Ж.Энхбаяр: Сонгуулийн шинэ хувилбарын алхам хийх бололцоотой
УИХ дахь намын бүлгүүд сонгуулийн хуулиар нэгдсэн байр суурьт хүрлээ. УИХ дахь МАН-ын бүлгээс мягмар гаригт УИХ, нийслэлийн ИТХ-ын хурлыг хамтатган явуулах саналыг АН-ын бүлэгт илгээсэн. Уг саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг зөвшөөрлөө. Ингэснээр УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгууль ирэх зургадугаар сард, бусад шатны сонгуулийг ирэх аравдугаар сард явуулахаар тогтож байна.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг "Бид удаа дараа санал тавьж, буулт хийж ирсэн. Үүний дагуу УИХ-ын сонгуультай хамт аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг явуулах саналаа МАН-ын бүлэгт хүргүүлсэн. Үүнийг МАН-ын бүлэг хэлэлцээд нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамтад нь явуулахыг зөвшөөрсөн. АН-ын бүлэг мөн хэлэлцсэний эцэст МАН-ын бүлгийн саналыг үндсэнд нь хүлээн авч байна" гэсэн. Гэхдээ Ардчилсан намаас нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуулийн шинэ хуулийн үндсэн зарчмуудтай нийцүүлэх ёстой гэж үзэж байгаа аж. Сонгууль зохион байгуулах процессыг ч УИХ-ын сонгуультай нэгэн ижил хэлбэрээр явуулах ёстой байр суурийг АН-аас гаргаж байгаа юм байна. Түүнчлэн аливаа маргаантай асуудалд УИХ дахь намын бүлэг хугацаагүй завсарлага авдаг байдлыг хугацаатай болгох талаархи МАН-ын байр суурийг АН дэмжиж буйгаа илэрхийллээ. Энэ асуудлаар УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг сонссон юм.
-Төрийн эрх барих дээд байгууллага, орон нутгийн удирдлагын асуудлыг гацаанаас гаргаж, урагшаа явуулахын тулд МАН буулт хийж байна. Нийслэлийн ИТХ-ын болон УИХ-ын сонгуулийг хамт явуулах зарчмын шийдэлд хүрч, намын Удирдах зөвлөл, бүлгээр оруулж зөвшилцлөө. Маргааш холбогдох хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барьж, батална. Тиймээс сонгуулийн тов эцсийн хугацаандаа амжиж зарлагдах байх. Үндсэн хуулийг тодорхой хэмжээнд зөрчиж байна гэсэн байр суурьтай байгаа. УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийг цаг хугацааны хувьд амжуулахын төлөө бүх хүчээ дайчилна. Өөр аргагүй. Орон нутгийн сонгуулийг хамт явуулахад цаг хугацаа, боловсон хүчин, зохион байгуулалтын гээд зохицуулах бололцоогүй асуудлууд байсан. Харин нийслэлд төр захиргааны байгууллага, төрийн албаны гол хүч нь төвлөрсөн учраас УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулах боломжтой. Дээрээс нь Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн тоо, мандат нь УИХ-ынхаас олон байдаг учир тойрог давхцах нь харьцангуй бага. Тиймээс сонгуулийн шинэ хувилбарын алхам хийх бололцоотой.
Эх сурвалж: Монголын үнэн