Д.Сумъяабазар: Ард түмний "аварга аварга" хэмээх уухайн түрлэгийг  одоо ч боддог. Тэр бол давтагдашгүй мөч
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2014.06.30

Д.Сумъяабазар: Ард түмний "аварга аварга" хэмээх уухайн түрлэгийг одоо ч боддог. Тэр бол давтагдашгүй мөч

Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн хүү Улсын аварга Сумъяа­базартай ярилцлаа.

-Төрийн их баяр наадам хаяанд ирж монголчууд хүчит бөх, хурдан морьдынхоо талаар яриад эхэл­лээ. Нэгэн цаг үед бөхийн зүлэг ногоон дэвжээг эзэг­нэнхэн барилдаж байсан Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга болохоор болсон. Залуу зургаан заан төрийн наадамдаа барилдах болов уу гэсэн хүлээлт байна. Та барилдах уу?

-Монголчуудын мянга мян­ган жилийн нүүдэлчин ахуй болон  өв соёлыг тээж ирсэн үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Дэлгэр зуны энэ цагт дэнж хотойтол нааддаг Монголын ард түмэндээ баяр наадмын мэнд хүргэе  ээ. 

Багын найз Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёр маань дархан аварга цолтой болж байна. Ард түмнээ хүндэтгээд хоёр дархан аварга маань зүлэг ногоон дэвжээнээ зодоглох байх аа.  

Миний хувьд 2008 оноос хойш Төрийн их баяр наадамдаа зодоглоогүй. Би бодохдоо, спорт залуу насных гэсэн хатуу зарчим тээж явдаг хүн л дээ. Д.Сумъяабазар гэдэг хүн 14-34 нас хүртлээ буюу 1988-2008 он хүртэл 20 жил спортын төлөө өөрт байгаа бүхнээ зориулсан. Энэ хугацаанд үзэгч олноо хүндэтгэн олон сайхан барил­даан үзүүлж ард түмнээ баясгаж тэднээсээ уухайн түрлэг, эрч хүч авч байлаа. 

-Улстөрч гэдэг үүднээс бус Монгол бөхийн аварга гэдэг утгаар тантай ярилцаж байна. Хэдийгээр өөрөө барилдахгүй гэсэн ч нут­гийнхаа бөхчүүдийн галаар орж бэлтгэл сургуу¬лилтыг нь харав уу?

-Наадам бүхэн өөр өөрийн онцлогтой. Нэг дор 1024 бөх зэрэг гарч, нэг зэрэг 1000 гаруй шандаст хүлэг зурхайгаас эргэдэг, эрхий мэргэн харваачид нь цэц мэр­гэнээ сорьж гурван өдөр нааддаг гээд тэр бүхэн яах аргагүй Монгол наадмын онцлог. Тиймээс ч түмэн олон маань бөхчүүд гэхээсээ илүүтэйгээр Ардын хувьсгалынхаа их баяр наад¬мыг хүлээдэг болов уу гэж ойлгодог.

Хаана ч байх¬гүй тийм л сайхан жишиг Монголын ард түмэнд л байдаг. Бөхчүүд бидний хувьд зөв­хөн давах, унах гэхээсээ илүүтэйгээр ард түмнээ хүндлэх ёстой. Үүнийгээ үргэлж дот­роо бодож, тунгааж явах учиртай. Энэ жилээс Өвөрхангай аймгийн бөхийн галыг хариуцах том үүрэг надад оногдож, Их Монголын хүчтэн дэвжээний тэргүүнээр сонгогдсон.

Өврийн сайхан хангайгаас төрж гарсан аваргын хувьд энэ л нутаг уснаас ирээдүйд төрж гарах аварга, арслангуудын залгамж халааг нь бэлтгэх нь миний үүрэг. Бөхчүүд галынхаа нэгдсэн бэлтгэл, сургуулилтдаа гарсан.

Гэхдээ одоогийн залуучуудад шүүмжилмээр нэг зүйл байгаа нь их спортоор хичээллэхгүй байна.

