Д.Ганбат: Давж хөрөнгө татахад амаргүй
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2014.02.13

Д.Ганбат: Давж хөрөнгө татахад амаргүй

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус, мөн намрын чуулганаар хөрөнгө оруулалтыг татах чиглэлд хэд, хэдэн хуулийг баталсан. Үр дүн нь хэзээ мэдрэгддэг бол. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар хөрөнгө оруулагч нар үргэсэн. Хөрөнгө оруулалтыг татах чиглэлд Н.Алтанхуягийн танхим ажиллаж чадаагүй гэх шүүмжлэл одоо ч дагалдаж л байна?

-Монгол Улс хоёр том гүрэнтэй хөршийн хувьд гадаад бодлогыг сайн явуулах ёстой. Зарим орнууд Монгол Улсыг дэргэдээ маш том зах зээлтэй орон гэж хардаг. Гэхдээ зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол хэцүү, дэд бүтэц хөгжөөгүй байна. Ийм үед ОХУ, Хятад улсыг давуулж хөрөнгө оруулалт татна гэдэг амаргүй шүү дээ. Өрсөлдөхүйц байх ёстой. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд “Одоо бид хөрөнгө оруулалт татахгүй ханачихсан” гэдэггүй. АНУ-аас эхлээд бүхий л улс хөрөнгө оруулалт татахын төлөө хүчин чармайлт тавьсаар ирсэн, одоо ч тавьж байна. Тэгэхээр тэрхүү өрсөлдөөн дунд Монгол Улс хамгийн зөв бодлого хэрэгжүүлэх ёстой.

Дээр нь Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 оны сүүл үеэс гадагшилсны цаад шалтгаан нь популизм хийдэг улстөрчидтэй холбоотой юм шүү дээ. Тэдний хариуцлагагүй мэдэгдлээс болж 10, 20 жилийн хөдөлмөр зогсч, дахиад эхнээс нь явахаас аргагүй болсон.

Ямарч байсан УИХ-ын ээлжит болон намрын чуулганаас Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Үнэт цаасны тухай хуулиудыг баталсан. Хөрөнгө оруулагч бүрт Монгол Улс татварын тогтвортой орчин мөрдүүлэхээ дээрх хуулиудаар баталгаажуулсан. Гол нь хөрөнгө оруулагч хуулийн дагуу л үйл ажиллагаа эрхэлж байх ёстой, тэднийг тэр орны хөрөнгө оруулалт, тэрний хөрөнгө оруулалт гэж ялгаварлахгүй тэгш хандана. 

Нөгөө талдаа Монголын хөрөнгийн бирж Лондонгийн биржтэй хамтран ажиллах гэрээтэй, хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд гаргана гэж харж байгаа, би хувьдаа. Тийм болохоор хөрөнгө оруулалт бага, багаар сэргэнэ.  Өнөөдөр хууль батлагдангуут маргааш нь хөрөнгө оруулалт пирхийгээд ороод ирэхгүй л дээ.

-Хөрөнгө оруулалтыг татах чиглэлд Засгийн газар хэр ажиллаж байгаа вэ. Ер нь Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг дүгнэ гэвэл та ямар дүн тавих уу?

-Хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн орчноо сайжруулах чиглэлд Засгийн газар маш чухал хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан. Цөөнхийн зүгээс зарим төсөлд “чагт” тавьж гацаасныг эс тооцвол үндсэндээ цаг алдалгүй батлах ёстой хуулиудаа батлуулсан гэж бодож байна. Дээр дурдсан хуулиудаас гадна Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар баталсан нь маш зөв алхам болсон. Цаг алдсан тал бий. Хэрвээ намрын чуулган завсарлахаас өмнө батлаагүй бол ам.долларын төгрөгтэй харилцах ханш 2000-д хүрсэн ч байж мэдэх юм.

Алтанд ногдуулах рояльтын татварыг 2.5 хувь болгон бууруулсанаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлосон алт дотооддоо үлдэх боломжийг хэд дахин нэмэгдүүлж өгч байгаа. Төв банкныхны зүгээс “Алт тушаалт нэмэгдсэн” гэх мэдээллийг дуулгах болсон байна лээ. Үр дүн нь гарч байгаа хэрэг.

Хууль батлагдахаас өмнө яагаад алт төв банкинд тушаагддаггүй байсан бэ гэхээр татвар 10 хувь байсантай холбоотой. Арга ч үгүй юм, Хятад улсад алтны рояльтын татвар 2 хувь, ОХУ-д 4 хувь байх жишээтэй. Татварын ийм том зөрүү байсан учраас хууль бусаар алтыг хил давуулах нь эрсдэлтэй ч ашигтай тусдаг байсан хэрэг л дээ. Харин одоо бол Монголын алт дотооддоо үлдэх таатай боломж бүрдсэн, төв банкинд иргэн, аж ахуйн нэгж алтаа тушаасан нөхцөлд 2.5 хувийн татвар л төлнө.

