Ж.Энхбаяр: Зөвхөн ноолуурын салбарыг дэмжих нь зохимжгүй
-110 тэрбум төгрөгийн бонд гаргахыг та дэмжиж байна уу-
Засгийн газар ноолуурын салбарыг дэмжих зорилгоор 110 тэрбум төгрөгийн бонд хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах саналаа УИХ-д ирүүлсэн. Уг асуудлыг өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн юм. 110 тэрбум төгрөгийн бондыг хямдруулан арилжаалж, хөрөнгийг нь татан төвлөрүүлж, үндэсний үйлдвэрлэгчдийг "Монгол ноолуур" нэгдлээр дамжуулан санхүүжүүлэх юм. Уг нэгдэлд "Говь" ХК, Гоёо"ХХК, "Ээртэл"ХК,"Буян" ХК, "Алтайкашимер"ХХК, "Эрдэнэт хивс"ХК, "Сор кашимер"ХХК, "Мон форте" зэрэг 12 аж ахуйн нэгж багтдаг аж. Бондыг хүртэх гэсэн ноолуурын компаниудын хүчтэй эрх ашиг явж байна гэсэн хардлагаас үүдэн нэгдэн хуралдааны хэлэлцүүлэг нэлээн маргаантай болсон юм. Энэ асуудалд зарим гишүүн ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
-Монгол Улсын эдийн засаг нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах салбартаа тулгуурлаж байсан. Цаашид ч тулгуурлана. Хамгийн олон мянган ажлын байр бий болгож, жил бүр нөхөн сэргээгдэж байдаг шавхагдашгүй баялаг нь хөдөө аж ахуйн салбар юм. Энэ салбараа дэмжих нь зүйтэй. Гэхдээ өнөөдөр УИХ-д зөвхөн ноолуурын салбарыг дэмжих асуудлыг оруулж ирэх нь зохимжгүй юм. Ялангуяа нэр бүхий өндөр чадавхтай аж ахуйн нэгжүүдэд тусгайлсан арга хэмжээ авах нь нийгэмд буруу ойлголт төрүүлнэ гэж бодож байна. Харин миний бодлоор хөдөө аж ахуйн гаралтай арьс шир, ноос ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэлүүдийг дэмжих Засгийн газрын бонд гэсэн нэр томъёотойгоор асуудлыг оруулж ирэх учиртай гэж бодож байна. Учир нь ноолуур хавар, ноос зун, арьс шир намар, өвөл эрэлттэй байж, улирлын захиалгаар борлуулагддаг бизнесийн үйл ажиллагаа. Гэтэл үүнийг зөвхөн ноолуур гэж таслах хэрэггүй. Харин хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах гэдгээр нь дэмжээд явах нь зүйтэй юм. Одоо ноосны салбарынхан дэмжлэг хүсээд л ороод ирнэ. Өгөхгүй гэх арга байхгүй. Удахгүй арьс ширнийхэн ч хүсэлт тавина. Ингээд хөдөө аж ахуйн салбарынхан төрөл төрлөөрөө ороод ирвэл асуулт үүсэх л болно.Тиймээс би хөдөө аж ахуйн боловсруулах салбарынхныг нийтэд нь дэмжих томъёотойгоор бүлэг дээр горимын санал оруулж хураалгасан.