Сайдын гэмшил
БШУ-ны сайд Л.Гантөмөр
2014.09.03

Сайдын гэмшил

БШУ-ны сайд Л.Гантөмөр бяцхан харуусал тээж явдгаа МУБИС-ийн оюутан, залуустай уулзах үеэрээ дэлгэжээ.

Тэрбээр Японы Нагаокагийн техник, технологийн их сургуульд суралцаж төгссөнийг монголчууд мэднэ. Харин эрхэм сайд маань оюутан байх хугацаандаа хичээлдээ бүрэн өөрийгөө зориулж чадаагүйдээ бага зэрэг харамсч явдаг аж. 

Түүний хувьд хичээлийнхээ хажуугаар ажил хийж, мөнгө олох нь чухал байсан болохоор ийнхүү хичээлдээ 100 хувь анхаарлаа хандуулж чадаагүй юм байна. Тиймээс ч Л.Гантөмөр сайд шинээр элсэгчдэд зориулан уншсан лекцийнхээ үеэр “Залуус та нар оюутан байх хугацаандаа сурч, боловсрохын төлөө бүхнээ зориулаарай. 

Архинаас хол байгаарай. Архи хүнийг уучихдаг юм шүү... Хүсвэл гудамжинд суугаа архичин хүнээс өнгөрсөнд хэн байсныг нь асуугаад үзээрэй. Бидний архичин хэмээн үл тоомсорлож байгаа хүн чинь та нар шиг оюутан, тэр ч бүү хэл Москвагийн их сургуулийн онц сурлагатнуудын нэг байсан ч байж мэднэ.

Харамсалтай нь архи түүнийг “уучихаж”. Тиймээс архи дарс, зугаа цэнгэл, мөнгөний хойноос хөөцөлдөлгүй сурч, боловсроход бүхнээ зориулж, өөрт олдсон дөрвөн жилийн хугацаанд ихийг мэдэхийг хичээ. 

Магадгүй би тухайн үед хэрвээ мөнгөний хойноос явж, ажил хийлгүй, зөвхөн хичээлдээ анхаарлаа хандуулсан бол өнөөдөр ихийг хийж, бүтээж чадах байж гэж хааяа харамсдаг юм.

Та нарын өнөөдөр хамгийн чухал юм шиг санагдаж байгаа зүйл чинь магадгүй хамгийн хэрэггүй зүйл байж мэднэ. Хожим та бүхэнд гай болж ч магадгүй” гэжээ. Ямартай ч эрхэм сайд маань Японд техник, технологийн чиглэлээр суралцаж байхдаа илүү их чармайсан бол салбарын сайд байхаас илүүг хийж бүтээх байсан бизээ.