгөөч?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох асуудлын дагуу иргэдээс УИХ дахь Хүний эрхийн дэд хороонд өргөдөл ирсэн. Манай гүйцэтгэх чиг үүрэг бүхий тусгай байгууллагууд гадаадын орноос хүн хулгайлж ирсэн. Энэ факт мөн.Үүнийг Монгол Улсын Засгийн газар Герман, Францын Засгийн газраас уучлалт гуйснаараа нотолсон. Энэ асуудалтай холбоотойгоор дээрх улсуудад шүүх хурлын процедур болж байна. Түүнчлэн энд хохирогчоор яригдаж байгаа иргэн монголд ирээд нас барж, хохирогчийг өмгөөлж байсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгээд хэдэн жил болж байсан. Энэ асуудал саяны Б.Хурцын асуудалтай холбоотойгоор сөхөгдөж, эрхийн зөрчил буюу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүссэн өргөдлийг Хүний эрхийн дэд хороонд ирүүлсэн. Үүний дагуу манай хороо холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч байгаа. Бид одоо энэ хэрэг дээр Б.Хурцад холбогдох хэрэгт Германы шүүхээс шийдвэр гаргахын хүлээж байна. Бид энэ хэрэгт хэт улстөржих талаас нь хандвал тэнд Монгол Улсад ашиггүй шийдвэр гарахад бид өөрсдөө дэм болох талтай.Тийм учраас бид Германд шүүх хурлын процедур явж дууссаны дараа энэ асуудлыг шийдвэрлэе гэсэн байр суурьтай байгаа.
-Энэ өргөдөлтэй Хүний эрхийн үндэсний комисс танилцаад хүний эрхийг дээд зэргээр зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Дээрх хариулт хүний эрхийн дэд хороонд өнөөдрийг хүртэл цугласан мэдээллүүд дээр тулгуурлан гаргасан байр суурьтай нийцэж байгаа юу.Хүний эрхийн хэм хэмжээг дээд зэргээр зөрчсөн гэх шийдвэр хэр үндэслэлтэй гэж үзэж байгаа вэ?
-Үндэслэл гэдгийг нь бид тогтоодоггүй.Үүнийг Хүний эрхийн комисс гаргадаг.Тэд үндэслэлээ гаргаж, тогтоогоод асуудлаа бидэнд тавьчихсан байгаа.
-Таны харьяалагддаг Хууль зүйн байнгын хороонд Б.Хурцтай холбоотой шинэ, нэмэлт мэдээлэл ирсэн үү?
-Ирээгүй. Олон нийттэй яг адилхан мэдээлэлтэй байна.
-Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой асуудал Хүний эрхийн дэд хороонд тавигдсан. Хэсэг намжаад байсан энэ хэргийн талаар экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэрчийн мэдүүлэг өгч, С.Баяр гишүүн тайлбар өглөө гэдэг мэдээлэл олны анхаарлын төвд орлоо. Та энэ бүхнийг хэрхэн харж байна вэ?
-Энэ зүй ёсны эрүүл үзэгдэл. Онц байдлын үед шийдвэр гаргаж байсан улстөрчид, эрх мэдэлтнүүд долдугаар сарын 1-ний хэрэгт тайлбар өгөх ёстой. Энэ хэрэг монголын түүхэнд том хар толбо суулгасан. Тиймээс гэм хор учруулсан хүмүүст хариуцлага тооцох ёстой. Энэ хариуцлагыг бодохгүй бол улс төрийн цаашдын үр дагавар нь их муугаар гарна. Өнөөдрийг хүртэл бид ямар нэгэн шийдэлд хүрээгүй, нийгэмд хүлээлт үүсээд байгаа.
-Онц байдлын ажлын хэсгийг хуулийн дагуу Ерөнхий сайд ахална гэж хуульчилсан. Тухайн үед С.Баяр Улаанбаатарт байсан боловч уг ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд ахалсан байдаг.Яагаад ингэв гэдэг олон нийтийн дунд асуулт болоод үлдчихлээ?
-Үүнийг задлаад яривал их олон зүйл бий. Би үүн дээр байр суурь илэрхийлмээргүй байна. Энэ хэрэг шийдэгдэх ёстой. Холбогдох байгууллагууд нь ажиллаж байгаа юм билээ. Үндсэндээ Монгол Улс ийм нөхцөл байдалд бэлэн биш гэдэг харагдсан. Үүнээс сургамж авах ёстой.
