УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тойрогтоо ажиллав
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.03.17

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тойрогтоо ажиллав

Монголын сайхан эх оронд маань урин хавар айлчлан ирж, УИХ-ын чуулган завсарлаад байгаа эдгээр өдрүүдэд тус аймгийн ард иргэдийн итгэлийг өвөрлөн төрийн түшээгээр сонгогдсон Хаянгаагийн Болорчулуун гишүүн нутгийн зүг хүлгийн жолоо залан тойргийнхоо иргэд, хөдөлмөрчидтэйгээ уулзлаа. 

Энэ сарын 09-ний өдрийн Дашнямтай билэгт сайн өдөр Хөлөнбуйр, Булган сумдаас эхлүүлэн цааш Баянтүмэн, Чойбалсан, Цагаан-овоо, Сэргэлэн, Гурванзагал сумд болон Хэрлэн сумын ЗДТГ-н ажлын алба, нийт 10 багийн Засаг дарга, нийгмийн ажилтанууд, сургууль, цэцэрлэгийн ерөнхий менежерүүд болон СӨХ-дын дарга нартай уулзалт хийхийн зэрэгцээ Хэрлэн сумын 8 дугаар баг буюу төмөр замын Баянтүмэн тасгийн ажилчид, иргэдтэй уулзсанаар энэ удаагийн тойрогт хийх ажил түр өндөрлөсөн юм.

Эрхэм гишүүн Х.Болорчулуун очсон сум бүртээ сумдын удирдлагуудтай уулзахад орон нутгийн аж байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ сум хөгжүүлэх сан болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зарцуулалтыг тайлагнаж ялангуяа Хөлөнбуйр суманд пено блокны үйл ажиллагаа, Баянтүмэн суманд савхи, савхин бүтээгдэхүүн оёдол эрхэлж буй нутгийн иргэдийн ажлын үр дүнг газар дээр нь очиж үзэн зээлээ хэрхэн зөв зүйтэй ашиглах, цаашдын хөгжлийн тухай, ажлын байраа хэрхэн нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцож зөвлөгөө, чиглэл өглөө.

Сумдын иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалтын эхэнд Х.Болорчулуун гишүүн өнгөрсөн 2013 оны хавар, намрын чуулганы үеэр хийсэн ажлаа дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд энэ хугацаанд бие даасан хууль 25 шинээр батлагдаж, 126 хуулинд нэмэлт өөрчлөлт орж, хүчингүй болсонд тооцох тухай 11 хууль, Улсын Их Хурлын 78 тогтоол батлалцах зэргээр Их Хурлын ажлын хэсэг, бие даагчдын зөвлөлд орж ажиллажээ.

Х.Болорчулуун гишүүн тойрогтоо ажиллав

Үүнээс улс эх орон, нийт ард иргэдийн үндсэн эрх ашгийг шууд утгаар тусгадаг байгалийн баялаг, ашигт малтмалтай холбоотой хуулиудын талаар өөрийн дуу хоолойг хүргэж ажилласнаас Дорнод аймгийн иргэдийн амьдрал, нийгмийн хөгжил ахиц нөлөө авчирах Газрын тосны тухай хуулийн ажлын хэсгийг ахлаж, тухайн газрын тосоо олборлуулж байгаа Дорнодчуудад илүү ашигтай байх хуулийн ямар ямар зүйл заалт оруулж чадснаа тайлбарласан юм.

Мөн Дорнод аймгийн ДЦС-ын 100 мегаваттын өргөтгөлийн Эрчим хүчний сайдаар ахлуулсан томоохон мэргэжлийн багийг Дорнод аймагтаа авчирч ажилласан, өөрийн санаачилгаар Чойбалсан хотын төв замын 10 орчим километрийн гэрэлтүүлгийн хөрөнгө оруулалтын төсөвт суулгасан, Дорнод аймагт давж заалдах шатны шүүхийг байгуулахад зүтгэл гаргаж ажилласан гээд хийж хэрэгжүүлж байгаа олон ажлаа танилцуулсан юм.

Мөн сумын ирээдүйн бүтээн байгуулалт, нэн ялангуяа Эрчим хүчний яамны багцаас хэрэгжүүлж байгаа шинэ хорооллын дэд бүтцийг байгуулах ажлыг Чойбалсан, Дашбалбар сумдад нийт 550-600 сая төгрөгийн ажил улсын төсөвт суулгасантай адилаар цаашид бүх сумдад жишиг хороололын дэд бүтцийг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг суулгаж болохыг иргэдэд дуулгаж, нутгийн иргэд хөдөлмөрчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Нутгийн иргэд сонгогчид маань гишүүний тойрогтоо хийж буй уулзалтанд өргөнөөр хүрэлцэн ирж, идэвхитэй оролцсон бөгөөд түүний хийсэн ажил, санаачилсан хууль, нутгийнхаа дэд бүтэц, бүтээн байгуулалтанд оруулж буй төсөв, хөрөнгө оруулалтын талаар сэтгэл ханамжтай байгаа нь иргэдийн санал сэтгэгдлээс тодхон харагдаж байсан.

Мөн иргэдийн зүгээс тавьж буй асуултуудаас үзвэл манай аймагт тулгамдаж буй нэн тэргүүнд шийдвэрлэх хэд хэдэн асуудлууд байсан нь малын хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилга байгууламжийн гүйцэтгэлд нийтээр хяналт тавьж, чанарт нь анхаарч байх, байгалийн баялагаа зөв зохистой ашиглах, намын жагсаалтаар УИХ-д суудаг тогтолцоог болиулах хэрэгтэй гэсэн саналууд сум бүрт давтагдаж байсан юм.

Эдгээр хөндөгдөж буй асуудлуудад гишүүний зүгээс хариулж, ялангуяа иргэдийн санал гомдлын мөрөөр малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажилдаа эрс эргэлт гаргаж ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатартай аймгийн төвд ирсэн даруйдаа уулзаж үүрэг чиглэл өгсөн байна.

УИХ-н гишүүн Х.Болорчулуун Булган суманд 2013 оны намар ой хээрийн түймэрт сумын малын бэлчээрийн 60 шахам хувь нь өртөж олон айл гамшигт өртсөн тул хаврын тарчиг цагт Булган сумын эдгээр малчин өрхүүдэд малын тэжээл 40тн хивэгээр сэтгэлийн тус дэм үзүүлсэн бол мөн тус сумын уугуул З оюутанд их дээд сургуулиа төгсөөд сумандаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлтэйгөөр сургалтын төлбөрийг хариуцахаа мэдэгдэж, өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах таеквондогийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Сэргэлэн сумын харьяат Н.Энхжаргалд санхүүгийн дэмжлэг үзүүлж, харин Чойбалсан суманд өөрийн зүгээс дэмжлэг үзүүлэн тарьж ургуулсан 1000 модны цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан байна.