Их спортоор хичээллэхгүйгээр  тэсвэр хатуужил, уян хатан, хурд хүч, сэтгэн бодох чадварыг олж авч чадахгүй. Эдгээр чанарууд байж гэмээнэ илүү их амжилт гаргана. 

-Зургаан залуу заан наадмын дэвжээнээ гал гарсан барилдаанаар ард түмнээ баясгадаг байлаа. Хорьсон ч давдаг хориогүй ч давдаг тэр торгон цаг үеийг эргэн дурсахгүй юу?

-Зургаан залуу зааны үеийг монголчууд бахдан ярьдаг. Бидний хувьд 12-13 наснаасаа их спортоор хичээллэж бөхийн гараагаа эхэлж байсан. Их спортоор хичээллэсэн үеийн өндөр бэлтгэл сургуулилт, ёс зүй гээд бүхий л зүйлд суралцсан бөхчүүд бол тухайн үеийн зургаан залуу заан байсан гэж боддог.

Бэлтгэлийн суурь, ачаалал даах чадвар гээд бүхий л зүйл их спорттой салшгүй холбоотой. Г.Өсөхбаяр нь Архангай­даа, Д.Сумъяабазар нь Октябрийн райондоо, А.Сүхбат нь Төв аймагтаа байсан бол бид хөдөө буйдхан газартаа бондойсон аймгийн арслангууд болчихсон жилдээ ганц удаа төрийн наадамдаа зодоглох гээд шилээ маажиж ирээд начин цол горьдсон нөхдүүд л байх байсан болов уу.

Их спортоор хичээллүүлсэн ухаалаг багш нарын буяныг хариулж барахгүй л дээ. Зургаан залуу заан бус­даа­саа аргагүй ялгардаг байсан. Бид бусад бөхчүүдээс хэд дахин илүү бэлтгэл хийж, тэднээс хэд дахин илүү ачаалал авчихсан тул ялгарахгүй гээд яах юм.

Их спортоор хичээллүүлсэн ухаалаг багш нарын буяныг хариулж барахгүй л дээ.

Бид чөлөөт бөхөөр маш эрчимтэйгээр зургаан минутаар таван барилдаан дараалаад хийдэг байлаа. Орсон гарсан, орооцолдсон 30 минутын барилдаан хийхэд эхэндээ зүрх халгам байсан ч яваандаа үүнийг давдаг болсон. Үүнд л хамаг учир байгаа юм. 

-Тачигнатал барилдаад давж, унасныхаа дараа өнөө хэдий­гээ юу гэж боддог байв?

-Бид нэг нэгэндээ уначихвал нойр хүрнэ гэж байхгүй. Учир нь бид өгөө аваатай байсан. Би Сүхбатад, Өсөхөө Пунцагт уналаа гэхэд шөнөжин орондоо тарвалзаж хононо.

Дараа нь харин давчихаад нэг их сайхан санаа амарна шүү дээ. Тэгж байж дараагийн бэлтгэлдээ сэтгэл хангалуун ордог байлаа. Монгол бөхийн нэгэн үеийн өнгийг тодорхойлж явсандаа бид бахархдаг. Монголын ард түмэн хэзээд залуу зургаан зааны тухай ярьцгаасаар байх болов уу гэж боддог юм. 

-Анхны цолоо хэзээ хүр­тэж байв. Таны дархан хонгодох мэхэнд тэсч үлдсэн бөх цөөхөн. Уг мэхийг хэрхэн сурч байсан бол?

-Бөхчүүдийн биеийн галбирт тохирсон мэхний хувилбар гэж байдаг. Хонгодох мэх миний биеийн галбирт л тохирсон мэх. Халз хутгах, давхар ачих, зайлж хавирах гээд янз бүрийн хувилбар тухайн үед барилдааны явцад орж ирдэг.

