“Улс төрийн тогтолцоог өөрчлөх ёстой” гэв
Ерөнхий сайд, Ардын намын ДаргаС.Батболд "Парламентынтогтолцоог шинэчлэх хэрэгтэй " хэмээн хоёр танхимтай парламентыг санал болгосон.Энэ нь парламентын тогтолцоог шинэчилж чадах эсэх талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү: Буруу гэж үзэхгүй байна
-Хоёр танхимтай парламенттай болгох нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал хоёр танхимтай парламенттай болгохыг буруу гэж үзэхгүй байгаа. Гэхдээ заавал хоёр танхимтай байх уу, өөр ямар хэлбэртэй байж болох вэ гэдгийг ярилцах ёстой. Хүмүүсийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн О.Чулуунбат: Төрийн институцид нэг нэгнээ боодгийг өөрчлөх хэрэгтэй
-Улс төрийн тогтолцоогоо өөрчлөх ёстой. Учир нь улс төрийн байдал тогтворгүй, намуудын 6 дотоод уур амьсгалаас болж ард иргэд бухимдаж байна. Ийм учраас эдийн засгийн талаар олигтой сайн шийдвэр ч гарахгүй байгаа юм. Гэхдээ хоёр танхимтай болох уу, эсвэл нэг танхимтай парламентаа улам боловсронгуй болгох уу гэдгийг ярих хэрэгтэй. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар эдийн засгийн шийдвэр гаргахад нэг нэгийгээ боодог. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Тоглоомын шинэ дүрэм гаргах нь хэр зохимжтой юм бол доо
-Сонгуулийн тухай хуулийг пропорциональ болгоё гэж байгаа үед хоёр танхимтай парламентын талаар ярьж буй нь хүмүүсийн санаа бодлыг өөрчлөх, төөрөгдүүлэх гэсэн арга байх. Ер нь огт өөр зүйл ярьж байхад тоглоомын шинэ дүрэм гаргах нь хэр зохимжтой юм бэ. Нэг танхимтай парламенттай байлаа гээд засгийн ажил болохоо байчхаад байгаа юм уу. Дээд танхимын үүргийг Ерөнхийлөгч гүйцэтгэдэг. Хоёр танхимтай болсноор энэ үүргийг дээд танхимд шилжүүлэх гэж байгаа хэрэг. Энэ яриа цаад утгаараа Ерөнхийлөгчийг үгүй болгох гээд байна. Хамгийн чухал нь нэг танхимтай парламентын юу нь болохгүй байгаа юм гэдгийг л ярих ёстой. Сонгуулийн тухай хууль хэлэлцэх үед парламентын танхимын талаар ярьж байгаа нь сонин. Үүний цаана улс төр л байгаа юм шиг байна. Ямартай ч сонгуулиа пропорциональ тогтолцоотой болгох хэрэгтэй.Түүний дараа нэг танхимтай парламентын юу нь болохгүй байгааг хэлэлцэх ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл: Төрийн аппаратад харшлах юм биш биз
-Хоёр танхимтай парламенттай болох нь төрийн аппаратад харшлах юм биш байгаа гэж бодож байна. Харин Үндсэн хуульд нутгийн удирдлагын талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй. Ойрхон зайтай олон сумыг цэгцлэх хэрэгтэй.