Б.Бямбасайхан: Эрчим хүчний үнийг чөлөөлөх шаардлагатай байна
Тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийх хамгийн чухал ажил бол Монголд бизнес эрхлэх таатай орчиныг бүрдүүлэх явдал.
Ингэснээр Монголын эдийн засагт шаардлагатай хөрөнгө мөнгийг богино хугацаанд зах зээл рүү татах боломжтой болно” гэлээ.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ОХУ-д хийсэн айлчлалыг онцоллоо. Эдгээр айлчлал нь ОХУ, БНХАУ-ын хооронд хийгдэж байгаа өргөн цар хүрээтэй, дэлхийн хэмжээний дэд бүтцийн төслүүдэд Монгол улсын оролцоог бий болгоход чиглэгдсэнээрээ чухал ач холбогдолтой юм гэлээ.
Эдийн засгийн зөвлөлийн гишүүд өнгөрсөн долоо хоногт бизнесийн орчныг сайжруулах, эдийн засагт учирч буй бэрхшээлийг даван туулах талаар 120 гаруй бизнес эрхлэгчтэй уулзаж санал солилцжээ. Уулзалтын үр дүнд “Банкны холбоо”-той хамтран зээлийн эргэн төлөлтийг нааштайгаар шийдэх, банкинд байршиж буй хөрөнгийг эргэлтэд оруулж бизнесийн салбар болон төсөл хөтөлбөрт зарцуулах асуудлаар зөвлөмж хүргүүлэхээр болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас 579 төслийг жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаар дамжуулж санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн нь бизнес эрхлэгчдэд боломж олголоо. Харин шийдвэрүүдийг богино хугацаанд ажил болгох нь чухал гэлээ.
6 сарын 19-21-ний хооронд “Монголын эдийн засгийн форум”-аас бизнесийн салбарын дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулна. Чуулга уулзалтыг бизнесийн салбарынхан болон гадаадад байгаа Монголын ЭСЯ-уудтай хамтран хөрөнгө оруулагчдыг татахаар хамтран ажиллаж байна.
Чуулга уулзалтын үеэр бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт хайж байгаа төслөө гаднын хөрөнгө оруулагчдад танилцуулах боломжтой. Одоогоор Герман Турк, Иордан, Итали, Энэтхэг зэрэг орны компани, хөрөнгө оруулагчид оролцохоо мэдэгдсэн. Цаашид оролцох орны тоо нэмэгдэнэ гэж зохион байгуулагчид хэллээ.
Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Эрчим хүчийг экспортлоход үнийг хэрхэн шийдэх бол?
-Монгол Улсад эрчим хүчний нүүрс, нар, салхины гээд асар их нөөц байна. Бид энэ бүхнээ эдийн засгийн эргэлтэд оруулвал бүс нутагтаа өрсөлдөх чадвартай болох юм. Өнөөдөр бид энэ асуудлаа ярьж, зах зээлээ нээх хэрэгтэй. Эрчим хүчний худалдаа, экспортын талаар Ерөнхийлөгч нь яриа хэлэлцээр хийгээд, ЭХ-ний сайд нь ажил хэрэг болгох гэж байгаа нь бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд хамгийн зөв. Учир нь зах зээлийг нь нээгээд, эрчим хүч худалдаалах орчныг нь бизнесийнхэнд бий болгоод өгөх хэрэгтэй. Үүний дараа бид хөрөнгө оруулалт хийх төслөө боловсруулна. Эрчим хүчний экспорт гэдэг нь Монгол Улсын ирээдүйд маш чухал зүйл. Энэ тал дээр бизнесмэнүүд олон улсын компанитай хамтраад ажиллах юм. Бид 20 мянган МлВ-ын экспорт хийхэд бид жилдээ нэг тэрбумгаруй ам.долларын эх үүсвэр бүрэлдэх боломжтой. Үүнийг дагаад олон хөрөнгө оруулалт хийгдэнэ. Ажлын байр бий болно. Эрчим хүч гэдэг нь олон улсад стратегийн зах зээл юм. Монгол Улсыг хүрээлээд Хятад, Солонгос, Япон гээд дэлхийн хамгийн том эрчим хүч хэрэглэгчид байна. Эрчим хүчний үнийг зах зээлийн горимд оруулах шаардлагатай. Бид 100 төгрөгөөр үйлдвэрлэсэн бараагаа 80 төгрөгөөр борлуулаад байвал алдагдалд орно. Энэ алдагдлыг та бид татвараараа төлж байна.
-579 төсөлд ямар үйлдвэрлэлүүд зонхилсон бэ?
-Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд бид оролцохгүй. Хамгийн гол нь "амьд" төсөл байх хэрэгтэй. Санхүүжүүлэх боломжгүй төслүүдийг боловсруулснаар цаг их алддаг. Тиймээс стандартын дагуу төсөл байх ёстой. Сайн төслүүд байх хэрэгтэй.
-Хичнээн компани зээлээ төлж чадахгүй байна вэ?
-Ханшийн зөрүүнээс болоод маш олон компани алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн. Үүнээс болоод зээлүүд хугацаандаа төлөгдөхгүй байгаа.Энэ тал дээр Монголын банкуудын холбоо ярилцаад ямар шийдэлд хүрсэнээ танилцуулах байх.
-Эдийн засгийн өсөлтийг юунаас эхлэх вэ?
-Эдийн засагт шаардлагатай зүйл нь өсөлт. Бид эдийн засгийн өсөлтийг хөгжлийн санхүүжилтгүйгээр хийх боломжгүй. Хөгжлийн санхүүжилтийн гол эх үүсвэр нь Засгийн газар бонд босгоно эсвэл арилжааны зээл авна. Хөрөнгийн эх үүсвэрүүдээ оруулж, төслүүдээ эхлүүлэх шаардлагатай. Төслүүдийг эхлүүлбэл ажлын байр бий болно.