Хамтын хүч амжилт
Ганц мод гал болдоггүйн адил хэчнээн сайн тамирчин байгаад их спортын талбарт ганц биеэр амжилтад хүрнэ гэж үгүй. Тэр тусмаа ухаалаг, зөв менежмент, сайн хөрөнгө оруулалт шаарддаг өрсөлдөөн ихтэй спортын ертөнцөд. Тив, дэлхийн дэвжээнд өрсөлдөхүйц хүчирхэг тамирчдыг бэлтгэхэд хамтын хүч хамгаас чухал.
Хамтын хүчээр хүрч болох оргил бүхэнд мөрөө үлдээж, нэрээ дуурсгаж яваа хүмүүс бол манай жүдочид. Олимп, дэлхийн аваргаас эхлээд олон улсын чанартай хамаг л тэмцээн уралдаанд манай цагаан өмсгөлтнүүд манлайлж, тэргүүлж байна.
Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа жүдочид маань бусад спортын баг тамирчдад урам зориг, эрч хүч өгч зөв үлгэр дуурайлал үзүүлж байгаа. Түүнчлэн, бусад бөхийн төрөл, баг тамирчид, багш дасгалжуулагч, спорт хороо, холбоодыг араасаа дагуулж амжилт тийш хөтөлж байгаа юм. Үүний илрэл болгон ах дүү бөх хэмээгддэг жүдо, самбо бөхийн холбоод хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Б.Гэрэл нар өнгөрсөн долоо хоногт Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж хүчээ нэгтгэлээ.
Хоёр холбоонд хамтран ажиллаж ирсэн урьдын туршлага, уламжлал бий. Эл харилцаагаа сэргээх, бэхжүүлэх, бэлтгэл сургуулилалт болон тэмцээн уралдааны давтамж, хамрах хүрээг сайжруулж үүгээрээ тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд анхаарал тавьж, харилцан уялдаатай хамтран ажиллахыг санамж бичигт онцолжээ.
Санамж бичиг үзэглэснээр бөхийн барьцтай барилдааны төрлийн ах дүү бөхийн холбоод хамтын ажиллагааг бүх шатанд идэвхжүүлж, тамирчдын амжилтыг дэлхийн түвшинд хүргэнэ хэмээн үзэж байгаа юм. Хамтран ажиллах чиглэлийн хүрээнд Монголын жүдо бөхийн холбоо, самбо бөхийн холбоог эрхзүйн талаас бэхжихэд дэмжих, багш-дасгалжуулагч, мэргэжилтэн бэлтгэх, ажиллуулахад туслах, самбо бөхийн улс, олон улс, тив дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд хамтран оролцох, самбо бөхийн төрлөөр тусгайлан бэлтгэл хийх боломжоор хангах, самбо бөхийг Олон улсын олимпын тоглолтын хөтөлбөрт оруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг үүрэг хүлээсэн байна.
Харин Монголын самбо бөхийн холбоо жүдо бөхийн холбооны үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллах, жүдо бөхийн улс, олон улсын тэмцээнд тамирчдаа хамтран оролцуулах, самбо, жүдо бөхийн хамтарсан бэлтгэл, цугларалтаа хариуцах гэх мэт үүрэг хүлээх аж.
Дашрамд дурдахад, Олон улсын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч В.Шестаков, Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч М.Визер нар мөн хамтын ажиллагааны санамж бичигт өнгөрөгч наймдугаар сард гарын үсэг зурсныг ийн Монголын хөрсөнд буулгасан нь бэлгэшээлтэй үйл явдал болж байгаа юм.
Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга “Самбо бөхийг хөгжүүлэх тал дээр Дэлхийн самбо бөхийн холбоо багагүй ажил хийж байна. Бид ч үүнийг дэмжин эх орондоо энэ спортыг хөгжүүлэх нь чухал. Тийм учраас хоёр холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Товчхондоо, хүчээ нэгтгэж байгаа хэрэг. Бид хамт байвал хүчтэй байна, хамтын хүч бол амжилт юм” хэмээсэн.
Харин Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Б.Гэрэл “Санамж бичигт гарын үсэг зурж байгаа нь Монголын спортын түүхэнд бичигдэх хамгийн том үйл явдлуудын нэг болж байна. Ирэх долоо хоногт манай тамирчид Тайландын элсний наадамд оролцохоор явна. Энэ бол самбо бөхийг олимпын наадамд оруулах анхны алхам. Үүний дараа буюу оны сүүлээр самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японд болно.
Энэ хоёр тэмцээнд бид их ач холбогдол өгч байна. Энэ зорилго, чиглэлийг маань дэмжин ажиллах хүсэлт гаргасан Жүдо бөхийн холбооныхондоо талархал илэрхийлье. Бидний хувьд нэр төрийн хэрэг юм” хэмээн онцолж байлаа.