Г.Шийлэгдамба: АН-ынхаас бусад сайд бүтцийн өөрчлөлтөд өртөхгүй
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.09.24

Г.Шийлэгдамба: АН-ынхаас бусад сайд бүтцийн өөрчлөлтөд өртөхгүй

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт   оруулахаа мэдэгдсэн. Засагт хамтарч  байгаа намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

Засгийн газрын бүтцэд зарим нэг өөрчлөлт хийх тухай Ерөнхий сайдын мэдэгдлийг бид зарчмын хувьд дэмжиж байгаа. Өөртэй нь биечлэн уулзахдаа энэ тухайгаа хэлж санал бодлоо солилцсон. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал.

Энэ эрхийнхээ дагуу удахгүй эхлэх намрын чуулганд уг саналаа оруулж шийдвэрлүүлэх байх. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийх асуудал нь засагт хамтарсан намуудын байгуулсан гэрээнд нөлөөлөхгүй гэсэн ойлголттой байгаа.

Нийгэм, эдийн засагт, үүсээд байгаа нөхцөл байдал болон Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх асуудалтай холбогдуулан өөрчлөлт хийхээр болсон гэж ойлгож байгаа. Энэ үйл явц нь улс төрийн тогтворгүй байдал үүсгэхгүй.

Харин АН дотроо зарим нэг сайдаа сэлгэх, “дан дээлтэй” сайдтай болох гэх мэт нь тухайн намын дотоод асуудал.
-Засагт  хамтарч байгаа намуудын гэрээнд нөлөөлөхөөргүй өөрчлөлт хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ. Тийм боломж байгаа гэж үү?

Засгийн газрыг бүрдүүлж байгаа намуудын гэрээгээр тохиролцсон үндсэн зарчмыг зөрчихгүйгээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Харин АН дотроо зарим нэг сайдаа сэлгэх, “дан дээлтэй” сайдтай болох гэх мэт нь тухайн намын дотоод асуудал.

-“Шударга ёс” эвслээс томилогдсон сайд нарыг чөлөөлөхгүй гэсэн үг үү. Ер нь засагт хамтарч байгаа намын удирдлагуудад Ерөнхий сайд ямар өөрчлөлт хийх гэж байгаагаа танилцуулчихсан юм уу?

Үгүй. Зүгээр ерөнхий зарчмын асуудал дээрээ л санал бодлоо солилцсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа есөн яамтай болно гэдэг асуудал бол бодит бус эрх сурвалжаас тодорхой улс төрийн зорилготойгоор гаргаж байгаа мэдээлэл.

Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу бас тодорхой хүрээнд энэ асуудлаа яриад УИХ-д танилцуулах байх. Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд засагт хамтарч байгаа намууддаа ямар өөрчлөлт хийх гэж байгаагаа албан ёсоор танилцуулаагүй байгаа.

-Намуудын хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахгүйгээр бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг нь Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нэгтгэлээ гэхэд тухайн яамыг Ч.Улаан сайд удирдана гэсэн үг үү?

Тийм. Ингэж нэгтгэлээ гэхэд сайдын суудал нь манайд үлдэнэ. Өөрөөр хэлбэл, АН-тай засагт хамтарч байгаа намуудын Засгийн газар дахь суудлын квот өөрчлөгдөхгүй.

-Тантай уулзсаных нэмж асуух зүйл байна. Танай намын дарга Н.Энхбаяртай холбоотой мэдээлэл сүүлийн үед их гарсан. Тухайлбал, эх орондоо ирвэл дахин хэрэг үүсгэх гээд байгаа учраас БНСУ-аас иргэншил хүссэн гэх мэт мэдээлэл. Та энэ талаар юу хэлэх вэ ?

Энэ бол огт ор үндэсгүй мэдээлэл. Шулуухан хэлэхэд Н.Энхбаяр даргыг буцааж ирүүлэх дургүй хүмүүсийн зориуд тараадаг мэдээлэл гэж ойлгож болно. МАХН-ын даргыг  эргэж ирэхээс болгоомжилдог, улаан нүүрийг нь харахаас айдаг, ичдэг олон хүн байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байгаа.

Н.Энхбаяр даргыг албадан ирүүлэх асуудал байхгүй

Энэ хүмүүс түүнийг эргээд ирэх вий гэхээс айж, нойргүй хонож байгаа нь эдгээр огт үндэслэлгүй  мэдээллүүдээс харагддаг. Харин саяхан Н.Энхбаяр даргын талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга тодорхой өгсөн байна лээ.

Н.Энхбаяр даргыг албадан ирүүлэх асуудал байхгүй, Цагдаагийн ерөнхий  газраас зарлан дуудах хуудас явуулаагүй тухай тодорхой мэдээлэл өгсөн байсан. Албаны эх сурвалжийн энэ мэдээлэл нь хий хоосон мэдээллүүдэд хариулт өгсөн байх.

Гадаадын орноос орогнол хүсэх шалтгаан Н.Энхбаяр даргад байхгүй гэж хэллээ.

.

-Цагдаагийн ерөнхий газрын дарга тодорхой хариулт өгөхийнхөө хажуугаар Н.Энхбаяр даргатай холбоотой нэг хэрэг шалгагдаж байгааг хэлсэн. Тэр нь ямар хэрэг юм бэ ?

Тэр хэрэг нь Н.Энхбаяр даргатай холбоотой асуудал биш. Харин хоёр аж ахуйн нэг хоорондын асуудал байгаа юм. Тодруулбал, манай намын байрлаж байгаа хоёр давхар цагаан байшинг эзэмшиж байгаа болон өмнө нь эзэмшиж байсан хоёр аж ахуйн нэгжийн хоорондын маргаан.

Энэ хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээний дагуу эзэмшигчийн эрх нь шилжээд гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэтэл гэнэтхэн тухайн үед эзэмшиж байсан компани нь буюу гадаадын иргэд гэрээгээ цуцлахаар гомдол гаргасных нь дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Уг нь аж ахуйн нэгж хоорондын л асуудал. Гэтэл тухай аж ахуйн нэгжийн удирдлагад байдаггүй, зөвхөн тухайн аж ахуйн нэгжийн эзэмшлийн байранд үйл ажиллагаа явуулж буй намын даргатай холбогдуулан асуудлыг тавьсан нь улс төрийн зорилготой гэдэг ойлголтыг төрүүлж байгаа.

-Танай намтай холбоотой бас нэг асуудал бол Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн оронд хэнийг томилох вэ гэдэг асуудал. Танай нам энэ асуудлыг хэзээ хэлэлцэж шийдэх вэ?

Ойрын үед МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдана. Нам доторхи зохион байгуулалттай холбоотой зарим нэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа.

Тодруулбал, зарим нарийн бичгийн даргаа солих, Хууль зүйн дэд сайдад нэр дэвшигчийг тодруулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Манай намд дэд сайдаар ажиллах боломжтой олон хүн бий. Гүйцэтгэх товчооны хурлаараа хэлэлцээд шийдвэрээ гаргаж, томилгоо хийлгэх саналыг Засгийн газарт хүргүүлнэ.