Г.Шийлэгдамба: Намын дотоод асуудлыг түлхүү хэлэлцлээ
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.08.21

Г.Шийлэгдамба: Намын дотоод асуудлыг түлхүү хэлэлцлээ

Дарханд чуулсан МАХН-ынхан Засгийн  газрыг шүүмжлэв

МАХН “Шударга ёсны хуралдай”-гаа бүсчлэн хийж байгаа бөгөөд төвийн бүсийнх нь Дарханд болсон юм.

Төвийн бүсэд Дарханаас гадна Булган, Орхон, Төв болон Сэлэнгэ аймаг хамаардаг аж. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаар ахлуулсан ажлын хэсгийнхнээс гадна УИХ, Засгийн газрын гишүүд уг хуралдайд оролцож гишүүдийнхээ санал бодлыг сонслоо.

Зөвлөлгөөнд оролцогчид Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхдөл байдлыг хэлэлцэхээс гадна намынхаа үзэл баримтлал, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцэж, тодорхой санал санаачлагыг гаргасан юм.

Мөн социал-демократ үзэл баримтлалын талаарх ойлголт, энэ үзэл баримтлалын давуу талуудын тухай төвийн бүсийнхэнд сурталчлан таниулж, намын Удирдах ажилтны зөвлөлгөөнөөс гаргасан шийдвэр, тогтоол түүний хэрэгжилтийн талаар намын удирдлагууд мэдээлэл өглөө.

Г.Шийлэгдамба: Намын дотоод асуудлыг түлхүү хэлэлцлээ

Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас дараах зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн төвийн бүсийн “Шударга ёсны аян”-аар ямар асуудал хэлэлцэж байгаа вэ?
-МАХН төвийн бүсийн аймгуудын чуулга уулзалтыг Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Өнөөдрийн уулзалт зөвлөлгөөний гол зорилго нь  энэ оны сүүлчээр хуралдах Бага чуулганаар хэлэлцэх асуудльн талаар ярихад чиглэгдэж байгаа.

Мөн МАХН МҮАН-тай хамтарч “Шударга ёс“ эвслийг байгуулж, дэвшүүлэн тавьсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд ард иргэд ямар үнэлэлт дүгнэлт өгч байгаа талаар намын анхан шатны идэвхитэн сонгуультнаар дамжуулан мэдээлэл солилцож байна.

Түүнчлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хөндөж ярилцахаас гадна намын дотоод асуудлыг түлхүү хэлэлцлээ.

-МАХН-аас УИХ-ын намрын чуулганаар ямар асуудал хэлэлцэх ёстой хэмээн үзэж байгаа вэ?

-Хаврын чуулган үр дүн муутай болсон хэмээн манай намынхан үзэж байгаа. Тэгэхээр хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүдээ нэн тэргүүнд үргэлжүүлэн авч хэлэлцэх ёстой. Үүнд хэд хэдэн хуулийн төсөл бий.

Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийг яаралтай хэлэлцэх ёстой. Энэхүү хуулийн төслийг хэлэлцсэнээр улс төрийн намууд тогтворжиж, төлөвших ач холбогдолтой. Мөн Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, тодорхой болгох хэрэгтэй.

УИХ-ын үйл явцыг харахад цаг үеийн улстөржсөн нөхцөл байдал руу чиглэгдэж, улс орны нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, давж гарах гарцыг эрэлхийлэхгүй байгаа нь ажиглагдаж байна. Иймд МАХН шүүмжлэлтэн хандаж.

УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгээр дамжуулан үйл ажиллагааг нь зөв гольдролд оруулах чиглэл өгч ажиллана.

Мөн энэ үеэр Сэлэнгэ аймгийн МАХН-ын хорооны гишүүн Э.Ууганбаяраас дараах зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн     чуулга уулзалтаас ямар үр дүнг хүлээж байна вэ?

-Бид МАХН-ыг байгуулж, мөрийн хөтөлбөрийг баталж эхэлснээс  хойш мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар байгаа талаар өнөөдөр чуулж, үнэлэлт дүгнэлт өгнө.

Мөн манай  нам 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа олонхи болсон Ардчилсан намтай хамтран Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан ажиллаж байна. Энэ хугацаанд дэвшүүлэн тавьсан мөрийн хөтөлбөрийн биелэлт хэр байгаа талаар тодорхой мэдээлэл авч, өөрсдийн санаа боддоо намын удирдлагуудад илэрхийлэх болно. МАХН-ын удирдлагуудын зүгээс хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна.

Энэ мэдэгдлээ төвийн бүсийн намын гишүүдээ танилцуулсан бөгөөд агуулга нь Улс төрийн зорилгоор дээрээс өгсөн даалгаврыг хууль хяналтын байгууллагын зарим ёс суртахуугүй ажилтан хэрэгжүүлэхийн тулд илт хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг МАХН эсэргүүцэж байна.

Сүүлийн үед нам дамжсан улс төр, бизнесийн бүлэглэл, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагын ёс суртахуунгүй ажилтнууд нийлж, дахин МАНАН байгуулж, улс орны байгалийн баялгийг урьд нь гадаад, дотоодын олигархиудад тарааж өгсөн хууль бус, ёс суртахуунгүй, Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хор хөнөөлтэй үйл ажиллагаагаа сэргээн үргэлжлүүлэхийг санаархаж, энэхүү явуургүй зорилгодоо хүрэхийн тулд өөрсдөд нь “саад” болж болзошгүй гэж үзсэн улс төрийн нам, улс төрчдийг намнан хэлмэгдүүлэх бусармаг ажиллагааг идэвхжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна” гэжээ.

Харин эдийн засгийн хямралтай байгаа энэ үед ард иргэдтэйгээ уулзаж тулгамдсан асуудлыг нь сонсч буй “Шударга. ёсны аян”-ы багт талархсанаа зөвлөлгөөнд оролцогч аймгийн төлөөллүүд илэрхийлж байлаа. Ийнхүү хангайн бүсээс гараагаа амжилттай эхлүүлж, төвийн бүсэд үргэлжилсэн МАХН-ын “Шударга ёсны аян” цаашид ч үргэлжлэх аж.