Орон сууцны үнийг бууруулах хэрэгтэй
2014.05.20

Орон сууцны борлуулалт буурсан нь үнэн үү?

Барилгын салбар эрчимтэй хөгжиж үүнийг дагаад орон сууцны хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа боловч иргэдийн худалдан авах чадвар буурсан үзүүлэлт гарсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар иргэд ихэвчлэн хоёр өрөө байр худалдан авах нь их байгааг тус салбарынхны зүгээс хэлж байгаа юм.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнийн хувьд 2014 оны эхний улиралд мөн оны өмнөх үетэй харьцуулахад 34.9 хувь, өмнөх улирлаас 2.3 хувиар өссөн дүнтэй гарсан байна. Тэгвэл Монгол банк болон БХБЯ-наас хэрэгжүүлж байгаа барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 266.2 тэрбум төгрөгийг барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны салбарыг санхүүжүүлэхэд зарцуулж байгаа юм. Харин 2011 оноос хойш Улаанбаатар хотын орон сууцны үнэ дунджаар 60 хувиар өссөн гэдэг судалгааг ТББ-уудаас гаргасан байна. Харин нийгэмд орон сууц худалдах зар их байгаа боловч борлуулалт муу байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй шууд холбоотой гэж хэлэх хүмүүс цөөнгүй байгаа юм.

Орон сууцны үнэ, барилга үйлдвэрлэлийн  нийлүүлэлтийн хэмжээ, худалдан авах чадвар, иргэдийн бодит орлого, зээлийн нөхцөл, барилгын орц, материалын үнэ болон улс орны эдийн засгийн өсөлт гэх мэт олон зүйлээс уялдан хамааралтай байдаг. 2013 оноос Засгийн газар Монгол банкнаас авч хэрэгжүүлж байгаа 8 хувийн зээлээр орон сууц худалдан авах бодит эргэлтийг идэвхжүүлж орон сууцны зах зээлийн үнийг өсгөн нэмэгдүүлэх гол хүчин зүйл болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Арилжааны банкуудын барилгын салбарт олгох зээлийн хэмжээ 2013 онд 550 тэрбум төгрөг болсон нь өмнөх онтой харьцуулахад хоёр дахин өссөн. Түүнчлэн барилгын салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнээр 2013 онд 216 төсөл хэрэгжиж нийтдээ 20300 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Эдгээрийн 16500 нь нийслэл Улаанбаатар хотод байршилтай. 2014 оны байдлаар улсын хэмжээнд нийтдээ 21300 айлын орон сууц ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа нь хамгийн орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн нь юм. Дээрх орон сууцны борлуулалт хэр байх вэ гэдэг эргэлзээ төрүүлж байгаа.

Эдийн засгийн хүндрэл үүсээд байгаа энэ үед  орон сууц худалдан авах боломж нь хязгаарлагдмал болж байгааг иргэд хэлж байлаа. Нөгөө талаас 1907 оноос өмнө ашиглалтад орсон орон сууцны үнэ 2014 оны эхний улиралтай харьцуулахад 24.8-34.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан нь орон сууцны эрэлт буурах үндсэн шалтгаан болж байх магадлалтай гэж байна.

МБЗ-ийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан: “Бизнесийн өрсөлдөх чадварын тухай асуудал. Өнөөдөр бид засгийн газраас тодорхой бодлогын өөрчлөлтүүдийг авч хэрэгжүүлснээр манай эдийн засаг бүр өрсөлдөх чадвартай болох ёстой. Өрсөлдөх чадвартай байна гэдэг Монголын бизнес эрхэлж байгаа компаниуд улам үр ашигтай ажиллах, олон ажлын байр бий болгох юм.”