Барилдааны ганцхан доль, секундэд л хийгддэгээрээ дар­хан мэх агуу л даа. Өнөөдрийнх шиг хашиж зогсож байгаад нэгнээ өргөөд тавьдаг ийм барилдаан үзээд яах юм. 20 минут зугтааж байгаад азаа үзэж барьц сонгоно гэдэг утгагүй.

Анхны цол гэвэл 1988 онд үндэсний баяр наадмын өсвөрийн 64 бөхийн барил­даанд түрүүлж улсын “шонхор” цол хүртсэн. Тэгэхэд Баагий ах маань (Дархан аварга Б.Бат-Эрдэнэ) түрүүлж арслан цолонд хүрч байсан үе. Тухайн үед нам засгийн дарга нар болох Ж.Батмөнх гуай болон Улс төрийн товчооны бусад гишүүдтэй 14-тэй хүү гар барьж байлаа.

Тэгэхэд хязгааргүй их баярлаж билээ. Би Октябрийн районы 46 дугаар сургуульд сурдаг байсан юм. Сургуулийнхан маань хүлээн авч Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь I, II ботийг өгч намайг хөхүүлэн дэмжиж байв шүү дээ. 

-Анх ямар улсын цолтныг өвдөглүүлж байв?

-Бөхийн чөлөөт барилдааны Тулгат клубийг үүсгэн байгуулсан Нямдаваагийн Ганбаатар багш маань Өсөхөө болон бидний тэргүүтэй хэсэг бөхчүүдийг гаргаж ирсэн. Багш биднийг 20 нас хүртэл үндэсний бөхөөр барилдахыг хориглодог байсан.

Тэр үеийн заалны нэгэн барилдаанд Өсөхөө засуул дээрээс гарахдаа гутландаа бүдэрч унах шахаад гарч ирж билээ. Түүнийг нь багш мэдчихээд “Одоо боль” гээд болиулсан. Тухайн үед бид чөлөөт бөхөөр “өвчилчихсөн”, “Дэлхийн од болно” гэж мөрөөдөж явдаг байсан юм.

Н.Ганбаатар багш дөрвөн мөчний тамир суугаагүй хүүхдүүд нэг л гэмтэл аваад насан туршийн тахир дутуу болчих вий гэж биднийг хориглодог байв. Багш үндэсний бөхөөр барилдуулахгүй байхаар нь бид ч дотроо гомдолтой л байдаг байсан. Одоо бодоход багш маань алсын хараатай байжээ.

1993 оны цагаан сарын барилдаан дээр залуу бөх оноолтоор Д.Мягмар заантай таарсан. Аавтай минь үеийн том цолтой бөхтэй барилдаж байсан болохоор эмээнгүй л байлаа. Элэг бүснээс нь бариад автал барилдаж бол­моор санагдангуут нь шууд л давхар аччихсан. Тэгж л анх улсын цолтой бөхийг давсан түүхтэй. 1994 онд Д.Цэрэнтогтох аваргаар тав давж начин цолны босго алхсан. 

-Цэдэндамбын Цэрэн­пун­цаг гарьдаар долоо давж заан цол хүртсэн тэр барилдаанаа эргэн дурсахгүй юу?

-Ц.Цэрэнпунцаг ах бид хоёр Политехникийн дээд сургуулиас өсвөр үеийн улсын аваргад орж байсан. Пунцаг ах том насанд би 15-16 насны ангилалд барилдсан. Би түрүүлж, Пунцаг ах өөрийн насандаа дөрөвт орж байсан юм. 1990 онд ээжийн маань нутаг болох Архангай аймгийн Өлзийт сумын наадамд зодоглож шөвгийн дөрөвт үлдэж байлаа.

Тэгж л анх улсын цолтой бөхийг давсан түүхтэй. 1994 онд Д.Цэрэнтогтох аваргаар тав давж начин цолны босго алхсан.

Өөлдийн дош хатуу шүү. /инээв/ Залуу бөх байхдаа төрийн наадамдаа зодоглон улсын начин болж байлаа. Одоо бол аймгийн арслан болчихоод дараа нь цэргийн наадамд түрүүлэх гэдэг болж. Энэ нь эрэмбэлдэг болсноос хойш аймгийн цолонд ач холбогдол өгдөг болсон байна. Том цол мөрөөдөж байгаа хүн том л байх ёстой.

