Т.Дуламдорж: Шүлхийн тархалтын үеэр хариуцлага алдсан хүмүүсийн асуудлыг авч хэлэлцэнэ
ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж
2014.04.04

Т.Дуламдорж: Шүлхийн тархалтын үеэр хариуцлага алдсан хүмүүсийн асуудлыг авч хэлэлцэнэ

Шүлхийн тархалтын үеэр хариуцлага алдсан хүмүүсийн асуудлыг холбогдох газрууд хэлэлцээд эхэлжээ. Энэ талаар  ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржтой ярилцлаа.

-Зүүн гурван аймаг шүлхийн голомттой бүсэд ордог учраас жил бүр улсын төсвөөс гурван тэрбум төгрөгийг төсөвлөдөг. Гэтэл яагаад шүлхий  гарчихав аа?

-Мал эмнэлэг үржлийн газар, МХЕГ-аас хийсэн шалгалтын үр дүнд 7000 мал ерөөсөө вакцинжуулалтад хамрагдаагүй байсан. Тухайн үед  шууд нядалсан гэх мэдээллийг бидэнд өгч байсан юм л даа. Гэтэл энэ шүлхийн вакцинд хамрагдаагүй байсан. Тиймээс вакцинжуулалтад хамрагдаагүй мал шүлхий гарах нөхцөлийг  шууд утгаараа дэмжсэн гэсэн үг.

-Тэгэхээр орон нутагт ажиллаж байгаа малын эмч нар ажлаа хийгээгүй гэж ойлгож болох уу?

-Мал эмнэлэг үржлийн газрын хариуцлагагүй үйл ажиллагаа орон нутаг яалт ч үгүй байна. Түүнчлэн орон нутгийн засаг захиргаа, цаашлаад аймгийн удирдлагууд ч хариуцлагагүй ажилласан байна. Ялангуяа иргэд малаа вакцинжуулалтад бүрэн хамруулахад маш хариуцлагагүй хандсан. Ер нь зүүн гурван аймагт эзэнгүй, хариулгагүй мал маш олон байна. Иргэд тодорхой хэмжээний тооны малаа өөрийнхөө гэрийн ойролцоо хариулж, малладаг. Гэсэн атлаа бусдыг нь эзэнгүй орхичихдог. Ийм л хариуцлагагүй үйл ажиллагаа их байна.  

-Эдгээр хүмүүстэй хариуцлага ярьж таарах байх?

-Албанхыхан хариуцлага алдсан талаар Улсын онцгой комиссоос Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлэг үржлийн газарт албаны шалгалт явуулж, тодорхой хариуцлага тооцуулахаар болсон. Угаасаа энэ асуудалд заавал хариуцлага ярих ёстой.  Бид ҮХААЯ-ны удирдлагуудад удаа дараа хэлж, сануулж байсан. ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу ямар ч ажил хийгээгүй гэдэг нь бол тодорхой болсон. Энэ асуудал Засгийн газрын хуралдаанаар албан ёсоор орж хариуцлага яригдахаар болсон.

-Улсын онцгой комиссын хурал дээр вакцинжуулалтын асуудал нэлээд хурц яригдаж байсан. Ер нь аль нэг байгууллагын ажилчдад хариуцлага тооцоод өнгөрөх үү эсвэл бодлого барьдаг яамтай хариуцлагын асуудал ярих уу?

-Ганц эмч нарт хариуцлага тооцоод өнгөрнө гэж бодохгүй байна. Ер нь хариуцлага алдсан бүх хүнтэй хариуцлага ярина.  Мал эмнэлгийн төв лаборатори шүлхийг А хэвшлийнх гэж оношилсон. Гэтэт ОХУ энэ оношийг баталгаажуулахдаа О хэвшлийнх гэж байх жишээтэй.  Энэ асуудалд ч мөн хариуцлага ярина. Цаашлаад вакцин хөлдсөн асуудал  ч гэсэн хариуцлага ярих болнов

-Вакцин авахад 10.6 тэрбум төгрөг гаргасан байсан. Тэгвэл санаатайгаар малдаа вакцин хийлгээгүй хойрго хандсан иргэдэд ч бас хариуцлага ярих ёстой юм биш үү?

-2000-2010 оны зуданд манай улс 27.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг юм билээ. Гэтэл 2014 оны эхний хагас жилийн шүлхий өвчинд урьдчилсан тооцгоор бараг 20 тэрбум төгрөг гарахаар байна. Малаа вакцинжуулалтад хамруулаагүй иргэдэд Захиргааны хариуцлагын тухай  хуулиар 60 хүртэлх мянган төгрөгөөр торгохоос өөр ямар ч зохицуулалт байхгүй.

-Малчдад гурван тэрбум гаруй төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон. Энэ мөнгийг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Хорио цээрийн дэглэм бүрэн цуцлагдаад тухайн аймаг орон нутгаас бүх материал нь ирэх юм. Үүний дараа Засгийн газрын хуралдаанаар оруулна. Ингээд  энэ сарын сүүл гэхэд олгоод эхэлчих болов уу гэж бодож байна.