Д.Ганбат: “Торгоор хөлөө ороож, дурдангаар ачаа татаж” явсан үе бидэнд бий
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2014.11.11

Д.Ганбат: “Торгоор хөлөө ороож, дурдангаар ачаа татаж” явсан үе бидэнд бий

Засгийн газрыг огцруулах шийдвэр гарсантай холбоотойгоор өнгөрсөн пүрэв гаригт чуулган хуралдаагүй нь иргэдийн шүүмжлэл дагуулж байсан. Тэгвэл баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 11.20 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм.

Энэ удаагийн хуралдаанаар Төрөөс мөнгөний талаар баримтлах тогтоолын төслийн үндсэн чиглэлийг батлах тухай хэлэлцэв. Үдээс өмнөх чуулганы хуралдаанаас өмнө Эдийн засгийн байнгын хороо энэхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Байнгын хорооны гишүүдийн зүгээс Засгийн газрын өрийн эргэн төлөлттэй уялдсан төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэх, төсвийн тогтвортой байдлыг хангаж, Засгийн газрын өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг боловсруулах, гадаад валютын урсгал, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж ажиллах зэрэг санал гаргажээ.

Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг С.Дэмбэрэл гишүүн уншиж сонордуулсан юм. Тэрбээр “Тогтоолын төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн А.Тлейхан, Л.Энх-Амгалан, Ө.Энхтүвшин нар ирэх оны төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, ирэх оны мөнгөний бодлогын зорилтыг хэрэгжүүлэх дэд хөтөлбөртэй, чамбай сайн бодлого байхаар өөрчлөн батлах, мөнгөний бодлогыг Хөгжлийн банк, Засгийн газрын үнэт цаас, өр зээлүүдтэй нягт уялдаатай авч үзэх хэрэгтэй гэсэн санал гаргасан.

Түүнчлэн Ч.Хүрэлбаатар гишүүн Монголбанк бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд үнэн бодит мэдээллийг өгдөг болох, үнэ ханшийн тогтвортой байдал, бизнесийн цэвэр өрсөлдөөнд сөрөг нөлөөлж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг 2015 оноос зогсоосон нь дээр хэмээн үзэж байгаа” гэлээ. Төрөөс мөнгөний талаар баримтлах тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Бид “Аливааг болохгүй байна” гэж ярихаар иргэд ч тэгж ойлгоод байна. Гэтэл бодит байдал дээр бүх зүйл болж, бүтэхгүй байгаа юм алга. Санхүүгийн сахилга бат гэдгийг нийтээрээ мөрдөж сурмаар байна. Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг олгох хөтөлбөр хэрэгжүүлснээр олон хүн байртай боллоо. Иргэд ажлын байраа алдахгүйн тулд хичээж өмнөхөөсөө илүү хичээж байна. Хэрэгцээндээ ч хэмнэлттэй хандаж эхэлсэн.

“Торгоор хөлөө ороож, дурдангаар ачаа татсан” үе бидэнд бий. Тухайн үед мөнгөө зөв ашиглаж чадаагүй. Халамж нэрийдлээр иргэдэд тараасан. Заавал Засгийн газар, Монголбанк хоёр зөрчилдөх албагүй. Манай эдийн засагт нэг том төсөл ороод ирэхээр 17 хувь хүртэл өсчихдөг шүү дээ. Хятадын эдийн засаг хүнд байдалд орсон. Үүнтэй уялдуулж бодлогоо явуулах ёстой. “Оюутолгой” хөдөлж байхад эдийн засаг их өсч байсан.

Бид “Дандаа муу ажиллаж байна, болохгүй байна” гэж ууцыг нь хугалаад явуулж болохгүй.

Өнөөдрийн нөхцөл байдалд эдийн засгийн долоон хувийн өсөлт муу үзүүлэлт биш. Монголбанк сайн ажиллаж байгаа. Алтны ил тод байдлыг бүрдүүлэх хууль, Хадгаламжийн даатгалын хуулийг баталсан. Бид “Дандаа муу ажиллаж байна, болохгүй байна” гэж ууцыг нь хугалаад явуулж болохгүй. Өнөөдөр хувийн хэвшлийн нөхцөл байдал хүндэрч байна.

Манай малчдын амьдрал болж байна. Буудай, тариагаа боломжийн авлаа. Шатахууны үнэ тогтвортой байна. Тэгвэл бид ирэх онд шинэ онгоцны буудалтай болох гэж байна. Орон нутагт орон сууцны долоон хувийн хүүтэй зээлийг хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэвэл утаатай Улаанбаатар хотод орон нутгаас нүүж ирэх биш аймаг руугаа эргээд нүүнэ шүү дээ. Энэмэтчилэн бодлогын арга хэмжээгээ яаралтай авах хэрэгтэй.