Бодол нь, төлөвлөгөө нь том байж түүндээ хүрэхийн тулд чин шударгаар саад бэрхшээл гарсан ч гуйвж дайвалгүй явж гэмээнэ амжилтад хүрнэ. Түүнээс шантрах, халшрах л юм бол амжилт, цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Тамирчин хүн өөртөө л ялагдахгүй байхад амжилтад хүрнэ гэж боддог.

-Бөхийн дэвжээн дээр гэнэдүүлэх тохиолдол гардаг уу?

-Гаралгүй яахав. Барьц тавих үед барьцнаас боогоод жаахан муужруулаад сөхрүүлчихнэ шүү дээ. Пунцагийн Сүхбат гарьдтай барилдахад тийм зүйл болсон. 1994 оны заалны барилдааны үеэр толгой уургалчихаад талбай голлох үеэр боохоор нь сөхөрчихсөн.

“Та намайг боочихлоо” гэсэн чинь “Чи чөлөөтийн хүн байж боолгоод байхдаа яадаг юм” гээд л өнгөрсөн. Эрчүүдийн тулаан юм чинь яая гэхэв. Миний өөрийн хариуцлагагүй байдлаас үүссэн болохоор хохь нь л байхгүй юу. “Би боолгочихлоо. Намайг боочихлоо” гээд шалчигнаад явах шаардлагагүй. Хэн болом­жоо ашиглаж чадсан нь давна. 

-Д.Цэрэнтогтох аваргаар улсын цолтны бүлд багтахад ааваараа яриулсан уу, аварга нутгийн дүү гэж таныг амласан юм уу. Яриа хөөрөө болж байв уу?

-Тэр үед ямар юмных нь найраа байхав дээ. Нутаг орноосоо гарч ирж буй залуу бөхчүүдийг дэмждэг уламжлал байсан. Аварга, арслангуудын залгамж халааг бэлдэх тэр л зүйл явж байсан хэрэг. Нутаг орноос нь хэн сайн барилдаад гарч ирнэ түүнийг дэмждэг байв.

Д.Цэрэнтогтох аварга, Ч.Дамдиншарав багш, бид гурав холбоотой хүмүүс л дээ. Цээеэ аваргын чөлөөтийн багш нь Дамийл багш байсан. Дамийл багш Өвөрхангайн Гучин-Ус сумынх. Цээеэ аварга Нарийнтээлийнх, би ааваараа явахаар Хужиртынх юм.

Дамийл багш Цэрэнтогтох багш дээр очоод “Сумъяабазарыг чи шууд амлаж ав. Чи аварга цолтой хүн энэ хүүг дэмжиж гарга” гэж хэлсэн юм билээ. Түүнийг нь бүр сүүлд мэдсэн л дээ. Цээеэ аваргаар анх удаа улсын цол хүртэж, аваргын араас аварга болсондоо баяртай байдаг. Үнэхээр буянтай хүн юм даа гэж бэлгэшээдэг.

Аймгийнхаа түүхэнд нэг багшийн хоёр шавь аварга болсноороо үлдэнэ. Бид ийм л хувь заяатай хүмүүс байж. Багшийн алсын хараа, Д.Цэрэнтогтох аваргын нутаг орноо бодсон уужуу холч ухаан гээд олон зүйлийн нийтгэл нь энэ юм. Цагаан сараар Д.Цэрэнтогтох аварга дээр очиж байнга золгодог уламжлалтай. 

-Та заан цолтой Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд барилдахдаа хоёр удаа тахим буулгасан. Тэр үед давчих боломж байгаагүй юу?

-Б.Бат-Эрдэнэ аварга бэлтгэл сургуулилт, биеэ авч яваа байдал, бөх хүний хувьд ч бусдаасаа хол давуу тасарчихсан байлаа. Тэр хүний бяр хүч ч гэж ид жагсаж байсан. Өнөө залуу зургаан зааныг нэлээд “агшаадаг” байсныг нуугаад яахав.

