Шадар сайд Д.Тэрбишдагва Дэлхийн эдийн засгийн форумын уулзалтанд оролцлоо
Тус уулзалтад 90 гаруй орны 2000 гаруй төлөөлөгч оролцсоноос 850 гаруй нь “Шинэ манлайлагч” байв.
2014.09.15

Шадар сайд Д.Тэрбишдагва Дэлхийн эдийн засгийн форумын уулзалтанд оролцлоо

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва 9 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форум (Зуны Давос)-ын ээлжит уулзалтад оролцов.

“Зуны Давос” нь Дэлхийн эдийн засгийн форумаас Ази тивд зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээ бөгөөд шинээр байгуулагдсан, хөгжиж буй аж ахуйн нэгж, байгууллагууд буюу “шинэ манлайлагчид” дэлхийн тэргүүлэх компаниудтай санал солилцож, туршлага судлах боломж олгох зорилготой ажээ.

“Зуны Давос”-ын 8 дахь удаагийн уулзалт нь “Инновацийг дэмжих замаар өртөг бий болгох нь” /Creating value through innovation/ гэсэн гол сэдвийн дор явагдсан бөгөөд уулзалтын хүрээнд нийт 140 орчим хэлэлцүүлэг болов.

Тус уулзалтад 90 гаруй орны 2000 гаруй төлөөлөгч оролцсоноос 850 гаруй нь “шинэ манлайлагч” байв.  Манай улсын аж ахуйн нэгжүүдээс “Ард Холдингс”, “Шунхлай” зэрэг компанийн төлөөлөгчид оролцов.

Энэ удаагийн уулзалтад Мали Улсын Ерөнхийлөгч, Албани, Дани, Сербийн Ерөнхий сайд нар, ОХУ, Гүржийн Ерөнхий сайдын орлогч зэрэг олон орны төр, засгийн өндөр албаны хүмүүс оролцлоо.

Инноваци нь өргөн утгаараа нийгмийн бүх салбар дахь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэлэг, бүтээлч гарц, шийдлийг хэлэх бөгөөд  шинжлэх ухаан, технологийн инноваци ололтыг салбар бүрт бүтээлчээр ашиглаж, тэдгээрийг өргөн хэрэглээний, олон нийтэд хүртээлтэй болгохын боломжийн үнэтэй байлгах, мөн аль болох хурдан жирийн иргэдийн амьдралд нэвтрүүлэх нь хамгийн гол асуудал болоод байгааг уулзалтад оролцогсод онцлон тэмдэглэж байв. 

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ, Хятадын урт хугацааны өсөлтөд шинжлэх ухаан, технологийн хөгжил, инноваци нь хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж онцолжээ.

Шадар сайд Д.Тэрбишдагва нээлтийн нэгдсэн хуралдаан, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянаас барьсан хүндэтгэлийн зоогт оролцсоноос гадна “Дэлхийн эдийн засгийн 2015 оны төлөв”, “Хятадын эдийн засгийн төлөв” зэрэг хэлэлцүүлэгт оролцов.

Уулзалтын үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Др.Филипп Рослертэй уулзав. Шадар сайд Д.Тэрбишдагва Монгол Улсын Дэлхийн эдийн засгийн форумтай хамтран ажиллаж буй байдалд сэтгэл хангалуун байдгаа тэмдэглэн, цаашид уул уурхай, усны аюулгүй байдал, ногоон хөгжил, авилгатай тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх,  2016 оны Дэлхийн эдийн засгийн форумын Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах сонирхлоо илэрхийлэв. 

Уулзалтын хүрээнд Шадар сайд Д.Тэрбишдагва БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Төрийн Зөвлөлийн гишүүн Янжин, Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Сю Шаоши нартай албан бус уулзалт, Тяньжин хотын нэгдүгээр орлогч дарга Цуй Зиньдутай уулзалт хийн, Монгол-Хятадын харилцааны талаар ярилцав. БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болсныг хоёр тал тэмдэглэж, айлчлалын хүрээнд тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгох чиглэлээр идэвхтэй ажиллахаар тохиролцов.