С.Эрдэнэ: Би сумын наадамд нисдэг тэргээр очоогүй
2014.08.06

С.Эрдэнэ: Би сумын наадамд нисдэг тэргээр очоогүй

Энэ зун 90 жилийнхээ ойг тэмдэглэж буй сумдын нэг нь Архангай аймгийн Хайрхан. Долдугаар сарын 26-нд болж өнгөрсөн тус сумын наадамд нийслэлээс Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат нарын зочид очжээ.

Наадмын үеэр “Томас Эйр” компанийн “Эйртрактор АТ-602” загварын нисдэг тэрэг шүхэрчдийг буулгаж, наадамчин олны нүдийг хужирласан юм.

Гэтэл “Эдийн засгийг аврах 100” хоног хаяанд ирсэн байхад хийж бүтээсэн ажлаар маруухан Засгийн газрын нэг сайд сумын наадамд нисдэг тэрэгтэй очсон гэх мэдээлэл зарим сайтад гарсан. Энэ талаар Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодруулав.

-Таныг Архангайн Хайрхан сумын наадамд нисдэг тэрэгтэй очсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Би Хайрхан сумын ойд оролцсон. Гэхдээ нисдэг тэргээр очоогүй. Монгол Улсын гавьяат эдийн засагч цол саяхан хүртсэн Б.Хулдорж гуай энэ нутгийн хүн. Түүний төрсөн хүү нь хувийн онгоцтой юм билээ.

Аавынхаа нутгийн наадамчдыг баярлуулах гэж онгоцоо нисгэж, шүхэрчдийг хөлсөлсөн юм гэсэн. Яагаад энэ онгоцыг надтай холбож ойлгоод байгаа юм бол. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл Б.Хулдорж гуайгаас асууж болно шүү.