Цолоор хайчинд оруулна гэж юм бий. Тэр нь амлаж аваад дараагийн нугалаан дээр хооронд нь тааруулна гэсэн үг. Аваргын хайчинд ороод бид хоорондоо ана мана үзнэ. Тэгж явсаар байгаад нэг нь л аваргатай барилдана.

Энэ чинь л монгол бөхийн үндсэн зарчим. Баагий аварга бөхийн спортод сахилга бат өндөртэйн дээр бэлтгэлийг яс хийдэг байсан. Үнэхээр тэр барилдаануудыг яаж ч болоогүй юм аа.

-Тэгвэл Өсөхөө аваргатай хоёр удаа үзүүр түрүүнд үлдэж унахдаа нулимстай зогсож байсныг ард түмэн мэднэ. Дараа нь тэврэлдэж байгаа харагдсан. Найзууд хоорондоо яриа хөөрөө хийж байгаа юм уу?

-Миний ухаан санаанд мөнгө төгрөгтэй холбоотой бууж өгөх, найраанд орох гэсэн асуудал байхгүй. Би тэгж ч хүмүүжээгүй. “Энэ жил чи надад өгчих” гээд “Дараа жил би өгье” гэх юм уу. Өсөхөөг дэмждэг хүмүүс, намайг дэмждэг хүмүүс бид хоёрыг харж байхад тэгж заваараад явж байх уу.

Өсөхөө, Сумъяа хоёрын өрсөлдөөн Ар, Өвөрхангайн залуучуудын хэн нь баяр наадмын түрүү авах гэдэг асуудал.

Намайг ид барилдаж байхад “Чи хөгшиндөө өгчих” гээд ирсэн бол надаас айж байна гээд давуу байдлаа ашиглаад дайраад л хаячихна. Энэ чинь сул тал шүү дээ. Эн тэнцүү хоёр бөх бие биедээ найр тавина гэдэг байж болохгүй зүйл. 

-2006 оны түүхт ойн наадмын шөвгийн дөрөвт Г.Өсөхбаяр аварга та хоёр таарч та давсан. Тэр барилдааныг л танд өгчихлөө гэж ярьдаг?

- Тэгэхэд Г.Өсөхбаяр аварга түрүүлсэн бол шууд дархан аварга болох байсан. Би түрүүлбэл шууд аварга болох байв. Хөлбөмбөгийн чанга багууд нэг хэсэгт орчихоор үхлийн хэсэгт таарлаа гэдэг. Энэ чинь л үхэх сэхэхээ үзэж байгаа хэрэг.

Өсөхөө, Сумъяа хоёрын өрсөлдөөн Ар, Өвөрхангайн залуучуудын хэн нь баяр наадмын түрүү авах гэдэг асуудал. 800 жилийн ой 100 жилд ганц тохионо. 900 жилийн ойгоор хэн түрүүлэхийг би мэдэхгүй. Ямартай ч 800 жилийн ойгоор Д.Сумъяабазар аварга түрүүлж байсан юм билээ л гэж ярина.

1906 онд Чүлтэм аварга түрүүлж түүхэнд үлдсэн. Ийм хариуцлагатай барилдаанд найр тавина гэж байхгүй. Хэн хэн нь түрүүлэх хүсэлтэй байсан. Ийм асуулт дахиж битгий асуугаарай. Бидний зургаан заан хэзээ ч бие биендээ найр тавьж үзээгүй. 

-Танай аав Монгол Улсын заан цолтой бөх. Ээжийн тань талаас улаан хүзүүт Дэлэг гэж арслан байсан. Энэ бүхэн таныг бөхийн замд хөтөлсөн үү?

-Монгол бөхийн гэр бүлд төрж, хүн болж өссөнөөрөө бахархдаг. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь аварга Дагвадорж, үндэсний бөхийн 19 дэх аварга Сумъяабазар хоёр ах дүү аваргууд гээд түүхэнд үлдэнэ.

