Ахмадын баярын мэндчилгээ
Монгол Улсын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа ахмадын баярын халуун мэндийг хүргэе. НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын баяр” болгон тэмдэглэж байхыг тунхагласны дагуу манай улс 1992 оноос хойш энэ өдрийг тэмдэглэсээр өдгөө 22 жил болж байна.
Монголчууд бид ахмад настнуудаа хүндэтгэж, тэднийхээ үгийг сонсдог уламжлалтай.
Та бүхэн залуу нас, халуун сэтгэлээ зориулж явсны үр болж манай дүүрэг өдрөөс өдөрт өнгө нэмэн, урагшлан хөгжиж байна. Тиймээс ч бид дан ганц энэ өдөр гэлтгүй ахмад настнуудаа өдөр бүр баярлуулж явах хэрэгтэй юм. Та бүхний ахуй амьдралыг дээшлүүлэх, сэтгэл санааг өөдрөг сайхан байлгахад чиглэсэн олон ажлыг өнөөгийн төр, засгаас хийж хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд дүүрэг орон нутгийнхаа хэмжээнд Хурлын дарга миний бие цаг ямагт дийн ажиллах болно.
Дүүргийн зүгээс ахмадууд та бүхнээ халамжлаад зогсохгүй арвин их туршлага, ажилч хичээнгүй занг тань үнэлэн хөдөлмөр эрхлүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Ахмад настнууд маань өөрсдийн чадал, дадалд тохирсон хөдөлмөр эрхэлснээр сэтгэл санаа нь өөдрөг байж, эрүүл энх, урт удаан наслах бас нэгэн үндэс болно гэж би боддог юм.
Манай ахмад үеийнхэн хэзээ ч бид хийж бүтээсэн, одоо боллоо гээд гар хумхин суудаг хүмүүс биш гэдгийг би мэднэ. Төр засгийн бодлого, шийдвэрт саналаа нэмэрлэхээс эхлээд хүнсний ногоо, жимс жимгэнэ тариалж, амьдарч байгаа орчноо өөд нь татсан олон сайхан буурал манай дүүрэгт амьдардаг юм. Өргөн мэдлэг, арвин туршлага, ур чадвараа үр хүүхэд, ач зээ нартаа өвлүүлэн суугаа та бүхэндээ Ахмадын баярын халуун мэндийг хүргээд, урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ц.БАТХҮҮ