С.Ганбаатар: Эрх баригчид хүчний байгууллагуудаар толхилцож байгаа нь харамсалтай
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-УИХ ээлжит бус хуралдаан хийхээргүй болчихлоо. Уг нь намрын ид ажлын үе эхэлж, хаа сайгүй өвөлдөө бэлдэж эхэлсэн ч УИХ-ын гишүүдийн амралт сунгасанд дургүйцэх хүн олон байна. Ээлжит бусаар хуралдсан ч хэлэлцэх асуудал байхгүй гэх юм. Та ямар бодолтой байна вэ?
УИХ ээлжит бус чуулган зарлан хуралдуулбал хэлэлцэх асуудал олон байна. Нэгдүгээрт, Оюутолгойн асуудал хаашаа явж, юу болж байгааг хэлэлцэх хэрэгтэй байна. Нэмэлт санхүүжилт авах гэж байгаа бол түүний хэдэн хувь нь өр юм бэ гэдгийг тодруулах шаардлагатай. 34 хувь нь л өр шүү дээ.
Энэ нь хэдэн төгрөг болж байна, цаашлаад хэчнээн хувийн хүүтэй юм, эргээд бид энэ өрөө хэзээ төлөх вэ гэдэг мэдээлэл олон хүнд хэрэгтэй байна. Энэ бүхэн эргээд Монголын ард иргэдийн л эрх ашиг шүү дээ. Хоёрдугаарт, цэцэрлэг, сургуулийн асуудал жил бүрийн өдийд хурц сэдэв болдог. УИХ ээлжит бусаар хуралдаад энэ талаар ярих зайлшгүй хэрэгтэй байна.
142 цэцэрлэг улсын хэмжээнд барих төлөвлөгөөтэй байгаа ч үүний 94 нь өнөөдөр санхүүжилтээ авч чадаагүй байна. Мөн үлдсэн нь санхүүжилтээ тал авсан уу бүтэн авсан уу, үйл ажиллагаа нь хэр явж байна гэдэг Монголын ирээдүйн талаарх асуудал. Энэ мэтчилэн УИХ ээлжит бусаар хуралдаж, хэлэлцэх асуудал маш олон байна.
Тийм учраас хэлэлцэх асуудал байхгүй гэдэг тайлбартай би хувьдаа санал нийлэхгүй.
-Энэ зун ямар ажил амжуулав. Гишүүдийн дийлэнх нь л тойрогтоо ажилласан байна. Таны хувьд чуулганы завсарлагааны хугацааг хэрхэн ашиглав?
Ерөнхийдөө яам, тамгын газруудаар явлаа. Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүний хувьд төсвөөр баталсан бүх цэцэрлэгийнхээ барилгын ажлыг эхлүүллээ.
Энэ ажилд аймгийн Засаг дарга С.Насанбат, аймаг, сумдын удирдлагуудтай нийлж зунжингаа цэцэрлэгийнхээ асуудлыг хөөцөлдлөө. Үүний дүнд надад УИХ-д хэлэх үг байгаа. Цэцэрлэг, сургууль барих болон боловсролын салбарын хөрөнгө оруулалтын тал дээр эрх зүйн орчинг нь сайжруулах талаар яаралтай ярих хэрэгтэй байна. Хэдий Дархан-Уул аймаг бүх цэцэрлэгийнхээ барилгын ажлыг эхлүүлсэн ч бусад аймаг, нийслэлд олон хүндрэл байна.
-Сургууль, цэцэрлэгийн талаар ярихаар таны бусадтайгаа хамтарч санаачилсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг ярьж таарах гээд байна л даа. Энэ хууль яг хаана гацчихаад байгаа юм бэ?
Үлдсэн 125 мянган хүүхдэд дор хаяхад 1000 цэцэрлэг шаардлагатай.
Энэ хуулийг 2013 оны нэгдүгээр сарын 17-нд миний бие санаачилж, 10 гишүүнтэй хамтраад УИХ-ын дарга З.Энхболдод өргөн бариад хэлэлцүүлж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Үүнээс хойш үндсэндээ дөрвөн чуулган дамнасан ч энэ хуулийг хэлэлцсэнгүй.
Энэ хуулийн мөн чанар бол төр өнөөдөр цэцэрлэг барих тэнхээ байхгүй гэдгээ хүлээн зөвшөөр, цэцэрлэгийн насны 245 мянган хүүхэд байгаагийн тал нь буюу 1000 нь л цэцэрлэгт хамрагдаж байна. Үлдсэн 125 мянган хүүхдэд дор хаяхад 1000 цэцэрлэг шаардлагатай. Гэтэл төр үүнийг ойрын арван жилдээ барих боломжгүй.
Өсөн нэмэгдэж байгаа хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийж, ирээдүйг нь баталгаажуулна гэдэг маш чухал зүйл. Бидний өргөн барьсан хууль бол төр цэцэрлэг барьж чадахгүй бол хувь хүн, төрийн өмчит компаниуд цэцэрлэгийн орчин бүрдүүлчих. Харин багшийнх нь зардал, хүүхдийнх нь хоолны мөнгийг төр хариуцах л заалт. Төр, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад цэцэрлэг ажиллуулъя л гэсэн санаа юм.
