Д.Баттогтох: Бүгдийг нэг урсгалд оруулах нь чухал байна
Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Д.Баттогтох ийн ярилаа.
-Жижиг, дунд үйлдвэрийн салбарыг ирэх хоёр жилийн хугацаанд чиглүүлэх Засгийн газрын тогтоол өнгөрсөн наймдугаар сард батлагдлаа. Мөн өнөөдөр (өчигдөр) "Хандивлагч орнуудын чуулга уулзалт" болж байна. Дээрх хоёр үйл явдлын үр дүнг хэрхэн харж байгаа вэ?
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нэгдсэн Үндэсний Байгууллага, Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх төсөл, Жайка байгууллага, Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэрэг байгууллага нийлээд "Хандивлагч орнуудын чуулга уулзалт"-ыг зохион байгуулж байсан.
Үүний дараа судалгаа шинжилгээ хийж, олон улсын байгууллагын туршлага судалснаар өнгөрсөн наймдугаар сард "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр"- ийг Засгийн газраар батлуулсан. Тэгэхээр ирэх жилүүдэд жижиг, дунд үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг замын зураглал маань гарчихаж байгаа юм. Эхний үр дүн гэвэл энэ.
Харин одоо Засгийн газрын чиглэлтэй болсон гэдэг утгаараа дээрх олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах, ялангуяа бизнес эрхлэгчийг дэмжсэн олон хөтөлбөр, санхүүгийн дэмжлэгийг Засгийн газраас баримталж буй бодлоготой уялдуулах талаар ярилцаж байна.
Тухайлбал, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг Жайка олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтыг санхүүгийн хүртээмжтэй байдал гэж баталсантай уялдуулах зэргээр санал солилцож байна.
Үр дүнд нь, энэ олон байгууллагуудыг нэг зүгт нь чиглүүлэх, цаашлаад жижиг дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг олон улсад сайжруулах ёстой гэсэн ийм л зүйлд зорьж байна.
-Хандивлагч байгууллагууд яагаад Монгол Улсын жижиг дунд үйлдвэрт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг юм бэ?
Жижиг, дунд үйлдвэрийн салбар ажлын байрыг хамгийн ихээр бий болгодог. Бид үүнийг тогтвортой хөгжил гэж ярьдаг. Эдийн засаг нь уул, уурхайгаас шалтгаалан өсч буурдаг ч энэ үед жижиг, дунд үйлдвэр тогтмол орлоготой ажлын байраа хадгалж байдаг, уян хатан салбар юм.
Эдийн засгийн хямралын үед ч хөрвөх чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл, 1-9 ажилтантай бизнес эрхлэгч маань эдийн засгийн эрсдэл гарахад тухайн эдийн засгаа салбараа солиод явах боломж байдаг. Энэ утгаараа хандивлагч байгууллагууд жижиг, дунд үйлдвэрт хамгийн ихээр ханддаг.
Дээр нь Монгол Улсын ажиллах хүчний 70 орчим хувь нь энэ салбарт хамаарч явдаг. Ажиллах хүчний шингээлт ихтэй гэдэг утгаар нь салбарыг нь хөгжүүлэх тал дээр дуу нэгтэй байдаг. Тиймээс улсын зөв бодлого дор олон төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог нэн түрүүнд сайжруулах хэрэгтэй.
-Төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог ямар замаар сайжруулах юм бэ. Хичнээн хандивлагч байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
Манай улс руу чиглэсэн "донор" байгууллагуудын төсөл хөтөлбөр нь хоорондоо уялдаагүй, бодлогын хувьд зангидаж чадаагүй байна гэж Ажил, олгогч эздийн нэгдсэн холбооноос хэлснийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Өмнө нь Сангийн яам, Эдийн засгийн яам зэрэг олон газар энэ салбарын үйл ажиллагааг хариуцаж байсан.
Эдийн засгийн гол салбар хөдөө, аж ахуйн салбар.
Тиймээс яг жижиг, дунд үйлдвэрийн төрийн бодлого хариуцсан, төрийн захиргааны төв байгууллага нь салбараа зангидаж явах хэрэгтэй гэж донор байгууллагууд үзсэн. Харин тэр байгууллага нь Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газар юм. Бид ч гэсэн энэ санаачилгыг эхлүүлээд Европын Сэргээн Босголтын Хөгжлийн банктай хамтраад мэдээллийн нэгдсэн системтэй болох зүйтэй гэж байгаа.
Өөрөөр хэлбэл, хандивлагч байгууллагын мэдээлэл байдаг, тэдний хэрэгжүүлж байгаа болон хөрөнгө оруулсан төсөл хөтөлбөрүүд байршдаг улмаар давхцалгүй мэдээллийн бааз гэсэн үг.
Олон улсын байгууллага ч бидний мэдээллийн сангаас дутуу зүйлийг нь олж хараад түүнийг нөхөх талын төсөл, хөтөлбөрийг боловсруулахад дөхөм юм. Өнөөдрийн байдлаар яг манайхтай хамтарч ажиллаж байгаа олон улсын зургаан байгууллага бий.
-Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт дотоодын жижиг, дунд үйлдвэрлэлд орсон байдаг юм бэ. Зөвхөн хандивлагч байгууллагын хүрээнд?
Хөрөнгийн хэмжээг нарийн тодорхойлох боломжгүй. Мэдээллийн сангуудаа бүрдүүлчихвэл энэ талын мэдээлэл илүү нээлттэй болно.
-Жижиг, дунд үйлдвэр дотроо тэргүүлэх чиглэл нь юу байна?
Эдийн засгийн гол салбар хөдөө, аж ахуйн салбар. Ялангуяа, жижиг, дунд үйлдвэрийнхэн энэ чиглэлд түлхүү ажилладаг. Одоо бол барилгын салбар орж ирж байна.
Тиймээс энэ салбарт бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг асуудалд анхаарал хандуулж ажиллах санал, санаачилга гарсан. Цаашдаа бүх төрлийн боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалтын шаардлага гарч ирэх байх. Учир нь боловсруулах үйлдвэр манай улсын хувьд чухал шаардлагатай байгаа.