2009.05.15

Д.Ганхуяг: Дэлхийг ураны салбар руу хандуулж чадлаа

УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас зарим асуултад хариу авлаа.

-ОХУ-ын Засгийн газрын дарга В.Путины айлчлалаар хоёр тал ураны салбарт хамтарч ажиллах баримт бичгийг үзэглэсэн. Та энэ айлчлалын үр дүнг юу гэж дүгнэж байгаа вэ?

-Хуучин нийгмийн үед албан тушаалтнууд хоорондоо зохицоод Монголын ураныг чимээ-гүй зөөдөг байсан. Харин одоо ардчилсан улс, зах зээлийн эдийн засагт шилжсэн болохоор олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу ил тодоор, ард түмний хяналтан дор баялгаа ашиглаж байна. Тиймээс ч ОХУ-ын Ерөн-хий сайд В.Путины айлчлал Монголын ураны салбар руу дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Өмнө нь Олон улсын цөмийн энергийн агентлагийн дарга Эль-Барадей айлчилсан бол энэ удаад дэлхийн томоохон гүрний Засгийн газрын тэргүүн ирлээ шүү дээ. Би хувьдаа Монгол, Япон, ОХУ гэсэн хувилбараар ураны салбарт хамтрах эхлэл тавигдлаа гэж бодож байна. Учир нь, В.Путин Японд айлчлаад Монголд ирлээ шүү дээ. Нөгөөтэйгүүр, Ураны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Эрх зүйн орчин сайжраад ирэхээр баялгаа үнэлж, дэлхийн томоохон компаниудтай хамтарч ажиллах бололцоотой. Гэхдээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газар ард түмний мэдэлд байна гэсэн зарчмыг баримтлах ёстой.

-Ураны салбарт ОХУ-тай хамтарч ажиллах ямар боломжууд байгаа вэ?

-Монгол орон ураны асар их нөөцтэй. Дэлхийн нийт нөөцийн 1.42 хувийг эзэлж байгаа шүү дээ. Эрэл, хайгуул хийвэл дахиад илрэх бололцоо ч бий. Гэхдээ уран нэгдүгээрт монголчуудын, хоёрдугаарт хамтран ажиллах бусад орны сайн сайхны төлөө зориулагдах ёстой. Ураныг энхтайван, эрчим хүчний зориулалтаар ашиглах олон улсын конвенцийн хүрээнд Монголд давуу тал олон бий. Цөмийн зэвсэггүй статустай. Энэ ч үүднээс "шар бялуу" гэж нэрлэгдээд байгаа хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг бусад оронд экспортлох боломжтой. Мэдээж ОХУ-аар дамжуулж дэлхийн зах зээлд гаргана. Түүнчлэн дотоод цахилгаан эх үүсвэр бий болгох үүднээс ОХУ, Япон, Франц, АНУ зэрэг оронтой хамтрах хэрэгтэй. Эдгээр улсын ураныг цөмийн энергид ашиглах технологи дэндүү дэвшилттэй болсон шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.