Аав маань заануудын манлай, нагац ах маань Архангай аймгийн Өлзийт сумын харьяат Өөлдийн улаан хүзүүт Дэлэг арслан гээд ээжийн талаас байна.

Энэ сайхан гэр бүлээс аварга цолонд хүрсэн минь сайхан санагддаг. Сайн аавын хүү болно гэдэг мэдээж сайхан. Би эмэг эх дээрээ найман сартайгаасаа 16 нас хүртлээ байсан хүн л дээ. Тэнд ажил хийх, хүн байхын ухаанд суралцсан. 

-Аварга цолонд хүрч байсан тэр мөчөө эргэн хуваалцахгүй юу?

-Би аварга болно гэсэн бодолтой л байсан. Би начин, заан, гарьд цол аваад цолны мялаалга гэж хийж байгаагүй. Харин хамгийн сүүлд аварга болоод цолны мялаалгаа хийсэн.

2006 онд Г.Өсөхбаяр аваргыг шөвгийн дөрөвт давчихаад Д.Азжаргал арслантай барилдахын өмнө Улсын арслан цолоо авчихаад барилд гэсэн. Өмнө нь арслан цол өгөөгүй байж одоо цолоо авчихаад барилдана гэдэг зүйл байхгүй гээд шууд л барилдсан.

Би өөрийгөө түрүүлнэ гэдэгт дэндүү итгэлтэй байсан. Д.Азжаргал арслантай удаан барилдана ч гэж бодоогүй. Ард түмний “аварга, аварга” хэмээх уухайн түрлэгийг би одоо ч бодож явдаг. Тэр бол давтагдашгүй сайхан мөч. 

-Төрийн наадамд зодоглож байхдаа хамгийн харамсалтай барилдааныг хэзээ хийж байв?

-Би харамсаж байгаагүй. Харин давах барилдаан дээрээ унаж явсан үе бий. Зөвхөн бэлтгэл сургуулилт сайн байлаа гээд түрүүлнэ гэж байдаггүй. Тухайн цаг үед хэн барилдаанаа мэдэрч чадсан нь давдаг тал бий.

Би харамсаж байгаагүй. Харин давах барилдаан дээрээ унаж явсан үе бий.

А.Сүхбат аваргад гар ачуулаад унасныг хараад хүмүүс “Сумъяа харамсдаг байх” гэж боддог юм билээ. Тэр жил миний бэлтгэл сургуулилт маш сайн байсан. Барилдааны төгсгөлийг хэн сайн хийсэн нь давдаг.

Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмаар Өсөхөө аваргатай барилдаад унасан. Тэр үед миний бэлтгэл сайн байсан ч давж чадаагүй. Тиймээс барилдааныхаа төгсгөлийг сайн хийх ёстой. 

-Таныг барилдаж байхад аав тань ирж зөвлөгөө хэр өгдөг байсан бэ?

-Аав маань өөрөө барилдаж байсан болохоор бөх үзэхэд хэцүү байдаг байсан болов уу гэж боддог. Тэнцүү барилдаанууд ямар хүнд нөхцөлд болдгийг аав маань яс махаараа мэдэрдэг тул надад тэгж, ингэж барилд гэж хэлдэггүй. Харахаас ч халширдаг байсан байлгүй. 

-Энэ жилийн түрүү бөх хэн байх вэ гэдгийг ард түмэн тааварлаад эхэлжээ. Таныхаар хэн түрүүлэх бол?

-Нэг, хоёрын даваанаас хэн өнгөтэй байгаа нь харагддаг. Түрүүлэх бөх аяндаа мэдрэгддэг. Би Г.Эрхэмбаяр аваргыг нэлээд дээшээ явж барилдах болов уу гэж бодоод байгаа. Мөн С.Мөнхбат аварга сайн барилдах байх. Наадмын эхний өдөр л очоод харна даа.