Д.Дамба: Эрх зүйн орчин тогтворгүйгээс хөрөнгө оруулагчид манайд итгэхгүй байна
Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын ерөнхийлөгч Д.Дамба
2014.11.14

Д.Дамба: Эрх зүйн орчин тогтворгүйгээс хөрөнгө оруулагчид манайд итгэхгүй байна

Уул уурхайн хөрөнгө оруулалтын талаар Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын ерөнхийлөгч Д.Дамбатай ярилцлаа.

-Уул уурхайн хөрөнгө оруулагчдыг татах “Discover Mongo- lia-2014” уулзалт эхэллээ. Энэ жил гадны хөрөнгө оруулагч цөөн ирсэн байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-­Өнгөрсөн жилүүдийнхээс хөрөнгө оруулагч цөөн оролцлоо. Ер нь гадаадаас Монголд хөрөнгө оруулах сонирхолтой шинээр бүртгүүлж буй компани алга. Уулзалтад өмнө нь манайд хөрөнгө оруулж байсан болон одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын төлөөлөл оролцож байна.

-Өмнө нь хамтран ажиллаж байсан компаниуд дахин хөрөнгө оруулах саналтай байна уу, эсвэл хууль эрх зүйн байдлыг ажигласан шинжтэй оролцож байна уу?

-­Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин өмнөхөө бодвол харьцангуй гайгүй болсон. Гэхдээ эрх зүйн орчин маань ойр ойрхон солигдоод байгаа шүү дээ. Бүр тодорхой хэлбэл, улс төрийн тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлж байна. Гаднынхан одоо “Гайгүй болчихлоо” гэж үзээд хөрөнгө орууллаа гэхэд ирэх 2016 оны сонгуулиар манай улстөрчид дахиад өөр бодлого хэрэгжүүлээд эхэлбэл хэцүү л дээ. Тиймээс хөрөнгө оруулагчид итгэхгүй байна.

-Тэгэхээр ирэх сонгуулиас нааш хөрөнгө оруулагчид ирэхгүй гэсэн үг үү?

-­Итгүүлэхийн тулд тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Манай хууль эрх зүйн орчин тогтвортой байх ёстой. Өнгөрсөн сонгуулийн үеэр айхавтар хуулиуд гарсан даа. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гэж алдаатай том хууль гаргаж баахан хориг саад хийсэн. Үүнээс болж л хөрөнгө оруулагчид дүрвэсэн. Түүнээс биш ашигт малтмалын тухай хууль ч нэг их нөлөөлөөгүй. Гэхдээ дээрх хуулийн алдаагаа зассан. Гэхдээ л үе үе ийм асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Монгол Улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдал нь гадаадын хөрөнгө оруулж байгаа хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхгүй байна.

Тодорхой хугацааны дараа, тэр тусмаа 2016 оны сонгуулийн дараа энэ байдал өөрчлөгдөх үү, эсвэл хэвээрээ байх уу гэдгээс хамаарна. Хэрэв энэ хэвээрээ байгаад улам сайжирвал хөрөнгө оруулалт нэмэгдэх магадлалтай. Нөгөө талаар одоо хөрөнгө оруулаад ажиллаж байгаа гадаадын нэр хүндтэй томоохон компаниудыг бусад нь ажиглаж байна.

Тухайлбал, Оюутолгойд хөрөнгө оруулсан “Рио Тинто”-гийн асуудал хэрхэн шийдэгдэхийг харж байгаа. Гэтэл “Рио Тинто”-д манай талаас баахан акт тавиад, татварын маргаан үүсгэчихлээ. Тэгээд зарим улстөрч, эдийн засагчид нь ““Рио Тинто” шиг хэрэггүй компани байхгүй” гэсэн. Энэ бүхэн нь бусад компани хөрөнгө оруулахаас татгалзах, болгоомжлох нөхцөлийг бий болгоод байна.

-Улстөрчдийн буруу бодлого, оролцоо уул уурхайн салбарт хэт их байгаа болохоор хөрөнгө оруулагчид дүрвээд байна гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Уг нь манай улстөрчид болон төр засгийн байгууллагууд бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан гадны компаниудтай орооцолдоод байх хэрэггүй. “Төдөн хувийг нь төрд авна...” энэ тэр гээд байх нь буруу. Ингэж үргээдгээ болих хэрэгтэй. Тэгж байж л уул уурхайг сэргээнэ. Дэлхий дахинд коммунист дэглэмтэйгээс бусад оронд бол хувийн хөрөнгийг хамгаалдаг. Гэтэл манайх коммунист дэглэмээс дөнгөж салаад байгаа учраас өмнөх үеийн “Төрийн өмч...” гэдэг ойлголт нь арилж өгөхгүй байгаа юм. Төрийн өмч бол байж болно.