Гэтэл дөрвөн чуулган дамнаад ч хэлэлцсэнгүй. Сонгууль дөхөхөөр ярих гээд байгаа юм уу, би ойлгохгүй байгаа. УИХ-ын дарга, тамгын газрынхнаас би үүнийг асууж байгаа. Эсвэл энэ чухал хуулийн санаачилгыг АН-ынхан авна, бүр Ерөнхийлөгч хүртэл энэ чухал хуулийг санаачилна гээд хүлээлгээд байгаа бол хурдлаач. АН-ын гишүүд санаачилна гэж байгаа бол өнөөдөр хүртэл ийм агуулгатай хууль орж ирээгүй байна шүү дээ.
Миний санаачилсан хууль дээр АН-ын хэд хэдэн гишүүн хамтран санаачилсан юм. Ямар нэгэн байдлаар чухал хуулийг заавал АН- ынхан санаачлах ёстой гэлгүй энэ хуулийг УИХ-аар хэлэлцүүлж өгөөч гэж хэлмээр байна.
Монголын ирээдүйд хөрөнгө оруулж байгаа маш чухал хуулийг хэлэлцэхгүй удааж байгаад гайхаж байна. Энүүхэндээ гэж хэлэхэ,д АН-ын зарим гишүүн “Энэ хуулиа татчих, АН-ын нэрээр Засгийн газраар дамжуулаад оруулаад ирье” гэж хүртэл хэлсэн байна лээ.
“ЭЗЭН 100”-аас эерэг үр дүн гарсан эсэхийг Монголын нийт бизнес эрхлэгчид дүгнэх ёстой.
-Танд тийм санал тавьсан гэсэн үг үү. Хэн гэдэг гишүүн ийм наймаа хийхийг санаархсан юм бэ?
Надад бол тийм санал тавихгүй. Яагаад гэвэл би санаачлагч учраас. Харин хамтран санаачилсан хүмүүст маань ийм санал тавьсан гэдгийг надад хэлж байгаа.
Л.Эрдэнэчимэг гишүүнд АН-ын дарга нар ийм санал тавьсан байна лээ. Гэтэл энэ хууль тоглоом биш шүү дээ. Ийм увайгүй, ичмээр байдалтай байвал АН-ын удирдлагууд ард түмнээ голд нь ортол гомдоож байна л гэсэн үг.
-Үүнээс гадна оюутан хүүхэдтэй айлуудын толгойны өвчин их, дээд сургуулийн төлбөрийн асуудал болчихлоо л доо. Хамгийн доод талын төлбөр хоёр сая төгрөг болчихоод байхад БШУ-ны сайд “Би их, дээд сургуулиудыг төлбөрөө нэмж болохгүй гэж чиглэл өгөх эрхгүй. Надад тийм эрх зүйн орчин байхгүй.
Хэрвээ тэгвэл маргаашнаас нь би ШӨХТГ-т дуудагдана” гэж байсан. Салбар яам нь энэ мэтээр сургалтын төлбөрөө хуулиас гадуур нэмж байгаа асуудлыг хянаж чадахгүй байхад хэн үүнийг анхаарч, хяналт тавих ёстой юм бэ?
Монгол Улсын Үндсэн хуулийн 5.4-т “Төр нь нийт ард иргэд, аж ахуйн нэгжүүд, Монгол Улсын сайн сайхны төлөө эдийн засгийг зохицуулна” гэдэг заалт байдаг юм шүү, Л.Гантөмөр сайд аа. Бид төрийн зохицуулалттай эдийн засагтай оронд амьдарч байгаа. Үүнийг салбар хариуцсан сайдад нь дамжуулж хэлээрэй.
Энэ хүнийг ингэж хэлсэнд би маш их харамсч байна. Нөгөө талаар Засгийн газрын үндсэн үйлчилгээ нь боловсрол, эрүүл мэнд хоёр юм. Боловсролтой эрүүл хүн ажилтай болдог. Цаашлаад хүнийг ажилтай болгож, үйлдвэрлэл эрхэлдэг. Үүнд нь эрх зүйн орчныг бүрдүүлж өгдөг учиртай.
-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд “ЭЗЭН 100” хөтөлбөр багтаж байсан. Гэсэн ч Засгийн газар энэ ажлыг эхлүүлсэн шигээ албан ёсоор дүгнээгүй байна. Мөн төсвийн тодотголыг хийнэ гэж байсан ч “Одоо шаардлагагүй” гэдэг зүйлийг зарим гишүүн яриад эхэлсэн байна. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?
“ЭЗЭН 100”-аас эерэг үр дүн гарсан эсэхийг Монголын нийт бизнес эрхлэгчид дүгнэх ёстой. Ажил олгогч эздийн холбоо, МХАҮТ энэ дээр хүчтэй дүгнэлт гаргах ёстой. Миний сонссоноор олон бизнесмэн “Нөхцөл хүндэрлээ, бизнес хийхэд хүнд байна” гэж ярьж байна. Эхний ээлжинд энэ хүмүүс “ЭЗЭН 100”-аас ямар үр дүн гарсныг дүгнэх хэрэгтэй.
Хамгийн гол нь 100 хоногийн хугацаанд бизнесийнхэнд ямар эерэг болон сөрөг үр дагавар гарсныг талууд харилцан санал солилцож, ширээний ард сууж байгаад ярилцах хэрэгтэй. Алдсан зүйл байвал дараа нь юуг нь засах хэрэгтэй байгааг ярилцах шаардлагатай. Энэ дүгнэлтийг тойрч, УИХ дээр дараагийн хөтөлбөр дээр юуг анхаарахаа ярьж болно. Энэ бол УИХ-ын гишүүдийн ажил.
Би бол Засгийн газрыг “Давхар дээл”-ний асуудлаар асар их эсэргүүцэж байгаа.
-Парламентад суудалгүй намууд “ЭЗЭН 100” хөтөлбөрөөс үр дүн гараагүй, эдийн засаг уналттай, ам.долларын ханш огцом өссөн. Мөн гүйцэтгэх засаглалын тэргүүн хууль зөрчин байж, хоригдож байгаа ахлах зөвлөхтэйгөө очиж уулзсан зэрэг асуудлаар Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлсэн. Эдгээр саналтай та танилцсан уу. Санал нийлэх үү?
Дээр хэлсэнчлэн Засгийн газрыг огцруулах асуудлыг улсын гурван талт хэлэлцээрээр яриад “Та нар тус болохоосоо илүү ус болоод байна. Гай тарьж байхаар зайгаа тавиад өг” гэдэг шийдвэрийг гурван талт хэлэлцээрээр шийдэж, үүнийгээ УИХ-д оруулж танилцуулах хэрэгтэй.
Би бол Засгийн газрыг “Давхар дээл”-ний асуудлаар асар их эсэргүүцэж байгаа. Гэхдээ Засгийн газар тогтвортой байх эсэх нь нийгмийн гурван талт хэлэлцээрийн дүнд шийдэгдэх асуудал гэж үзэж байгаа.
-Энэ зуны томоохон сенсааци бол гүйцэтгэх засаглалын тэргүүний хууль зөрчсөн үйлдэл байлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоригдож байгаа ахлах зөвлөхтэйгөө уулзахын тулд хууль зөрчсөнийг та хэрхэн дүгнэсэн бэ. Чуулган завсарласан үе таарсан учраас гишүүд энэ талаар төдийлөн байр сууриа илэрхийлсэнгүй?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөхтэйгөө хууль зөрчсөн үйлдэл хийсэн бол хуулийнхаа дагуу хууль, шүүхийн байгууллага үүнийг шийдэх ёстой. Харин Монголын ард түмний төлөө ажиллаарай гэж өндөр дээд эрх мэдлийн бороохойг ард түмэн төрийн өндөрлөгүүдэд өгсөн.
Гэтэл төрийн өндөрлөгүүд нь фракци, бүлгүүдийн зөрчилдөөн, өөрсдийн хоорондын толхилцооноос болж бидний сайн сайхны төлөө ашиглаарай гэсэн хүчний байгууллагуудаар хоорондоо самралцаж, бидний итгэлээр бие биетэйгээ зодолдвол энэ дэндүү харамсалтай асуудал.
Өмнө нь хэзээ ч, бүр тодруулбал зах зээлийн эдийн засагт шилжсэн 20 жилийн түүхэнд төрийн томчууд нь, бүлэглэл фракцийн толгойлогч нар нь хүчний байгууллагуудыг ашиглаж, хоорондоо муудалцсан тохиолдол байдаггүй. Ийм байдал хэрхэвч байж болохгүй. Энэ бол Монголын язгуур эрх ашигт маш их хор хохиролтой шүү гэдгийг энд албан ёсоор хэлмээр байна.
-Эрх баригчдын хоорондын зөрчилдөөн одоо ч үргэлжилж байх шиг байна. Тухайлбал, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн дүүг Зам тээврийн сайд А.Гансүхийн гомдлоор хорьж цагдаж байгаа асуудлыг дурдаж болох юм.
Би аливаа асуудалд аль болохоор обьективны хандахыг хүсдэг. Асуудалд субъектив хандвал бурууддаг. Энэ бол миний улс төр, нийгмийн төлөө зүтгэх үйл ажиллагаандаа барьдаг гол зарчмуудын нэг.
Тиймээс хэн нэгэн сайдыг цохож ярихаас илүү эрх мэдэлд хүрсэн хүмүүс эрх мэдлээ ашиглаж, өөр хоорондын жижиг эрх ашгаас болж, хувийнхаа үзэмжээр асуудалд битгий хандаасай л гэж хүсч байгаа. Эрх мэдлээ хувийн асуудалтайгаа битгий хутга гэсэн үг.