-Хүний эрхийн дэд хороо энэ хэрэг дээр одоо ямар нэгэн ажиллагаа явуулж байгаа юу?
-Хүний эрхийн асуудал Онц байдал зарлахын өмнөх, дараах гэсэн хоёр өөр байдлаар орж ирж байгаа. Үндсэндээ бид ажлаа хийчихсэн. Одоо хууль хяналтынхны ажил үлдээд байна.
-АТГ-ын дарга нарыг анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хориод багагүй хугацаа өнгөрлөө. Чингэлтэй дүүргээс гаргасан энэ шийдвэрийг шүүх өөрт олгогдсон эрх мэдлийн дагуу хараат бус шийдвэрээ гаргасан гэдэгтэй та санал нийлж байгаа юу?
-Монголд авилга байгаа. Үүний эсрэг тэмцэх ёстой байгууллагууд нь чиг үүргээ биелүүлж чадахаа болиод УИХ-ын дэргэд АТГ-ыг байгуулсан. УИХ-ын дэргэд байгуулдаг нь улс төрийн хараат бус шийдвэр гаргадаг байлгахын тулд байсан. Тиймээс энэ байгууллагад УИХ-ыг давж халдах эрх зүйн орчин байхгүй. Өөрөөр хэлбэл, улс төрийн хамгаалалтад оруулсан. Гэтэл УИХ-ын дарга, холбогдох байнгын хорооны шийдвэргүйгээр ийм асуудал өрнөж зөрчил үүсгэлээ. Эндээс АТГ-ын улс төрийн дархлааг асар ихээр сулруулж байгаа нь харагдаж байна. АТГ-ын дарга Дорж, Дондог хэн байх нь сонин биш. Энэ байгууллага авилгатай тэмцэх асар өндөр улс төрийн хамгаалалттайгаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл сая энэ бүхнийг нураалаа. Энэ талаасаа би шүүхээс гаргасан шийдвэрийг таашаахгүй байна. АТГ-ын удирдлагуудад холбогдох энэ асуудлыг УИХ-ын холбогдох байнгын хороо удахгүй авч хэлэлцэх байх гэж найдаж байна.
-Энэ шийдвэрийг гаргасан хүмүүс АТГ-ын удирдлагуудыг Авилгын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн дагуу хуулийн хүрээнд шийдвэр гаргасан гэж байгаа?
-Хууль зөрчигдөх, ямар ч нөхцөл байдал үүсэж болно. Гэхдээ эцсийн шийдвэр УИХ дээр гарах ёстой. Учир нь энэ байгууллагын дархлааг УИХ өөрийн шийдвэрээрээ авч хаях эсвэл өөрчлөх ёстой.
-Одоо үүсээд байгаа энэ асуудлыг УИХ-аар дахин авч хэлэлцэх болов уу?
-Заавал хэлэлцэх ёстой. Өмнө нь ч УИХ-аар хэлэлцээд холбогдох шийдвэрүүдийг нь гаргаж байсан. Гэтэл үүнээс өөр байдлаар шийдвэрлэсэн нь засаглал хооронд асар том зөрчил, маргааныг бий болгочихлоо. АТГ-ын дарга нарыг цагдан хорьсон нь хэт улс төрийн үнэр орсон шийдвэр гэж хэлмээр байна.
-Удирдлагууд нь байхгүй байгаа энэ үед АТГ хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа хэмээн мэдэгдэж байгаа. Гэтэл зарим хүмүүс "толгойгүй" байгаа АТГ-т олон хэрэг хэрэгсэхгүй болж байна гэж үзэж байгаа. Танд ийм зүйл харагдаж байна уу?
-Дарга, дэд дарга гээд удирдлагууд нь ийм байдалд байгаа нь тус байгууллагыг хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгож байгаа юм. Гол хоёр албан тушаалтан нь байхгүй учраас үндсэн үйл ажиллагаа болох мөрдөн байцаах, гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байдалд орсон. Үүнээс үүдэн гарч буй сөрөг үр дагавруудаас хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол тус байгууллагын дотоод болон гүйцэтгэх ажиллагааны шугамаар авагдсан бүх мэдээллийн сан устгагдах, алга болох вий дээ гэдэг асуудал байна. Урьд урьдын үйл явдлуудыг ажиглаж байхад энэ мэдээллийн сан руу гаднаас довтлоод байсан. Дээрх мэдээллийн санг авах, устгах гэсэн удаа дараагийн үйлдэл гарсан. Тиймээс энэ удаад тэр яаж хөндөгдөж, оролдогдов гэдэг л хамгийн их санаа зовоож байна.
-Одоо АТГ-ын даргыг Ч.Сангарагчаа гэж үзэх үү. Дараагийн даргад нь зарим хүнийг нэр дэвшүүлээд, өрсөлдүүлээд эхэлчихлээ шүү дээ?
-Ч.Сангарагчаа гэдэг хүн энэ байгууллагын даргаар ажиллаж байгаа. АТГ-ын даргын бүрэн эрхийг УИХ-аас түдгэлзүүлээгүй. Тиймээс дараагийн хүний талаар одоо ярих шаардлагагүй.
-Төрийн албан хаагчдын ХОМ-т дүн шинжилгээ хийх, хариуцлагын асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэгт та орж ажилласан. Эндээс ямар дүгнэлтэд хүрсэн бэ. ХОМ ур өгөөжөө өгч байна уу?
-Маш их үр дүнтэй. Өнөөдөр төрд орсон бүх хүн өөрийн хөрөнгө орлогоо мэдүүлж байгаа нь урт хугацааны зураг авалтыг бий болгож байна. ХОМ-ээ худал мэдүүлэх тусам дараа нь бүр илүү худал хэлж, өмнөх алхмаа хаа шаардлагатай болно. ХОМ мэдүүлж ирсэн энэ таван жилийн хугацаанд төрд алба хашиж байсан хүмүүсийн хар зураг бий болжээ. Үүн дээр төрийн албан хаагчийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдахаар хэн яаж ажиллаж байгаа нь улам тод харагдана.Одоо бид төсвийн ил тод байдлын тухай хуулийн төслийг бэлтгэж байна. Ингэснээр төсвийн орлого, зарлага, зарцуулалт нь болно.Энэ гурван зүйлийг ил болгосноор монголын төртэй холбоотой авилга, албан тушаалын хэрэг эрс багасах боломжтой болж хууль эрх зүйн орчим бүрдэнэ гэж найдаж байна.
-Нийтийн албанд төрийн албан хаагчдын ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн төсөл энэ хаврын чуулганаар дэмжигдэх болов уу.Хэдийгээр хүмүүс хэрэгтэй гэж хэлж байгаа ч уг хуулийг батлах нь УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь эрх, ашиг хөндөгдөж байгаа болохоор батлахгүй гэж их олон хүн харж байна?
-УИХ дахь Авилгын эсрэг бүлэг энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхийн төлөө ажиллана.
-Ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэх нь ХОМ шиг үр дүнгээ өгөх болов уу. ХОМ бол төрийн албан хаагч өөрийн бодит хөрөнгөө мэдүүлж байгаа зүйл. Гэтэл ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэхэд хувь хүний өөрийнх нь ухамсартай илүү холбоотой шүү дээ?
-Үгүй. Одоо бол нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга нэг компани эзэмшиж байгаа талаараа ХОМ-д тусгаж байгаа. Тухайн компани нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй. Энэ хуулийн төсөл орж ирснээр дээрх мэдээлэл тодорхой болж, тэр хүний хашиж байгаа албан тушаалтай нийцэж байгаа эсэхийг тодорхойлох юм. Ингэж замыг тодорхой болгосноор ойр орчных нь бүх хүний мэдээлэл ил тод болно. Энэ нь цөөн хүн амтай манай улсад хэрэгжих боломжтой гэдгийг харуулж байгаа юм. Үүнийг дагаад АТГ-т иргэдийн үүргийнхээ дагуу ирүүлдэг мэдээлэл идэвхжинэ. Энэ бүхэн дээр улс төрийн маш сайн дэмжлэг үзүүлээд явбал ойрын таван жилийн дотор Монгол Улсад төрийн алба цэвэрших боломж их тодорхой болж ирнэ. Одоо төрийн албан хаагчид ХОМ мэдүүлээд хэвшчихлээ. Тиймээс үүнийг дахиад жаахан боловсронгуй болгох хэрэгтэй. ХОМ-ыг улам дэлгэрэнгүй болгон задлах ажлын хэсэг ажиллаж байгаа. Одоо нэг төрийн албан хаагч нэг компани эзэмшдэг гэсэн мэдээлэл байгаад байдаг. Гэтэл тэр компани нь цаашлаад дахиад юу эзэмшдэг нь тодорхойгүй байна. Магадгүй эзэмшлийн компани нь дахиад компани эзэмшдэг байж болно.
