2008.09.09

Д.Ганхуяг: Зохион байгуулалтын байнгын хороотой болох шаардлага бий

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг парламентын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаарх саналаа  Д.Дэмбэрэлийг УИХ-ын даргаар сонгогдсоных нь дараа хүргүүлжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-УИХ-ын даргад хүргүүлсэн Таны саналын талаар тодруулах гэсэн юм.

-Төрийн бодлогыг УИХ-аар батлагдсан хууль, тогтоол бусад шийдвэрээр тодорхойлдог. Тийм учраас бодлого тодорхойлох болон Парламентын  бусад үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй,ил тод, бодлого боловсруулах үйл явц байнгын байх ёстой. Ингэж байж УИХ-аас гарч буй бодлого, шийдвэр, хууль, тогтоомжийн чанар дээшилнэ гэж үзэж байгаагаа УИХ-ын шинэ даргад илэрхийлсэн юм.

-Чухам ямар тодорхой санал гаргасан юм бэ?

-УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжид өөрлөлт оруулах замаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг  Зохион байгуулалтын байнгын хороо болгон өөрчлөх санал тавьсан.  Зохион байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүний дийлэнх нь парламент дахь улс төрийн албан тушаалтнууд байдаг юм билээ. УИХ-д Төрийн байгуулалтын байнгын хороо байдаг ч  энэ нь Парламентын зүгээс гүйцэтгэх засаглалыг байгуулах болон  үйл ажиллагаанд нь хяналт тавих зэрэг асуудлыг хариуцдаг. Тэгээд ч энгийн гишүүдээс бүрддэг нь учир дутагдалтай юм байна.

-Тэгвэл шинээр байгуулж болох Зохион байгуулалтын байнгын хороо ямар асуудлуудыг хариуцна гэсэн үг вэ?

-Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт хэлэлцэх, бусад Байнгын хороогоор хэлэлцсэн хууль, тогтоол, бусад шийдвэрийн төслийг чуулганд оруулах, чуулганаар хэлэлцсэн хуулийн төслийг Байнгын хороодод шилжүүлэх дарааллыг тогтоох, Байнгын хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох санал гаргах үүрэг хүлээлгэж болно.
Төрийн бодлогын оновчтой шийдвэр гаргуулахын тулд Парламентын мэтгэлцээнийг идэвхжүүлэх, Засгийн газарт тавих хяналтыг сайжруулах,  УИХ-ын гишүүдийн асуулгад Засгийн газраас өгөх хариулт сонсох, тайланг хэлэлцэх, хуралдааныг зохион байгуулах, УИХ-ын тухай хуульд тайлбар хийх, хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулах, чухал хууль, тогтоол шийдвэрийн төслийн үзэл баримтлалыг сонсч, хэлэлцэх, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах үндсэн үүргийг Зохион байгуулалтын байнгын хороонд харъяалуулж болох юм.
Чуулганы үеэр УИХ-ын гишүүд гадаад, дотоодод томилолтоор их явдгийг гишүүд, иргэд ч шүүмжилдэг. Тийм учраас томилолт болон ирц бүрдүүлэх асуудал, УИХ-д иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол,  өргөх бичгийн талаар хариулт, тайлан сонсдог байх шаардлага ч бий.

-Зарим үед  чуулган, Байнгын хороо, дэд хорооны хуралдаан гацаанд орж төрийн ажил цалгарддаг явдал бий. Шинэ Байнгын хороо байгуулснаар том, жижиг гэлтгүй гацаа саад арилна гэж Та үзэж байна уу?

-Нэгдсэн чуулган, Байнгын болон Дэд хорооны хуралдаан гацах нь манайд бараг жирийн үзэгдэл болсон. Ийм үед парламентын үйл ажиллагааны тасралтгүй, тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээсэн Байнгын хороо парламентын засаглалтай олон оронд байдаг юм билээ. Харин манай УИХ-д ийм бүтэц байдаггүй юм.
УИХ-ын үйл ажиллагааг нээлттэй, чанартай, боловсронгуй болгох үүрэгтэй Зохион байгуулалтын байнгын хороотой болох шаардлага бодит  байдлаас урган гарсан хэрэг. Тийм учраас УИХ-ын тухай хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах ажлын хэсгийг даруйхан байгуулахыг УИХ-ын даргаас хүссэн. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.