Ж.Энхбаяр:Шилдэг арми,зэвсэгт хүчний төлөө ажиллах болно
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нарыг Батлан хамгаалах яаманд очиход' хүндэт харуул жагсч, төрийн дуулал эгшиглэн угтан авлаа. Батлан хамгаалах салбарын ажил хамгийн нэр хүндтэй, хариуцлагатай
алба гэдгийг Засгийн газрын тэргүүн энэ үеэр онцлоод хамтарсан Засгийн газрын үед салбарын ажилд чамгүй ахиц гаргасан Батлан хамгаалахын сайд асан Л.Болд болон түүний хамт олны ажлыг Засгийн газрын тэргүүний хувьд өндрөөр үнэлж байгаагаа хэллээ. Мөн тэрээр өмнө хийж ирсэн ололт амжилтаа улам бататган алдаа оноо байгаа бол засаж залруулж, илүү санаачилгатай, хариуцлагатай ажиллахыг Батлан хамгаалахын сайд болон тус яамны удирдлагууд, зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүнд анхааруулаад Ж.Энхбаяр сайдад болон салбарын нийт хамт олонд амжилт хүслээ. Дараа нь Батлан хамгаалах яамны тамга тэмдгийг сайдын үүргийг орлон гүйцэтгэгч Гадаад харилцааны сайд Г.Занданшатар шинэ сайд Ж.Энхбаярт гардуулан өглөө.
Ажил үүргээ хүлээн авсан Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр "Бид цаашид Монгол Улс, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, зэвсэгт хүчний орчин үеийн мэргэжлийн чадварлаг шилдэг арми болохын төлөө зүтгэх болно" гэлээ. Жадамбын Энхбаяр 1973 оны 2 дугаар сарын 16-"нд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 5, эхнэр, 3 хүүгийн хамт амьдардаг. 1990 онд нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1990-1992 онд ЦНДСургууль, 1999 онд Монгол Улсын Их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2003-2005 онд Голландын Маастрихтийн Менежментийн их сургуульд бизнесийн удирдлагын мастер цол хамгаалсан. Орос, англи хэлтэй. Тэрбээр 1992 онд "Газар" ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий захирлаар нь ажиллаж байгаад 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга, 2004-2006 онд Гаалийн ерөнхий газрын даргын зөвлөх, 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2008 оны УИХ- ын ээлжит сонгуулиар Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагддаг. УИХ дахь Монгол-Австри, Монгол-Бразил, Монгол-Бруней, Монгол-Голланд, Монгол-Казахстан, Монгол-Канад, Монгол-БНАСАУ, Монгол-БНСУ, Монгол-Хятад, Монгол-Японы парламентын гишүүн.