Гэхдээ ялгаж салгах хэрэгтэй. Яах гэж бид ардчилсан хувьсгал хийсэн юм бэ, тийм биз. Үүнийг л арилгах гэж шүү дээ. Тэгэхээр хувийн өмчийг баттай хамгаалдаг болох хэрэгтэй. Уг нь Үндсэн хуульд хувийн өмчийг хамгаална, дэмжинэ гэж заасан байдаг. Гэвч бусад салбар хууль нь үймүүлээд байгаа юм.

Тухайлбал, 2007 онд Гэнэтийн ашгийн татварын тухай хууль гэж гарган. Энэ хуулиар хүний олборлосон алтны 68 хувийг шууд хурааж авахаар заасан. Ингэж аймшигтайгаар халдаж болохгүй. Энэ мэт хууль хэрэгжиж байхад манай улсад яаж ч хөрөнгө оруулах билээ дээ. Хамгийн гол нь гадаадын нэр хүндтэй томоохон компаниудын үйл ажиллагааг хэвийн явуулж, дотоодынхоо томоохон компаниудаа дэмжих хэрэгтэй. Төрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эднэнэс тавантолгой” компани энэ хэвээрээ удаан явбал ирээдүй муутай.

-Тэгэхээр “Эрдэнэс тавантолгой” компанийг яах ёстой гэж?

-Олон улсын зах зээлд хувьцаа гаргах хэрэгтэй. Аль ч улсын хэн ч эзэмшиж болно шүү дээ. Ингэж байж л бид хөгжинө.

-Ер нь хөрөнгө оруулагчид “Рио Тинто” компанийг л ажиглаад байгаа юм болов уу?

-Олонхи нь тэгж байна. Аргагүй шүү дээ. Гэтэл “Оюутолгой”-г байсхийгээд л үймүүлээд байх юм. Татвараас гадна хоёр дахь санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй сууж байна. Энэ ордын нөөцийн 80 гаруй хувийг далд аргаар олборлоно гэж байгаа. Харин санхүүжилт нь гацчихсан байдаг. “Оюутолгой”-н хувьцаа хүртэл унаад байгаа шүү дээ. 30 ам.доллар байсан хувьцаа хоёрхон ам.доллар болтлоо унана гэдэг бол аюултай том цохилт. Бүх зүйл ил тод, нуухын аргагүй болсон энэ цагт гаднынхан үүнийг маш сайн ажиглаж байна.

-Өнгөрсөн хоёр жилийн дотор хөрөнгө оруулалт хэдэн хувиар буураад байгаа вэ. Энэ удаагийн чуулганы үр дүн хэдий хэр хугацааны дараа гарах бол?

-Ер нь хоёр жилийн дотор 40 гаруй хувиар буурсан. Одоо бол гаднынхан дараагийн сонгуулийн үр дүн, түүний дараа гарах өөрчлөлтийг харах байх. Гэхдээ миний ажиглаж буйгаар ямар ч байсан дараагийн сонгууль хүртэл хууль эрх зүйн орчин энэ янзаараа явах байх. Энэ янзаараа явахад муу зүйл байхгүй. 2016 оны сонгуулиар өөрчлөгдөхгүй цаашид үргэлжлээд явбал харин хөрөнгө оруулагчдад баттай итгэл үнэмшил төрүүлнэ.

-Манай талаас энэ удаагийн чуулганы үеэр гаднынханд хөрөнгө оруулах боломжтой ордуудаа танилцуулж байгаа юу?

