Э.Бат-Үүл: Аливаа хотод реклам, зар сурталчилгааны самбарын агуулга, стандартыг тогтоож өгдөг
“Энэ л асуудал” нэвтрүүлгээр нийтийн зам, талбайд үйл олноороо байрших хаяг, сурталчилгааны самбаруудын талаар бэлдсэн юм.
1990-ээд оноос өмнө манай улсад хаяг, сурталчилгааны самбарууд байдаггүй байсан ч 1990-ээд оноос зах зээлийн эдийн засагт шилжин хаяг, рекламын самбаруудыг Нийслэлд байршуулах иргэд, аж ахуй нэгжүүдийн сонирхол ихэссэн байна. Тиймдээ ч 1995 оноос эхлэн Улаанбаатар хотод гадна рекламын самбаруудыг байршуулж эхэлжээ.
Өнгөрсөн оны байдлаар нийтийн эзэмшлийн зам талбайд барилга, томоохон хэмжээний хаяг, сурталчилгааны тоо 2180 болсон байна. Улс орны эдийн засгийн хөгжил нэмэгдэж байгууллага, аж ахуй нэгжүүдийн тоо, эдийн засгийн чадамж дээшилсэнтэй холбоотой гадна зар сурталчилгааны самбаруудын тоо эрс өссөн. Энд тэндгүй, ялангуяа нийслэлийн төвийн дүүргүүдээр нүд эрээлжилмээр эрээн, мяраан, төрөл төрлийн, янз бүрийн хэмжээтэй үг хэллэгтэй самбарууд өнгө алаглан байх болсон.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:
Ер нь хотын реклам, зар сурталчилгааны самбарууд нь хотын өнгө үзэмжийг тодорхойлдог гол хүчин зүйл. Тиймээс аливаа хотод реклам, зар сурталчилгааны самбарын агуулга, стандартыг тогтоож өгдөг. Манайд ийм үйл ажиллагааг явуулж эхэлж байгаа.
Стандарт заавар дээр нэгдүгээрт, гудамжны өргөн чөлөөг хаахгүй байх шаардлага тавьдаг. Яагаад гэвэл гудамжны үзэгдэх орчин, өргөн чөлөөг хаах нь хотыг төвөгтэй, хязгаарлагдмал байдалд оруулдаг. Аюулгүй байдлыг бууруулж, эрсдэлийг өндөр болгодог.
Хоёрдугаарт, бүр нарийвчилж заахаас илүү тухайн байшингийнхаа фасад, интерьер, дизайнд тохирсон байх шаардлагыг тавьдаг. Дизайн талаасаа бидэнд соёл ихээр дутагддаг.