И.Нарантуяа: Морь унаж уралдаж байна гэдэг бол хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуя
2014.07.03

И.Нарантуяа: Морь унаж уралдаж байна гэдэг бол хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяатай  хүүхдийн хөдөлмөр эрхлэлт хийгээд унаач хүүхдүүдийн талаар ярилцлаа.

-Энэ жил хийгдэх ажлуудынхаа талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Одоо удахгүй баяр наадам болох гэж байна. Наадам дөхөхөөр унаач хүүхдүүдтэй холбоотой маш олон асуудлууд яригддаг. Гэхдээ эхнээсээ зарим  асуудал нь  шийдэгдэж байгаа. Унаач  хүүхдүүдийг  бүртгэлжүүлдэг бүртгэлийн системийг  бий болгосон.

Бид бүхэн хүүхдийн төлөө хийхийг зорьсон бүхнээ хэрэгжүүлэхийг хүсч ажиллаж байгаа. Хараахан биелэгдээгүй зүйлүүд  байна.  Тэр бүхнийг хийж хэрэгжүүлэхийн тулд багагүй хугацаа шаардагдана.

Хүүхдийн төлөө зөвхөн хүүхдийн байгууллага биш эцэг, эхчүүд ч гэсэн анхаарал тавьж, оролцох  ёстой гэдгийг хэлмээр байна.

-Бүртгэлжүүлэх ажил эхэлсэн гэсэн тэр талаар тодруулаач. Энэ жилийн наадмаар ер нь хүүхдүүд морь унах юм уу?

-Бид уламжлал соёлтой холбоотойгоор хүүхдийн морь унах асуудлыг зогсоож чадахгүй байгаа. Хэрвээ  уралдаан болбол ямар стандартыг хангаж чадах юм бэ.

Ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадах юм бэ. Бид хэрвээ ямар нэгэн эрүүл мэндийн асуудал гарахад цаг хугацаа алдахгүй хүүхдэд хандсан үйлчилгээг хамтарсан багийн үйлчилгээгээр шийдэх ийм бололцоог олгож байгаа.

-Унаач хүүхдийн насыг заасан уу?

-Энэ жил 12 наснаас дээш насны хүүхдийг уралдуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Өмнө нь бол 7, 8, 9 гээд л явдаг байсан одоо бол 12 дээш насны хүүхдийг л хурдны морь унуулна  гэж байгаа.

-Нэлээд олон хүүхдүүд хүнд хөдөлмөр эрхэлдэг гэдэг. Ер нь эдгээр хүүхдүүд хүүхдийн төлөө үндэсний газарт ханддаг уу?

-Зөвхөн хүүхдийн төлөө үндэсний газар ажилдаггүй юм. Иргэний нийгмийн олон байгууллагууд ажилладаг. Энэ хүрээнд ч гэсэн хүүхдийн  тэвчишгүй хөдөлмөрийг дагнаж ажилладаг ийм олон улсын байгууллага иргэний нийгмийн байгууллагууд байдаг.

Энэ улсууд маань ч гэсэн хүүхдүүдтэй ажилладаг. Үүнээс гарч байгаа үр дагавар хууль эрх зүйн орчиныг нь бүрдүүлэх тал дээр бид бүхэн илүү анхаарч ажиллахыг хэчээдэг. Тэдгээр улсуудын иргэний нийгмийн төрийн бүх холболтуудыг бид нар хийж ажилладаг. Мөн эцэг эхтэй ч хамтарч ажиллах ёстой гэж үзэж байгаа.

-Ер нь яг хөдөлмөр эрхэлдэг хэдэн хүүхэд байдаг юм бол. Нарийн тоо судалгаа байдаг уу?

-Ер нь бол 10 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэж үзэж байгаа. Гэхдээ тэр тохиолдлуудад бол янз бүрийн орчныг тооцож байгаа.

Үнэхээрийн хүнд хөдөлмөр гэхээргүй асуудлууд бас олон байдаг. Тэдгээрийн бид ялгаж салгаж,  ангилж зааглаж яг одоо аль хүндэрсэн хөдөлмөр юм бэ гэдгийг тогтоох ёстой.

-Яг хэзээ вэ?

-Мэдээж бид бүх ажлыг нэг мөр хийж дуусгахгүй. Энэнд цаг хугацаа хэрэгтэй. Дээр нь хууль эрх зүйн орчин хэрэгтэй. Дээр нь тогтолцоо маш чухал хэрэгтэй байгаа юм. Тогтолцоо хийнэ гэдэг бол хууль эрх зүйн орчныг бий болгоно л гэсэн үг.

-Ажил нь эхэлсэн үү?

-Эхлэлгүй яахав, бүх зүйл зэрэг явагдаж байгаа шүү дээ. Зөвхөн морины асуудлыг ярьдаггүй. Морь унаж уралдаж байна гэдэг бол хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт гэж үзэж байгаа.