-Энэ чуулганд ордын танилцуулга бараг хийхгүй байгаа. Харин эрх зүйн орчин ямар байна, өнгөрсөн хугацаанд яаж ирэв, цаашид яах вэ гэдэг талд түлхүү ярьж байна. Мөн техник технологийн талаар ярих болов уу. Тэгээд хөрөнгө оруулалтыг дэмжих, тэдэнд эерэг байх тухай гадна, дотны олон илтгэл тавигдаж байгаа. Энэ бүхнээс “Монгол Улс хөрөнгө оруулагчдад халтай бодлого хэрэгжүүлэхгүй юм байна” гэдэг эерэг ойлголт төрөх байх гэж бодож байна. Салбарын сайд ч чуулганд оролцоод “Бүх талаар дэмжинэ. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллана” гэж хэлсэн.

-Өнөө жилийн чуулганд ямар, ямар улсын дэлхийд нэр хүндтэй томоохон компаниуд ирсэн бэ?

-Хаанаас ямар, ямар компани ирсэн талаар сайн танилцсангүй. Ямартай ч “Англи-Американ” гэдэг дэлхийд эхний 10-т ордог томоохон компанийн Ази Номхон далайн бүс хариуцсан захирал оролцож байгаа. Манайхан дэлхийд нэр хүндтэй, олон зуун жил нэр нь дуурсагдсан, олон оронд салбартай, туршлагатай томоохон компаниудыг бусад жижиг компаниас ялгах талдаа муу л даа. Манай улстөрчид өөрт нь ашигтай жижиг компаниудыг дэмжээд байхаас биш жинхэнэ стандартаар ажилладаг, туршлагатай, шударга том компанийг хүлээж авах, тэдэнд нөхцөл бололцоо олгохдоо тааруу байна.

Дэлхийд нэр хүндтэй томоохон компаниудтай хамтарч ажиллавал дор хаяж манай улсын нэр хүнд өснө шүү дээ. Харамсалтай нь манайхтай хамтарч ажиллаж буй дэлхийн 50-аад оронд салбартай “Рио Тинто”-г харааж зүхээд байхад яаж ч урагшлах билээ. Хэн ч танихгүй нэг жижиг компани манай улсын шийдвэр гаргагчдад хувьд нь туслалцаа дэмжлэг үзүүлдэг болохоор тэднийгээ дэмждэг бололтой.

Энэ нь манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд гарахад саад болж байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэх бусад томоохон компани “Монголчууд “Рио Тинто”-г яаж доош нь хийж байна вэ. Тэгэхээр бид тийшээ зүглэх хэрэг байна уу” гэж ярилцаж байгаа. Өмнө нь бүр “Монгол руу явснаас Мяньма руу явсан нь дээр” гэсэн зүйр үг шиг юм гарсан байсан. Энэ бол манай шийдвэр гаргагчдын алсыг харахгүй байгаатай шууд холбоотой.

-Одоо “Төмөр замын асуудал шийдэгдчихвэл манайх нүүрс тээвэрлэлтээ хийгээд эдийн засаг сайжирна” гэж яриад байгаа. Энэ талаар?

-Төмөр замын асуудал яриад байгаа ч, шийдээгүй л байна шүү дээ. Намрын чуулганаар царигын асуудлаа шийдэх үү, үгүй юу мэдэгдэхгүй байна. Сая хоёр хөршийн төрийн тэргүүнүүд ирээд “Төмөр замын дамжин өнгөрүүлэх байгуулъя” гэж ярьсан. Энэ нь хэзээ ажил хэрэг болох юм бүү мэд. Уг нь энэ асуудал маш чухал. Аль аль талтай нь өөрсдийнх нь төмөр замын стандартаар харьцвал манайд ашигтай.

Зөвхөн нэгнийх нь төмөр замыг барьчихаад нөгөөтэй нь харьцах гээд байхаар яаж болох билээ. Ямартай ч хоёр хөршийн төрийн тэргүүнүүдтэй байгуулсан баримт бичгээ ажил болгох хэрэгтэй. Хятад улсын төрийн тэргүүн ирээд буцсанаас хойш нэг ч ажил нь биелэлээ олох эхлэлээ тавиагүй байна. Манайхан нэг санамж бичигт гарын үсэг зурчихаад мартдаг, хойш тавьдагаа болих цаг босон. Айлчлал буцлаа, маргааш нь ажилдаа орох хэрэгтэй л дээ. Бизнесийн орчинд цаг хугацааг алдаж болохгүй. Ямартай ч энэ удаагийн чуулганаар тавигдаж буй илтгэлүүд, хэлэлцүүлэг дараа дараагийн үйл ажиллагаанд нөлөөлнө байх л гэж найдаж байна даа.