-Одоо Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ярьж байгаа.ХОМ-ээ худал мэдүүлсэн тохиолдолд удирдлага нь ажилтандаа захиргааны арга хэмжээ авах ёстой.Гэтэл ийм арга хэмжээ аваагүй тохиолдлууд шат дамжсаар шүүхэд очихоороо Авилгын эсрэг хуулийнхаа дагуу 200 орчим мянган төгрөгийн мөнгөн торгууль ногдуулаад л төгссөн олон хэрэг байна?
-Бид ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Авилгын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ХОМ-ийн хүснэгтийг шинэчлэх гээд бүгдийг нь тусган өргөн барьсан байгаа.Өөрийн чинь хэлж байгаа энэ асуудлуудыг ч гэсэн тусгасан. Ингэвэл ингэнэ гэдэг санкцуудыг тодорхой болгосон.
-Сүүлийн 2010 оны ХОМ-т л гэхэд УИХ-д суусан гурван жилийн хугацаандаа зургаан компанитай болсон гишүүн байна. Энэ нь нийгэмд УИХ-ын гишүүн хууль батлах үндсэн ажлаасаа илүүтэйгээр төрийн албаны хүчээр далайлган бизнесийн ажлаа хийсэн гэх дүгнэлтэд хүргэж байна. Үүнийг хязгаарлах боломж бий юу?
-Үүнийг зохицуулахад хэцүү л дээ. Хүн хувийн хөрөнгө оруулалт хийх, аж ахуй нэгж бий болгох, хувьцаа авахыг хязгаарлах боломжгүй.Ийм шалтгаан байгаа учраас сонирхлын зөрчлөөр нь тодорхой хязгаарлалт хийх гээд байгаа юм. 100 хувь төгс болохгүй ч бага багаар нь урагшилж, шүүлтүүр нь сайжирч байна. Бид энэ асуудлыг их доороос нь эхэлж байгаа. Нэг л мэдэхэд төрийн албан хаагчид 10-15 жил ХОМ-ээ өгсөн байх болно.Энэ үед хөрөнгөө нуун дарагдуулах ямар ч гарцгүй болсон байна.
-Бидний ярианд төрийн албан хаагчдын санхүүжилтийн асуудал хөндөгдлөө. Сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор сүүлийн үед намуудын санхүүжилтийн асуудал яригдаж байна?
-Одоо Сонгуулийн хуультай холбоотойгоор улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал хөндөгдөнө. Яаж тусгагдах нь одоогоор тодорхойгүй байна. АН 2012 оны сонгуульд нэр дэвшигчдэд 50 сая төгрөгийн босго тавьсан. 2010 оны ХОМ-т орлого нь 50 сая хүрэхгүй байгаа хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүс УИХ-д нэр дэвшихийн тулд 50 сая төгрөг олохын тулд нэг бол зээл эсвэл авилга авна. Нөгөө бол ашиг сонирхлын зөрчилд орох буюу нэг компаниас мөнгө авч эрх ашигт нь үйлчилнэ гэсэн үг. ХОМ-ын давуу тал энэ.
-Та намуудын санхүүжилтийг ил тод болгох асуудлыг дэмждэг үү.Танай нам хэзээ энэ алхмыг хийх юм бэ?
-Зайлшгүй шаардлагатай. Сая Германы Ерөнхий сайд улс төрийн намын санхүүжилтийн асуудлаас болж огцорлоо. Ардчилал гэдэг энэ нийгэм маань биднээс энэ ил тод байдлыг цаашид бүр ч ихээр шаардах болно. Цаашид аж ахуй нэгж, хувь хүн тийм хэмжээний мөнгө хандивлана гэдгийг заагаад өгнө байх.Үүнийг дагаад сонгуулийг боловсронгуй болгох явцтай холбоотойгоор сонгуулийн зардал багасна.
С.Энхзаяа