Хаврын чуулганаар 25 хуулийн төсөл хэлэлцэх болов
УИХ-ын 2014 оны Хаврын ээлжит чуулган өнөөдөр хуралдаж, хэлэлцэх асуудлын дарааллаа баталлаа.
Чуулганы өнөөдрийн хуралдаан 43 гишүүн буюу 51,9 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей танилцуулав.
Байнгын хорооны танилцуулгын дараа гишүүд асуулт асууж, үг хэлэв. МАН-ын бүлгийн гишүүд хэлэлцэх асуудлын дарааллыг гаргахдаа нийгэм эдийн засагт нэн шаардлагатай зүйлсийг орхигдуулсан, гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд ялгавартай хандаж байна гэж шүүмжлэв. Тухайлбал С.Бямбацогт гишүүн “МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийг хэлэлцэхээс татгалзаж, хойшлуулж байна” гэв.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд ялгавартай хандаж, намаар ялгаварласан зүйл огт байхгүй. АН-аас гэхэд 38 хуулийн төсөл санал болгосноос 7-г өргөн барьсан байсан. Үүнээс гурвыг нь хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. Харин МАН-аас нийт 26 хуулийн төслийн санал өгснөөс мөн 7-г нь өргөн барьсан байсан. Үүнээс дөрвийг нь хэлэлцэх асуудалд оруулсан” гэв.
Ингээд санал хураалт явуулахад УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтыг 80 хувийн саналаар баталж, өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
- “Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан;
- “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
- “Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” МонголУлсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
- “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл;
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
- Мөрдөх албаны тухай хуулийн төсөл;
- Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
- Галт зэвсгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл;
- Шилэн дансны тухай хуулийн төсөл;
- “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай”Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Худалдааны тухай хуулийн төсөл;
- Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
- Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд;
- Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл;
- Бусад.