УИХ-ын гишүүд Баянгол дүүрэгт ажиллалаа
УИХ-ын гишүүд Баянгол дүүрэгт
2014.11.18

УИХ-ын гишүүд Баянгол дүүрэгт ажиллалаа

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Н.Номтойбаяр болон МАН-ын Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Баатарзориг, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нар Баянгол дүүрэгт ажиллалаа. 

Тэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сувилахуйн болон Сэрүүлэг дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, Төмөр Замын Соёлын Төв ордоноо Баянгол дүүргийн иргэдтэй нэгдсэн уулзалт хийлээ. Баянгол дүүрэгт МАН-аас УИХ-д сууж буй нэг ч төлөөлөл байхгүй.

Гэхдээ УИХ дахь МАН-ын гишүүд иргэдийнхээ ахуй амьдралтай танилцахаар тус дүүрэгт ажиллаж, санал бодлыг нь сонсч байгаад баярлах хүн олон байсан юм. Үнэхээр ч Төмөр замын соёлын төв ордон суудалгүй болтлоо дүүрсэн байсан нь улс төр, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед иргэдийн үгийг сонсох төр, засгийнхан хэрэгтэй байгаагийн илрэл гэж хэлж болохоор.

Нийслэлдээ томоохон тооцогддог Баянгол дүүргийн иргэдийн зүгээс тулгамдаж буй олон асуудлыг хөндөж байсны дотор үнийн өсөлтийг хязгаарлах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай санал дийлэнх хувийг эзэлж байв. Тухайлбал, ард түмний амьдрал сүүлийн хоёр жилийн дотор эрс муудлаа, Засгийн газрын үйл ажиллагаа шаардлага хангахгүй байна, бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудал мэдээж чухал.

Гэхдээ эрх баригчдын зүгээс иргэдийн амьдралыг сайжруулах талаар арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжлэх хүн олон байлаа. Мөн “тэтгэвэрийн мөнгө дэндүү бага байна. Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан энэ үед тэтгэврийн хэдэн төгрөг хаанаа ч хүрэхгүй ахуй амьдрал доройтож байна. Гэтэл Н.Алтанхуяг гэгч улсын мөнгийг ах дүүгээрээ нийлж идэх нь зөв үү. Үүнд хариуцлага тооцооч ээ” гэх хүн ч байсан юм. Түүнчлэн эдийн засгийн энэ хямрал залуусын амьдралд ч нөлөөлж эхэлсэн.

Тухайлбал, оюутны 70 мянган төгрөгөө авч чадахгүй байгаагаас гадна зарим нь автобусанд хөнгөлөлттэй явах боломжгүй байгаа талаар ярилаа. Мөн залуусын чөлөөт цагаа өнгөрөөх газар хомс, эрүүл амьдрах нөхцөл бололцоо алга гэдгийг тус дүүргийн иргэн Ууганбаяр хэлж байв. Иргэдийн хамгийн их хөндсөн дараагийн асуудал боловсрол, ялангуяа цэцэрлэгийн хүрэлцээ байсан юм.

Эрх баригчид Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхдүүдийн төлөө зүйл хийхгүй байна. Цэцэрлэг байхгүй нэрийдлээр “шоу” хийхээс амьдралд хийж буй бодитой ажил алга. Улсын ачааллаас үүрэлцэх хувийн цэцэрлэгүүдийг дэмждэггүй. Хувийн хэвшлээ дэмжвэл үнэгүй цэцэрлэг ч байгуулах боломж маш их бий талаар Бөмбөөхөн цэцэрлэгийн эрхлэгч ярилаа.

Түүнчлэн иргэд мэргэжлийн яамд мэргэжлийн удирдлагагүй боллоо. Даргаас нь эхлээд цэвэрлэгч хүртэл нь сольж байгаа халаа сэлгээ Монголд оронд газар авч байна. Үүнээс болж мэргэжлийн боловсон хүчингүй болж эхэлж байна. Сүүлийн үед Лениний хөшөө, Сүхбаатарын талбайгаас эхлүүлээд түүхээ өөрчилдөг муу жишиг тогтлоо.

Бахархах түүхгүй улс орон гэдэг хамгийн эмгэнэлтэй гэх мэт асуудлыг хөндөж, УИХ-ын гишүүдээс анхааралдаа авахыг хүссэн. Гурван цаг гаруй үргэлжилсэн уулзалтын үеэр энэ мэт иргэдийн санал хүсэлт тасарсангүй. Тиймээс биечлэн хэлж амжаагүй 300 гаруй саналыг бичгээр авч, нэгтгэн УИХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлэхийг дүүргийн МАН-ын хороонд өгснөөр уулзалт өндөрлөсөн.

УИХ дахь МАН-ын гишүүдийн зүгээс УИХ-аар хэлэлцэж буй асуудлууд, 2015 оны төсвийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ, иргэдээс ирж буй асуултуудад нээлттэй хариулсан юм. Мөн иргэдээс ирсэ санал хүсэлтийг бодлого үйл ажиллагаандаа тусгахаас гадна УИХ дахь намын бүлгээрээ дамжуулан ажил хэрэг болгож, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана хэмээн мэдэгдлээ.

Баянгол дүүргийн 15-р хороо хууль бус Засаг даргатай ажиллаж байна гэв

Нэгдсэн уулзалтын өмнө УИХ-ын гишүүн Су.Батболд, МАН-ын Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа, Нийслэлийн МАН-ын ХЭГ-ын дарга Б.Баатарзориг, Баянгол дүүргийн МАН-ын намын хорооны дарга Ж.Батсайхан нар Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төв болон тус дүүргийн 15 дугаар хороонд ажилласан.  

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгүүр хүүхдүүд ханиад томуу тусах, уушигны үрэвсэл болж хүндэрч ирэх нь ихэссэн. Ерөнхийдөө ачаалал ихтэй байгаа талаар тус төвийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ эрхэлсэн захирал Ц.Алтантуяа ярилаа. Мөн хувийн хэвшил, улсын эмнэлгийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зайлшгүй шаардлага байгааг хэлсэн юм.

Тухайлбал, хувийн эмнэлгүүд өндөр үнээр үзлэг оношлогоо хийдэг ч буруу хийх тохиолдол их. Үүнээс болж өвчтөн хүндэрлээ гэхэд улсын эмнэлэгт шилжүүлдэг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үнэгүй үзүүлэх үйлчилгээг зарим хувийн эмнэлэг 120 мянган төгрөгөөр оношилж буй жишээг ч дурьдсан. Тиймээс энэ зүйл дээр зайлшгүй төрийн зохицуулалт хэрэгтэй байгааг хэлж байлаа.

Харин Баянгол дүүргийн 15р хорооны хувьд хоёр жилийн турш хууль бус буюу хүчин төгөлдөр бус ИНХ, Засаг дарга ажиллаж байгаа аж. Тус дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Батсайханы хэлж буйгаар “Баянгол дүүрэг 23 хороотой. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 21-нд дүүргийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор дээрх 23 хорооны ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийн бүгдийнх нь бүрэн эрхийн хугацаа дууссан хэмээн үзэж, дахин ИНХ-ыг зохион байгуулжээ.

Үүний дагуу шүүхэд гомдол гаргаж Анхан шатны шүүх ДИТХ-ын дарга Д.Дэлгэрбатын гаргасан уг тогтоолыг хүчингүй богосон аж. Гэвч 15р хороонд дахин хуралдсан ИНХ-аас сонгогдсон тэргүүлэгч, Засаг дарга өнөөг болтол ажиллаж байгаа нь хууль, шүүхийг завхруулж байна” хэмээсэн юм. Хорооны иргэдийн зүгээс ч энэ асуудлыг хөндөж, УИХ, Засгийн газрын түвшинд авч үзэн, шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс санаачлан долоо хоног бүрийн даваа гаригт иргэдээ сонсох “Иргэдийн цаг” аяныг зохион байгуулаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Аяны хүрээнд 21 аймаг болон нийслэлийн есөн дүүрэгт хүрч, иргэдтэй уулзан санал хүсэлтийг нь сонсох зорилт тавин ажиллаж буй юм. Тэд өнгөрсөн хугацаанд Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар аймаг болон нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт тус тус ажиллажээ.