Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлтийг өргөн барилаа
УИХ-ын даргад өргөн барив
2013.04.10

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлтийг өргөн барилаа

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулахдаа гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж буй субьект болох цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын албаны алба хаагчийн давхардсан эрх, үүргийг нэг мөр болгох, үйл ажиллгаандаа баримтлах зарчмыг зэвсэгт хүчин зэрэг хүчний байгууллагаас ялгаж салгаж, иргэндээ үйлчилдэг зарчмыг тусгах, ажиллах нөхцөл баталгааг дээшлүүлэх, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу шинээр байгуулагдах “мөрдөх алба”, “тахарын алба”-ны алба хаагчийн эрх зүйн байдлыг шинээр зохицуулахаар тусгасан гэдгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэллээ.

Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-ын 3.3.2.1-д "Иргэдэд адил тэгш, хүртээмжтэй үйлчилдэг, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлж, төрийн албыг мэргэшсэн, чадварлаг хүмүүсээр бүрдүүлэх бодлого баримтална", 3.3.2.6-д "Төрийн албан хаагчид тавигдах ёс зүй, мэдлэг, чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, цалин, хангамжийг нэмэгдүүлж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ." гэж заажээ.

Гэмт хэргийг мөрдөх, зөрчлийг шалгах, нийгмийн хэв журам сахиулах, аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж буй субъект болох шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гадаадын иргэн, харьяатын албаны алба хаагчийн эрх зүйн байдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай зэрэг тухайн салбарын хууль, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулж байгаа бөгөөд эдгээр алба хаагчдын эрх, үүрэг, ажиллах нөхцөл, баталгаа нь нэгдсэн байдлаар зохицуулагдаагүй, зохицуулалт нь хангалтгүй байна.

1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан Цагдаагийн байгууллагын тухай хуульд цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тусгаснаар уг албан хаагчийн эрх үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг анх бүрдүүлж өгчээ. Гэхдээ нийгмийн хөгжилтэй уялдан цагдаад итгэж, хүндэтгэлтэй хандаж ирсэн нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдсөн, цагдаагийн байгууллага орон байр, материал-техникийн хувьд төдийлөн бэхжээгүй, цагдаагийн алба мэргэшлийн болж хөгжиж чадахгүй байсан юм.

Монгол улсад хүчний байгууллага, цэрэгжсэн байгууллага гэх албан бус ойлголтууд хууль сахиулах байгууллагуудад хэрэглэгдэж, тэдний ажлын арга барил, зохион байгуулалт, удирдлагыг тодорхойлж буйгаас олон нийтийн дунд тэдний нэр хүнд, үйл ажиллагааны хүлээн зөвшөөрөгдөх байдал суларч байна. Нөгөөтэйгүүр цагдаа, хуулийн байгууллагын үйлдэл, шийдвэрийг эсэргүүцэх, улмаар амь нас, эрүүл мэндийг хохироох явдал өсч байгаа нь хүний мэргэжлийн чадвартай холбоотой ч хууль сахиулагчдын үйл ажиллагаа нэгдсэн стандартад ороогүй, хууль сахиулах байгууллага, түүний алба хаагчийн эрх зүйн байдал нэг мөр шийдэгдээгүй, тэдний аюулгүй байдал, эрх зүйн хамгаалал, баталгаа бүрдээгүйтэй мөн холбоотой.

Түүнчлэн Улсын Их Хурлаас 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу зохион байгуулалттай, нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэргийг мөрдөн шалгах "Мөрдөх алба", шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гэрч, хохирогч, шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэгтэй "Тахарын алба" зэрэг байгууллагууд шинээр байгуулагдах бөгөөд эдгээр албаны алба хаагчийн эрх зүйн байдлыг мөн нэгдсэн стандартаар зохицуулах, албан хаагчийн хариуцлага, ёс зүйн болон сахилгын дүрмийг олон улсын стандарт, зөвлөмжид нийцүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах зарчмын шинэлэг зохицуулалт бий болгох, албан хаагчийн үйл ажиллагаа байгууллагаас бус хуулиар зохицуулагддаг байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Иймд дээрхи хууль зүйн болон практик шаардлагыг үндэслэн Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулна.

Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагвар

Хуулийн төсөл батлагдсанаар хууль сахиулагч нарын эрх зүйн байдлыг тодорхойлсон нэг суурь хуультай болно. Ингэснээр тэдний баталгаа, эрх, үүрэг илүү тодорхой болж нэгдсэн байдлаар зохицуулагдана.

Дагалдан өөрчлөгдөх хууль, тогтоомж

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай
  • Гамшгаас хамгаалах тухай
  • Монгол Улсын Хилийн тухай