“Ирээдүй” цогцолбор хорооллын инженерийн шугам сүлжээний ажил ид өрнөж байна
Иргэдийн шинэ орон сууцанд орох эрэлт хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Энэ их хэрэгцээг хангах зорилгоор Барилга, хот байгуулалтын яамнаас томоохон хорооллуудыг барих бэлтгэл ажлууд хийгдсээр байна.
Хотын төвөөс 10 орчим км буюу бидний хэлж заншсанаар Гурвалжингийн гүүрнээс 3 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 4,5 дугаар хорооны нутаг дэвсгэрт тун удахгүй “Ирээдүй” орон сууцны томоохон хороолол босно. Энэ хорооллын инженерийн шугам сүлжээний ажил хэдийнэ эхлээд байна.
Тус хороолол нийт 60 га талбайд баригдах бөгөөд 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 72 дугаар тогтоолоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр Ирээдүй хороололд 10500 өрхийн 40000 хүн амьдрахаар тооцсон байна.
Тус хорооллыг барих цэвэр, бохир усны шугамыг татах ажлыг Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийхэн хийж гүйцэтгэж байна.
Тус төслийнхөн өнгөрөгч онд Ирээдүй цогцолбор хорооллын бохир усны Ф150-500 мм-ийн 4230 м гол шугамын угсралтын ажлыг бүрэн хийж дуусгасан бөгөөд одоо бохир усны насосны станц барих ажил хийгдэж байна.
Харин энэ оны сүүлээр цэвэр усны шугамыг хийж ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна. Ажлын явц одоогийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ ажил дээр “Бумбод” ХХК, “Эрчим төсөл”
ХХК-иудын түншлэл хамтран ажиллаж байгаа аж.
Энэхүү цогцолбор хороололд 6748 айлын орон сууц, 3500 сурагчтай сургууль, 1260 хүүхдийн цэцэрлэг, 100 ортой эмнэлэг, өрхийн эмнэлэг, 1000 оюутантай дээд сургууль, 486 суралцагсадтай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 1890 м2 талбай бүхий спортын цогцолбор, 675 м2 шалны талбай бүхий бассейн, 380 суудалтай кино театр, 150 ортой зочид буудал 22540 м2 талбай бүхий оффис, ахуйн үйлчилгээний барилга байгууламжууд баригдахаар төлөвлөжээ.