НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үнэлгээний баг Монгол Улсад ажиллаж байна
Монгол Улсын Онцгой байдлын албаны эрэн хайх, аврах ажиллагааны чадавхид үнэлгээ хийх зорилгоор Монгол Улсад айлчилж буй НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Япон Улс, БНХАУ, Шинэ Зеланд Улс, БНСУ-ын экспертүүдээс бүрдсэн үнэлгээний багийг ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Дарь Сүхбаатар болон албаны бусад хүмүүс Онцгой байдлын ерөнхий газарт хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын Олон улсын хүмүүнлэгийн зохицуулах албанаас 2004 онд Монгол Улсын гамшгаас хамгаалах систем, тогтолцоонд үнэлгээ хийж, нийт 33 зүйл бүхий зөвлөмжийг гаргаж, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгээс зохион байгуулдаг Ази, Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах дасгал сургууль, Багийн ахлагч нарын уулзалт, Бүсийн чуулганд жил бүр манай улсаас алба хаагчид оролцож, бусад улс орны эрэн хайх, аврах үйл ажиллагааны чадавхиас суралцаж, үндэсний хот дотор эрэн хайх, аврах бие бүрэлдэхүүний чадавхийг байнга сайжруулсаар ирсэн байна.
Тухайлбал 2007 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Ази, Номхон далайн бүсийн эрэн хайх, аврах үйл ажиллагааны дасгал сургууль”-ийг Онцгой байдлын ерөнхий газар хариуцсан зохион байгуулж, тус дасгал сургуульд 17 улс орны 70 гаруй төлөөлөгч, дотоодын 76 төлөөлөгч оролцжээ.
Цаашид Монгол Улсын Засгийн газраас эрэн хайх, аврах ажиллагааны чадавхиа бэхжүүлэх зорилгоор 2015 онд “Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Ази, Номхон далайн бүсийн дасгал сургууль”-ийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөөд байна.