“Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барив
2014.04.23

“Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барив

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.16/ Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Тамхины тахалтай тэмцэх асуудал зөвхөн эрүүл мэндийн асуудал төдийгүй улс, үндэстэн, дэлхий нийтийн хөгжлийн улс дамнасан тулгамдсан асуудал болж байгааг харгалзан дэлхий дахинд тамхины тахлын тархалт, түүнтэй холбоотой өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын санаачлагаар 1999 оноос эхлэн Тамхины хяналтын суурь конвенцийг боловсруулан 2003 онд ДЭМБ-ын 56 дугаар чуулганаар ДЭМБ-ын гишүүн 192 орон санал нэгтэй батлан 2005 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш 2014 оны эхний сарын байдлаар дэлхийн 177 орон элссэн байна.

Тамхины хяналтын суурь конвенци нь улс орнууд дангаар болон хамтран тамхины хэрэглээний түвшин, тамхины утаанд нэрвэгдэх явдлыг бууруулах, тамхины эрүүл мэнд, нийгэм, байгаль орчин, эдийн засагт учруулах сөрөг үр дагавараас одоо ба хойч үеийнхнийг хамгаалах зорилготой гарч байгаа нийгмийн эрүүл мэндийн анхны олон улсын хууль эрх зүйн баримт бичиг юм.

Энэхүү конвенцийг дэмжин Монгол Улсын Засгийн газар 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурж, 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурал соёрхон баталсныг Нэгдсэн Үндэстний Байгууллага 2004 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор бүртгэж авсан. 

Конвенц 2005 оны 01-р сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон. Манай улс конвенцийн  оролцогч тал  болон хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас Тамхины хяналтын суурь конвенцийн үзэл санаа, түүнийг даган батлагдсан удирдамж, протоколын ерөнхий зарчим, арга хэмжээг дотоодынхоо нөхцөл байдалтай уялдуулан нэмэлт, өөрчлөлт оруулан Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлж байна.

Улс үндэстнийг дамнан явагддаг, тамхины хэрэглээний тархалтыг нэмэгдүүлж, нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар бий болгодог асуудал бол тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдаа юм.

Тамхины хяналтын суурь конвенцийн 15 дугаар зүйлд “Оролцогч талууд тамхин бүтээгдэхүүнийг нууцаар хил нэвтрүүлэх, хууль бусаар үйлдвэрлэх, худалдаалах зэрэг хууль бус худалдааны бүх хэлбэрийг устгах нь тамхины хяналтын хамгийн чухал бүрэлдэхүүн” гэж тодорхойлсон.

Иймд Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг боловсруулах Засгийн газар хоорондын Зөвшилцөх нэгжийг Тайланд Улсын Бангкок хотноо болсон Олон Улсын Тамхины хяналтын суурь конвенцийн Оролцогч талуудын 2 дугаар Бага хурлаар 2007 онд байгуулсан бөгөөд тус нэгж нь протоколын төсөлд санал авах, зөвшилцөх уулзалтыг Засгийн газрын итгэмжит төлөөлөгчдийг оролцуулан 5 удаа зохион байгуулж, улс орнуудын өгсөн санал тус бүрийг Оролцогч талуудын уулзалтаар хэлэлцүүлэн зөвшилцүүлсний дүнд уг “Протокол”-ын төслийг 2012 оны 11 дүгээр сарын 12-17-нд БНСУ-ын Сөүл хотноо болсон Тамхины хяналтын суурь конвенцийн 5 дугаар Бага хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.

Тус төслийг дэлхийн 140 гаруй орны төлөөлөгчид ямар нэгэн нэмэлт, өөрчлөлтгүйгээр санал нэгтэйгээр баталсан.  Монгол орны хил залгаа БНХАУ, ОХУ болон Казахстан улс тамхи үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд ялангуяа дэлхийн тамхины үйлдвэрлэлийн 40 хувийг БНХАУ дангаараа үйлдвэрлэж байгаа нөхцөлд Монгол Улс энэхүү протоколыг дэмжин, хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх нь туйлын ач холбогдолтой бөгөөд манай улс уг протоколын төслийг боловсруулах, батлах бүхий л үе шатанд идэвхтэй оролцсон билээ.

Уг протокол нь тамхин бүтээгдэхүүний хууль бус нийлүүлэлтийн сүлжээг хянах, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд түүнд оролцогч улсууд ийм худалдааг багасгах, цаашдаа бүрэн устгах хяналтын системийг бүрдүүлэх үүрэг хүлээх юм. Тамхин бүтээгдэхүүний хууль бус үйлдвэрлэл, хил давуулах худалдаа зэрэг гэмт хэрэг нь тамхины хяналтад саад болж, эрүүл мэндийн тогтолцоо, хууль ёсны орлогод хохирол учруулж буй байдалтай тэмцэхэд уг протокол ач холбогдолтой юм.

Протоколыг дэмжин  Монгол Улсыг төлөөлөн 2013 оны 11-р сарын 01-ны өдөр НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч О.Оч гарын үсэг зурсан. Монгол Улс гарын үсэг зурсан 37 дахь улс болсон.

2014 оны 03-р сарын  01-ны байдлаар 54 улс гарын үсэг зурж, 1 улс /Никарагуа соёрхон батлаад байна. 40 улс соёрхон батласнаар /нэгдэн орсноор/ протокол хүчин төгөлдөр болох юм.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон болно.