Монголын цахилгаан холбоо ХК-ын Ерөнхий захирал Ж.Бат-Эрдэнэ
2014.02.20

МЦХ ХК 4G технологийг нэвтрүүлэх судалгаа хийсэн

“Тоон тойм” нэвтрүүлэг энэ удаагийн дугаарт Монголын цахилгаан холбоо ХК-ын гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ оролцлоо.

- Монголын цахилгаан холбоо ХК 1995 онд хувьчлагдсан. Үүнээс хойш хөрөнгө оруулалт, шинэчлэлт хийгдсэн үү гээд харвал учир дутагдалтай байна. 4G технологийг нэвтрүүлэх гэж байгаа. Энэ компанийн 40 хувийг эзэмшиж байгаа Солонгосын тал шаардлагатай хөрөнгө оруулалтыг эхлүүлэх гэж байгаа юм байна. Монголын талаас засгийн газар, улс төрийн хэмжээнд шийдвэр гаргах чухал алхам үлдээд байна. Нэвтрүүлэх ажил ямар шатанд явж байна вэ?

Монгол улсад шинэ технологи нэвтрүүлэх нь Монголчуудын хүсэл зорилго, Монгол хүн бүрт, засгийн газарт ч хэрэгтэй. Ер нь бол 4G технологийг нэвтрүүлэхдээ засгийн газарт танилцуулаад, Ерөнхий сайдын хэмжээнд яригдаад мэдээлэл харилцаа холбооны салбарыг зохион байгуулдаг удирддаг олон газруудтай, олон сарын турш ярьж Монгол улсад хэрэгцээтэй гэдэг дүгнэлт хийж энэ чиглэлд судалгаа хийн дэмжигдсэн. Мөн Монголын цахилгаан холбоо компани бол   1995 оны  хувьчлалаас хойш хувьчлалын загвар, бизнесээ үргэлжлүүлэх загвар нь өнөөдрийнхөөс тэс өөр байсан. 2006 онд энэ зарчим эвдэгдсэн.

Өөрөөр хэлбэл 2006 онд Монголын засгийн газраас шинэ бодлого гаргаад үндсэн хөрөнгийг тусад нь 100 хувийн төрийн өмчтэй компани байгуулаад үйлчилгээний чиглэлийг  МЦХ ХК-д үлдээсэн. Тэгэхээр процессын явцад мэдээж гэрээ хэлэлцээр хийгдсэн. Тиймээс өнөөдрийн өнцгөөс харах юм бол монголын харилцаа холбооны зах зээлд өрсөлдөх чадвар сайнгүй. Ашиг орлогын түвшин амаргүй байгаа учир Монголын цахилгаан холбоо компани цоо шинэ бизнесийн технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа.

Монгол улсад 4G технологийн бөөний урсгалын сүлжээ байгуулах загварыг монголд хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судалж өнгөрсөн 12 сард дууссан.

Тиймээс өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг гараад дэмжигдээд Монгол улсад 4G технологийн бөөний урсгалын сүлжээ байгуулах загварыг монголд хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судалж өнгөрсөн 12 сард дууссан. Судалгааны ажлаар Монголын цахилгаан холбоо компани шинэ технологийг нэвтрүүлэхэд эдийн засгийн үр ашигтай, Монголчуудад хэрэгтэй, Монголын зах зээлд чухал хэрэгцээтэй гэж гарсан.

- 4G технологийг нэвтрүүлэхэд нэг тэрбум доллар хэрэгтэй юу?

Бүх сум суурин газарт хүргэхэд нэг тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байгаа.

- “Korea телеком” компани эхний ээлжийн хэдий хэмжээний  хөрөнгө гаргах боломжтой вэ?

Судалгаагаар бүх сумыг хамруулсан 360 орчим цэгт 4G технологийн дэд бүтцийг хүргэхэд 406 сая орчим долларын шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Нөгөө талаас мэдээж энэ үйлчилгээг явуулахад засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байгаа. Энэ чиглэлд үйлчилгээ нэвтрүүлэхэд зөвшөөрөл, давтамжийн асуудалд дэмжлэг хэрэгтэй. нөгөө талдаа амаргүй бизнес.

Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэхдээ үүнээс бүх хүн хожих ёстой юм. Үйл ажиллагаа явуулж байгаа компани, төр засаг, хөрөнгө оруулагчид хожих ёстой. Тиймээс энэ чиглэлийн бизнесийн эрхлэхдээ 4G технологийн хэрэглээг өсгөхөд засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаа.