БНСУ-ын Үндэсний Ассемблейн төлөөлөгчид Н.Удвал сайдтай уулзав
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.08.05

БНСУ-ын Үндэсний Ассемблейн төлөөлөгчид Н.Удвал сайдтай уулзав

Эрүүл мэндийн сайд Н.Удвал БНСУ-ын Үндэсний Ассемблейн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байнгын хорооны дарга Ким Чүн Жин тэргүүтэй төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзлаа.

Н.Удвал сайд зочдод хандан, Монгол, Солонгос хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад талархлаа илэрхийлээд, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого хийгээд Засгийн газрын баримталж буй эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл, зорилтуудын талаар танилцуулав.

БНСУ-ын Үндэсний Ассемблейн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байнгын хорооны дарга Ким Чүн Жин  энэ удаад Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодит нөхцөл байдалтай танилцах, Олон улсын эрүүл мэндийн парламентын холбоог байгуулах талаар судлаж, хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцох зорилгоор ирснээ уламжлаад найрсаг дотноор хүлээн авч, уулзсанд Эрүүл мэндийн сайдад талархлаа илэрхийлэв.

Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талаасаа идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгдэв.