Д.Дэлгэрбат: Аюулгүй, амгалан дүүрэг байна гэдэг бол туйлын чухал асуудал мөн
Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат
2014.09.29

Д.Дэлгэрбат: Аюулгүй, амгалан дүүрэг байна гэдэг бол туйлын чухал асуудал мөн

БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Дэлгэрбаттай ярилцлаа.

-Дүүргүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл үйл ажиллагаагаа явуулдаг. 2014 онд Баянгол дүүргийн хувьд ямар үйл ажиллагаа явуулж байна?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу дүүрэгт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон тооны бус зөвлөл ажилладаг.

Энэхүү зөвлөлийг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга толгойлж, бүрэлдэхүүнд нь Засаг дарга, хуулийн байгууллагуудын удирдлага болон холбогдох бусад хэлтэс, албадын удирдлагууд багтдаг. Баянгол дүүргийн хувьд салбар зөвлөл үйл ажиллагаагаа тогтмол явуулж, 2014 онд дүүргийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн гаралтыг 30 хүртэл хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.

-Одоогоор дээрх зорилт хэдэн хувийн биелэлттэй байна вэ?

-2014 оны нэгдүгээр улиралд Зөвлөл хуралдаж 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталсан. Эхний 3 улирлын байдлаар төлөвлөгөө биелэлт 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.

Бид хэдхэн хоногийн өмнө Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс болон Замын цагдаагийн тасагтайгаа хамтран “ИРГЭНЭЭ СОНСЪЁ” нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж, эхний гурван улиралд  хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа иргэддээ тайлагнасан.

2014 онд дүүргийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн гаралтыг 30 хүртэл хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна

Мөн бид үйл ажиллагаагаа тайлагнах, иргэдэд мэдээлэл, сурталчилгаа, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор “Сэргийлэгч” сэтгүүлийг улирал тутамд эрхлэн гаргаж хэвшүүлээд байна. Сэтгүүлийнхээ гуравдах дугаарыг уншигчдадаа хүргэж байгаадаа таатай байна.

-Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хэв журмыг сахиулах ажлыг цагдаа, хуулийн байгууллагууд шууд хариуцаж ажилладаг. Баянгол дүүргийн хувьд эдгээр байгууллагуудтайгаа хэрхэн хамтарч ажиллаж байна, ажиллах нөхцөл бололцоо нь ямар түвшинд байна вэ?

-Баянгол дүүргийн зүгээс дүүргийнхээ шүүх, цагдаагийн байгууллагуудыг тогтмол дэмжиж ажилладаг. Бид 2014 онд 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тэдгээрийн үйл ажиллагаанд шаардлагатай техник хэрэгслээр хангаад байна.

Тухайлбал: Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс болон Шүүхэд /тойргийн/ тус бүр ажлын авто машин 1 ширхэг, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 дугаар хороодын цагдаагийн ажилтны албан хэрэгцээнд иж бүрэн тоноглол бүхий 9 ширхэг мотоцикл болон холбооны хэрэгслээр бүрэн хангасан.

Баянгол дүүргийн зүгээс дүүргийнхээ шүүх, цагдаагийн байгууллагуудыг тогтмол дэмжиж ажилладаг

Ингэснээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны хүртээмж, чанар сайжирч гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурна гэж харж байна. Мөн дээрх байгууллагууд болон Замын цагдаагийн тасгийг шаардлагатай компьютер, техник хэрэгслээр хангаад байна.

-Эдгээр олон техник, хэрэгслийг худалдаж авах төсөв хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Мэдээж өнөөгийн дүүргийн төсвийн орлого дүүргийн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг бүрэн шийдвэрлэхэд хаанаа ч хүрэлцэхгүй байна. Гэхдээ Баянгол дүүрэг иргэд нь амьдрах, оршин суухад аюулгүй, амгалан дүүрэг байна гэдэг бол туйлын чухал асуудал мөн.

Тиймээс бид энэ чиглэлд өөрт байгаа боломжийн хүрээнд хөрөнгө оруулалтын ажлыг хийж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд торгуулийн орлогын 40 хувийг урьдчилан сэргийлэх зардалд эргүүлэн зарцуулахаар заасан боловч Баянгол дүүргийн зүгээс нийслэлийн төсөвт төвлөрүүлж буй торгуулийн орлогын ...... орчим хувь л гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардалд зориулагдан хуваарилагдан ирж байна.

-Гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанаас гадна хувь хүний төлөвшил, мэдлэг, мэдээлэл чухал үүрэгтэй. Энэ чиглэлээр ямар ажил зохиож байна?

-Тодорхой судалгаанд үндэслэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулж 700 гаруй сурагчдыг, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эмч, өрхийн эмнэлгийн эмч нарын дунд архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээг бууруулах зорилгоор сургагч багш бэлтгэх сургалтыг 77 хүний дунд зохион байгуулаад байна.

Мөн Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх аяныг өрнүүлэн БГД-ийн 23 хороо тус бүрд өмгөөлөгчид 3 хоногийн турш ажиллаж 600 гаруй иргэдийн өмнө тулгамдсан хууль, эрх зүйн асуудлуудыг шийдвэрлэсэн.