Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг Японы хөрөнгө оруулалтаар дээшлүүлнэ
2014.03.05

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг Японы хөрөнгө оруулалтаар дээшлүүлнэ

-Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга-

Монгол Улсын эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгах зорилго бүхий "Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх" төслийн зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурал 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталлаа.

Энэхүү хэлэлцээрээр Монгол Улсын Засгийн газар 4 тэрбум 201 сая иенийг жилийн 0.3 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатайгаар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас авч, зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэх төслийг 2017 оны 8 дугаар сард багтаан дуусгаж, хүлээлгэн өгөхөөр тохиролцов.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагад зээлийг нөөцлөн баталгаажуулсных нь төлөө Монгол Улсын Засгийн газар ямар нэг төлбөр төлөхгүй бөгөөд зээлийн хөрөнгөөр худалдан авах бараа, бүтээгдэхүүнүүд зөвхөн Япон улсынх бус бусад улсын бараа, бүтээгдэхүүн байж болохоор заасан байна.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас авах зээлээр Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 70 хувийг эрчим хүчээр хангадаг Дулааны 4 дүгээр цахилгаан станцын техник, эд ангийг станцын үйл ажиллагааг зогсоохгүйгээр шинэчлэх юм.

Энэ шинэчлэлийг хийснээр Дулааны 4 дүгээр цахилгаан станцын хэрэглэгчид болох иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээ сайжран цахилгаан, дулааны доголдол буурч, үйл ажиллагааны найдвартай байдал хангагдана.

Мөн станцад техникийн шинэчлэл хийснээр байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгаж агаарын бохирдлыг бууруулснаар Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчин сайжрах ач холбогдолтой юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны
Ажлын алба