Засгийн газрын үйл ажиллагааны тухайд зах зээлд шилжсэн 20 гаруй жилийн дотор байгуулагдан ажилласан Засгийн газруудтай харьцуулахад “Сайн нь” гэж үнэлнэ. Гэхдээ өнөөдрийн байгаа орчин, цаг үетэйгээ зохицож ажиллах талд хүсэн хүлээсэн хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа дутагдал бас бий.

-Сар шинийн өмнө “Н.Алтанхуягийн танхимыг унагах нь. Сайд Х.Баттулга Үйлдвэржилтийн Засгийн газар байгуулах нь” гэж нэлээн шуугисан. Тиймэрхүү хөдөлгөөн хийгдэхээр Ардчилсан нам дотор яриа хөөрөө өрнөсөн хэрэг үү?

-Хэвлэлийнхний хардлага л гэж хэлнэ. Албан ёсоор тийм яриа болсон гэж би бодохгүй байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үед танай бүлгийн гишүүдийн байр суурь зөрөөд түүнээс болж дээрх асуудал хөндөгдөв үү гэх таамаглал байсан?

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын сайд нарыг парламентаас гадна томилдог байх ёстой гэх Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ үүнээс болж дотроо хоёр талцсан асуудал байхгүй, зөвхөн Ардчилсан намын бүлэг гэлтгүй бусад намын бүлэгтэй ч мөн ойлголтоо нэгтгэх шаардлага байна гэдгийг Д.Эрдэнэбат дарга чуулганы хуралдаанд хэлээд завсарлага авсан. Завсарлагын хугацаа хараахан дуусаагүй байтал намрын чуулган завсарласан. Болсон процесс нь энэ.

Ер нь Монгол Ардчилсан орон юм бол ардчилсан орны зарчимаа бариад явах ёстой. Засаглал хуваах гурван зарчим бий. Шүүх эрх мэдэл нь тусдаа, гүйцэтгэх эрх мэдэл нь тусдаа, хууль тогтоох эрх мэдэл нь мөн тусдаа байх ёстой. Гэтэл хууль тогтоох эрх мэдэлд гүйцэтгэх засаглал нь холилдоод ороод ирэхээр хэнд хяналт тавих вэ, өөрөө өөрийгөө хянах уу гээд асуудал үүсч байна. Тийм болохоор ардчилсан орны зарчимаа бариад явах ёстой. Түүнээс тэр сайд болно, болохгүй гэх асуудал бол гурав, дөрөвт тавигдах асуудал шүү дээ.

Нөгөө талдаа мундаг чадалтай хүн байлаа ч хууль тогтоох, гүйцэтгэх засаглал гэсэн хоёр том ажлыг давхар хийхэд амаргүй, зарчим алдагдуулж байна. Хамаатан садан, танил талаа төрийн албанд татдаг, хариуцлага тооцож чадахгүй байна гэдэг шүүмжлэл ч дагалдаж байгаа. Ардчилал хөгжсөн оронд Засгийн газартай хариуцлага ярьж л байдаг, доторх сайд нь солигдож л байдаг. Олон нийт сонирхдоггүй, гол нь ажил сайжирч байх ёстой. Тийм учраас засаглал хуваах зарчмыг ардчилсан орных нь зарчимд оруулах ёстой.

-Хуулийн хэрэгжих хугацааны тухайд та ямар бодолтой байгаа вэ. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн он сараар уу, эсвэл Р.Гончигдорж гишүүний гаргасан саналаар уу?


-Ухаалаг төр лүү, ардчилсан төр лүү явж байна, тэгэхээр 2016 оны долдугаар сарын 1-н гэж хойшлуулахын хэрэг юу байгаа юм. Нэг өдрийн өмнө ч болов хууль хэрэгжиж байхаар батлагдвал энэ улс оронд хэрэгтэй.

-УИХ дахь МАН-ын бүлэгтэй байр суурь нэг байна, тийм үү? 

-МАН-ын бүлгийн гишүүдтэй байр суурь нэгтэй гээд байх юм байхгүй, Ерөнхийлөгчтэй санал нэг. Ажил хийх чадвартай боловсон хүчин Монголд ч, Ардчилсан намд ч бий гэж бодож байна. Чаддаг хүмүүсийг сайдаар томилоод ажиллуулж байх ёстой. Тэгэхгүй бол төр данхайж орон тоо ихэсч, муу үр дагавар дагуулж байна.

