“Bank of China"-гийн салбарыг нээх хүсэлт ирээгүй гэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хятадын “Bank of China"-гийн салбар Монголд нээгдэх эсэх тухай асуудлыг байнгын хорооны гишүүд хөндөн ярилаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Арилжааны банкуудын хүүг буулгах боломж нь гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбарыг нээх явдал. Хятадын банкны салбар нээгдэх тухай мэдээлэл гарсан. Энэ бодитой юу" гэсэн асуулт асуув.
Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Төв банкинд өнөөдрийг хүртэлх хугацаанд Хятадын “Bank of China"-гийн салбарыг Монголд нээх хүсэлт албан ёсоор ирээгүй байна. Дээрх банк нь Хятадын төрийн өмчийн оролцоотой банк, Монгол Улсад салбараа нээх хүсэлт тавьбал эхний ээлжинд Засгийн газар асуудлыг хэлэлцэнэ, улмаар төв банк тэр дагуу судалгаа хийж, зөвшөөрөл олгох эсэхийг нягтална” гэв.
Мөн гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбар Монголд нээгдэх нь зээлийн хүүг бууруулах сайн талтай ч эргээд иргэдийн мөнгөн хадгаламжид эрсдэл үүсгэх сул тал бий аж.