-“Давхар дээл”-ийг тайлах төслийг хэлэлцэх шатанд “Бодлогын яамдын сайдууд УИХ-аас томилогдож байх нь зөв юм” гэх зарчмын зөрүүтэй санал гарч дэмжлэг хүлээсэн?

-Бодлогын яамдын сайдуудыг УИХ-аас дэвшүүлж томилоход болохгүй юм байхгүй. Гэхдээ Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлснээр зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-аас, бусад сайдууд парламентаас гадна томилогддог байхаар, хугацааг нь наашлуулаад баталчихвал Монгол Улсад хэрэгтэй.

-УИХ-ын намрын чуулганаар хөндөгдсөн шүүмжлэлийн нэг нь УИХ-ын дарга намын бүлгүүдэд ялгавартай ханддаг. Ардчилсан намын бүлгийн гишүүд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслүүд УИХ-аар ногоон гэрлээр хэлэлцэгдэж батлагддагийн том жишээ бол энэ юм гэж УИХ дахь цөөнхийн бүлэг, мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд мэдэгдсэн. Үнэхээр ийм хандлага гаргаад байна уу, эсвэл цаад талдаа өөр шалтгаан байна уу?

-Улс оронд хэрэгтэй хуулийн төсөлд ялгаварлал гаргаад байгаа юм байхгүй болов уу. Өргөн мэдүүлсэн төсөл нь цаад талдаа тооцоо судалгаа ямар байдаг юм, УИХ дахь цөөнхийн бүлэг болоод “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн өргөн мэдүүлсэн төслүүдээс урьтаж хэлэлцэх ёстой хуулийн төслүүд мэдүүлсэн нөхцөлд ач холбогдлыг нь харж таараа. Ер нь бол УИХ –ын даргын дэргэдэх зөвлөлд цөөнхөөс ч тэр эвслийн бүлгээс ч тэр дарга нар нь багтдаг шүү дээ. Хуулийн төслүүдээ хэлэлцүүлэх асуудлыг ярьж л таараа. Ер нь бол нэг зүйлийг зөвөөр ойлгох ёстой. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам олонхи болсон, ард түмэн мөрийн хөтөлбөрүүдийг дэмжиж саналаа өгсөн. Тэгэхээр УИХ-ын даргын хувьд намынхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө тэрэнд нийцсэн хуулийн төслүүдийг хамгийн тэргүүнд оруулж батлуулахын төлөө явж байж болно. Түүнээс ялгаварлаж зааглах нь юу бол...

-УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Харин тус ажлын хэсгийнхний хэвлэлд өгч буй ярилцлагаар бол Парламентыг хоёр танхимтай эс бөгөөс гишүүдийн тоог 99-д хүргэж мэдэх нь. Ийм төсөл УИХ-д орж ирсэн нөхцөлд та дэмжих үү?

-Парламентыг хоёр танхимтай болгохыг дэмжихгүй. Харин ойлгомжтой засаглалтай болохын тулд Ерөнхийлөгч нь парламентаасаа сонгогддог тогтолцоо руу шилжих ёстой. Парламентын засаглалтай орны хувьд.

Нөгөө талдаа хүн амын тоо 1992 онтой харьцуулахад 30 орчим хувиар өссөн байна. Тухайн үед Үндсэн хуулийг баталж байхад 2 сая гаруй иргэнтэй байсан, ирэх оноос хүн ам 3 саяд хүрнэ. Ингээд бодохоор хүн амынхаа тоонд дүйцэхүйц парламентын төлөөлөлтэй болох шаардлага үүсч байгааг үгүйсгэх аргагүй. Одоогийн парламентын гишүүний 76 гэдэг тоо билиг дэмбэрэлтэй биш, яагаад наян хэд ч юм уу, 99 байж болдоггүй юм.

-Хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийн тоог 99 болгох тохиолдолд төр нь данхайчих юм биш үү. Ер нь УИХ-ын намрын чуулганыг харж байхад цагтаа хуралдсан байнгын хороо, цагтаа эхэлсэн чуулганы хуралдаан байгаагүй. Нэг бол гишүүдийн дийлэнх хэсэг нь гадаадад томилолттой, нэг бол дотооддоо байх атлаа цагтаа хуралдаа ирэхгүй наазгайрсан. Гишүүд хариуцлагагүй байхаар ар талд нь улс оронд хэрэгтэй хуулиуд хойшилж Засгийн газрын ч ажлыг хийлгэхгүй дөнгөлсөн. Хаврын чуулган бас ийм байдлаар явбал яана аа. УИХ-ын гишүүд хариуцлагатай байж болдоггүй юм уу?


-УИХ-ын гишүүн хариуцлагатай байх тухай асуудал өөрсдөөс нь шалтгаална. Хэн нь хариуцлагатай, хэн нь хариуцлагагүй ажиллаж байгааг ард иргэд харж суугаа. Ард түмний дүн тавьдаг цаг эхэлчихсэн шүү дээ.

-Хурууны хээгээр ирц бүртгэхээр болж хуулийн төслийг УИХ-аар хэлэлцсэн ч төсөл санаачлагчид нь буцаагаад татчихсан?

-Хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг, саналаа өгөх систем байж болно. Энэ тохиолдолд бусдын өмнөөс кноп дардаг, саналын хулгай гэх зүйл үгүй болно. Тийм учраас дэмжиж байгаа, гол нь хуулийн төслүүдийг илүү боловсронгуй болгох шаардлага байна гээд төсөл санаачлагчид татсан. Бусдын өмнөөс санал өгвөл хариуцлага тооцдог байх механизм суулгаж өгөх ёстой. Тэр талаас нь харж төслүүдийг татсан.

-НӨАТ-ын тухай хуулийн төсөл дээр та ажиллаж байгаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн НӨАТ-ын босгыг 50 сая төгрөгөөр тогтоох тухай хуулийн төсөл, МАН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн НӨАТ-ын босгыг 200 сая төгрөгөөр тогтоох тухай хуулийн төслүүд аль нь хамгийн боломжийн хэрэгжүүлэх боломжтой төсөл байна вэ. МАН-ынхан “НӨАТ-ын босгыг 200 сая төгрөгөөр тогтоох цаг болсон” гэж үздэг?

-НӨАТ-ын тухай хууль дээр судалгаа хийж байна. НӨАТ нь бүртгэлийн татвар юм. Татвар энгийн ойлгомжтой байх ёстой, мөн иргэн бүр татвар төлөгч байх ёстой. Ийм байхад Засгийн газраас НӨАТ-ын босгыг 50 сая төгрөгөөр тогтоох төсөл өргөн барьсан нь учир дутагдалтай санагдсан. Яагаад гэвэл НӨАТ-ын падааны хэрэг гээд маш том хэрэг үүнээс болж дэгдчихээд байна. Ийм байхад авлигыг өөгшүүлсэн, хүнд суртлыг өөгшүүлсэн төсөл мэдүүлсэн. МАН-ын гишүүдийн НӨАТ-ын босгыг 200 саяар тогтоох асуудал бол эдийн засгийг бүр сүйрүүлнэ.

-Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан НӨАТ-ын 10 хувийг гурван хувь болгох тухай төсөл оновчтой юм биш үү?

-НӨАТ-ыг гурван хувь болгоё гэдэг нь ч юу юм бэ. Зургаан хувь руу оруулж болох юм. Гэхдээ эдгээр төслүүдээс хамгийн оновчтой нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол түүнийгээ тайлагнаад буцаан авах тухай Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт багтсан төсөл хамгийн оновчтой.  Жишээ нь, 5 сая хүртэлх төгрөгийн ашиг олдог бол 500 мянгыг НӨАТ-т төллөө гэхэд 90 хувийг нь эргүүлээд буцааж авна гэсэн үг.

-Долларын ханш зогсолтгүй өсөөр 1775 төгрөгтэй тэнцлээ. Гэтэл төсөвт ам.долларыг 1380 төгрөгтэй дүйж байхаар тусгачихсан. Зөрүү их гарч байна. Ирэх гуравдугаар сард 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр долларын ханшийг хөдөлгөхөөс аргагүй болно биз?

-Засгийн газар 2014 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ яаж тусгах нь вэ нэг хана гаргаж таарна. Дээр нь УИХ-ын төвшинд ярьж таарна. Монголбанкны бодлогын зөвлөл өчигдөр/уржигдар/ хуралдаад бодлогын хүүгээ 10.5 хувиар хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна билээ. Банкууд зээлийн хүүгээ тогтвортой барина гэсэн үг. Тийм болохоор энэ үед Засгийн газар зөв сайн ажиллаж УИХ-аас сайн хууль батлах хэрэгтэй байгаа. Дээр нь төмөр замынхаа асуудлыг маш яаралтай шийдэх шаардлагатай.

-Төмөр замын цариг дээр та ямар байр суурьтай байгаа вэ, нарийн нь манайд хэрэгтэй юм уу, өргөн нь үү. Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл татах төмөр замын царигийн асуудлыг Засгийн газраас УИХ-д оруулна гэж Ч.Сайханбилэг сайд мэдэгдсэн?


-Мэргэжлийн хүмүүсийн үгийг сайн сонсох ёстой. Хоёр хөршийнхөө зам тээвэр худалдаа хариуцсан хүмүүстэйгээ ярилцах ёстой. Тэгж байж шийдлээ гаргах нь зөв.